Даамын өсвөр, залуучуудын ДАШТ-д манай тамирчид АЛТ, МӨНГӨН медаль хүртлээ

Беларусь улсын Гомель хотноо зохиогдсон зуун буудалт даамын өсвөр, залуучуудын ДАШТ-д манай улсаас охид, хөвгүүдийн дөрвөн насны ангилалд 24 тамирчин өрсөлдөж, нэг алт, нэг мөнгөн медальтайгаар тэмцээнээ өндөрлүүлжээ.

Тодруулбал, блиц төрөлд Б.Есүй ДАШТ-д түрүүлж алтан медаль хүртсэн бол охидын өсвөрийн ахлах нас буюу кадетын ангилалд өрсөлдсөн спортын мастер Б.Мишээл зургаа хожиж, хоёр тэнцэн, нэг хожигдож, нийт 14 оноо авсан амжилтаар мөнгөн медаль хүртсэн байна.

Б.Мишээл ОХУ-ын тамирчин Ольга Балуковатай адилхан оноотой гарсан ч нэмэлт үзүүлэлт буюу коэффициентийн зөрүүгээр ард нь бичигдэв. Б.Мишээл өмнө нь 2016 онд Туркийн Измирт зохиогдсон өсвөрийн ДАШТ-ий блиц төрлөөс хүрэл медаль хүртэж байсан юм.

Тэмцээний охидын 8-10 насны ангилалд гараанаас эхлэн тэргүүлсэн Б.Есүй есдүгээр тавилдаа Беларусийн тамирчинд харамсалтайгаар хожигдон, коэффициент тоолоход IV байр эзэллээ. Мөн охидын 11-13 насанд Б.Лхагвадолгор сүүлийн учраа Хятадын тамирчинтай тэнцэж, V байранд шалгарсан байна. Хэрвээ хожсон бол хүрэл медаль хүртэх байлаа. Хөвгүүдээс хамгийн өндөр амжилтыг 14-16 насанд М.Лувсандорж үзүүлж, V байр эзэлсэн байна.

Ийнхүү медалийн тоогоор зургаад бичигдэж байна. Тус тэмцээнийг ОХУ-ын тамирчид таван алт, найман мөнгө, хоёр хүрэл медаль, нийт 15 медальтайгаар тэргүүлжээ.

Баярын МИШЭЭЛ Дэлхийн аваргын мөнгөн медалиа хүртлээ

Сэтгэгдэл бичих