​Бүтэн жилийнхээ хэрэгцээний буудай хурааж авлаа

2018 онд улсын хэмжээнд 343 100 га талбайд буудай тариалсан. Үүнээс 450 300 тонн ургац хураан авах урьдчилсан баланс гарсан юм. Цаг агаар хүндэрч, газар тариалангийн бүс нутгаар цас эрт унасан нь тариаланчдын ажилд нэлээд саад учруулсан билээ.

Аравдугаар сарын 10 гэхэд дуусчихсан байдаг ургац хураалт дээрх шалтгааны улмаас удаашран, хойшилсоор, өнгөрсөн долоо хоногт шувтарсныг ХХААХҮЯ-наас мэдээлэв.

Хэдийгээр дүнг эцэслэн гаргаагүй ч “Бүтэн жилийнхээ буудай, төмсний хэрэгцээг бүрэн хангахуйц ургац хураан авсан” гэв. Тодруулбал, буудай 400 орчим, төмс 160, хүнсний ногоо 93 мянган тонныг хурааж авсан урьдчилсан тооцоо гарчээ.

Энэ нь дотоодын буудай, төмсний хэрэгцээг 100, хүнсний ногооны 60 гаруй хувийг хангах дүн юм. “Аймгуудаас ургац хураалтын дүн мэдээг авч, нэгтгэж байна. Урьдчилсан дүнгээс дээшлэх магадлалтай. Энэ сарын 8-нд эцсийн дүнг мэдээлнэ” гэж салбарын яамнаас мэдэгдлээ.

Ташрамд дурдахад, өнгөрсөн онд газар тариалангийн бүс нутгаар хэт халсны улмаас манай улс төлөвлөсөн ургацынхаа 51 хувийг алдаж, 230 654 тонн буудай хураан авч байсан юм.

Сэтгэгдэл бичих