Азийн пара наадамд амжилттай оролцсон баг тамирчдад хүндэтгэл үзүүлэв

Индонез улсын Жакарта хотноо 10 дугаар сарын 6-10-нд зохион байгуулсан паралимпийн III наадамд Монгол Улсаас нийт 40 тамирчин, 14 дасгалжуулагч оролцсон юм.


Энэхүү наадамд амжилттай оролцож Монгол Улсын Төрийн далбааг мандуулсан баг тамирчин, дасгалжуулагчдыг өнөөдөр /2018.11.02/ Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн ерөнхий газраас хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.


Манай тамирчид спортын есөн төрөлд / жүдо бөх, байт харваа, пауэрлифтинг, бадминтон, суугаа волейбол зэрэг спортын төрөлд/ оролцсон бөгөөд нэг алт, нэг мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн юм.


Тухайлбал, "Жакарта-2018" Азийн пара наадмаас Монгол Улсын баг тамирчдын медалийн салхийг хагалж, жүдоч ОУХМ А.Мөнхбат 66 кг-д хүрэл медалийг хүртсэн. Түүний хувьд 2010, 2014, 2018 оны Азийн наадмаас дараалан мөнгө, хүрэл медаль хүртэж байна. Мөн Ази тивийн мөнгөн медальт тамирчин юм.  Харин жүдо бөхийн 90 кг-д Д.Эрдэнэбаяр нь хүрэл медаль хүртсэн бөгөөд түүний хувьд олон улсын чанартай анхны медаль нь юм. Эмэгтэй жүдо бөхийн ОУХМ Н.Алтанцэцэг нь +78 кг-д барилдаж хүрэл медалийн эзэн болов. Тэрбээр өмнө нь 2014 оны Инчеоны Азийн наадмаас хос алтан медаль, 2015 оны Будапештын ДАШТ-ий шагналт 5 дугаар байрт шалгарсан туршлагатай тамирчин билээ.


Хөнгөн атлетикийн бөөрөнцөг, зээрэнцэг шидэлтийн хоёр төрөлд оролцсон ОУХМ Э.Өнөрмаа бөөрөнцөг шидэлтийн төрөлд мөнгөн медаль хүртсэн. Тэрбээр 2018 оны Бээжин Гран при-д уг 2 төрөлдөө алтан медаль хүртэж байсан юм.


Тус наадмаас манай тамирчид нэг алтан медальтай хүрэлцэн ирсэн нь МУГТ Э.Содномпилжээ байсан. Тэрбээр пауэрлифтингийн төрөлд Рио 2016 паралимпийн наадмын хүрэл медаль, АНЭУ-ын Дубай хотноо 2015 онд болсон пара пауэрлифтингийн Дэлхийн цомын тэмцээнээс мөнгөн медалийн тус тус хүртсэн. Мөн 2017 онд Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн Монгол улсын бахархалт тамирчин юм.


Энэ удаагийн Жакартагийн Азийн пара наадамд спортын 18 төрөлд 3656 тамирчин 556 багц медалийн төлөө өрсөлдсөн юм.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

зочин - 202.9.43.1682018-11-03 18:13:11

Алтан медальтай тамирчинд байр өгсөн үү.хагжлийн бэрхшээлтэй тамирчдаа харж үзэхдээ хойрго байна уу