Ерөнхийлөгчийн зарлигаар Стандарт, хэмжил зүйн газрыг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагналаа

Монгол Улсад Стандарт, хэмжил зүйн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 95 жилийн ой тохиож байна. Энэхүү түүхэн ойг тохиолдуулан өнөөдөр тус салбарынхан Төрийн ордны Их танхимд ойн баярын хурлаа хийв.

Энэхүү хуралд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд оролцож, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигийн дагуу Стандарт, хэмжил зүйн газрыг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнаж буйг зарлалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигт:

“…Стандарт, хэмжил зүйн салбар үүсэж хөгжсөний түүхт 95 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсад олон улсын жишигт нийцсэн стандарт, хэмжил зүйн салбарыг үүсгэн байгуулж, бүх төрлийн бараа бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, стандартчилал, тохирлын үнэлгээний үр дүнг хүлээн зөвшөөрөх, хэрэглэх, ашиглах механизмыг оновчтой болгох, үндэсний стандартын олон улсын түвшинг дээшлүүлэхэд оруулсан тус байгууллагын үе үеийн ажилтан албан хаагчдын хичээл зүтгэлийг үнэлж, Стандарт хэмжил зүйн газрыг Монгол Улсын Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнасугай” гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын дээрх зарлигийг уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Алтан гадас одонг Стандарт, хэмжил зүйн газрын туганд хүндэтгэлтэйгээр зүүж өгөв.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг уншиж, Стандарт, хэмжил зүйн газрын хамт олонд Төрийн дээд шагнал хүртсэнд нь баяр хүргэлээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭНД: 

“Монгол Улсад Стандарт, хэмжил зүйн байгууллага үүсэж хөгжсөний 95 жилийн ойн баярын хуралд оролцогчдод

Эрхэм хүндэт стандарт, хэмжил зүйн байгууллагын ажилтнууд, үе үеийн төлөөлөгчид, хүндэт зочид оо,

Монгол Улсад Стандарт, хэмжил зүйн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 95 жилийн ойгоо амжилт ололтоор дүүрэн угтаж буй Та бүхэнд баярын мэнд дэвшүүлье.

Тэртээ 1923 онд Ардын Засгийн газраас “Аливаа хэмжүүрийн дүрэм”-ийг баталж, Сангийн яамны харьяалалд “Жин хэмжүүрийн тасаг” байгуулсан нь түүхэн цаг үеийн өөрчлөлт, шинэчлэлийг даван хөгжиж, эдүгээ Монгол Улсын стандартчилал, хэмжил зүйн бодлого, зорилгыг тодорхойлж хэрэгжүүлдэг, 20 аймагт салбар хэлтэс бүхий Засгийн газрын томоохон байгууллага болон өргөжин тэлжээ.

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд стандарт, хэмжлийн нэгдмэл байдал нэн чухал үүрэг гүйцэтгэдгийг стандартчилал, хэмжил зүйн байгууллагын үе үеийн ажилтнууд Та бүхэн ямагт манлайлан, энэхүү эрхэм, хариуцлагатай ажил үүргийг нэр төртэйгөөр биелүүлэхийн төлөө ихээхэн хүчин зүтгэл гарган ирснийг тэмдэглэхэд таатай байна.

Аливаа түүхэн ой нь тэмдэглэлт баяр байхаас гадна өнгөрсөн түүхэн цаг хугацаан дахь болон өнөөгийн алдаа оноогоо дүгнэж цэгнэх, ирээдүйн хөгжлийн чиг хандлага, баримтлах бодлого, зорилго, зорилтоо тодорхойлох гурван цагийг холбосон зангилаа, чухал цэг байх учиртай.

Эдийн засгийн хувьд бие даасан, хараат бус, эрчимтэй хөгжих таатай орчныг бүрдүүлж, бүс нутаг, олон улсын түвшинд харилцан ашигтай, үр өгөөжтэй хамтын ажиллагааг өргөжүүлэн, Монгол Улсад үйлдвэрлэсэн мэдлэг, үнэ цэн шингэсэн бүтээгдэхүүнийг экспортлох зах зээлийг тасралтгүй тэлэхэд онцгой анхаарч ажиллахаа Монгол Улсын төрийн тэргүүнээр сонгогдсоныхоо дараа миний бие ард түмэндээ хандан хэлсэн үгэндээ илэрхийлсэн.

Стандартчилал, хэмжил зүйн байгууллагын үйл ажиллагаа нь улс орны эрх ашиг, ард түмний итгэл үнэмшил, нийгмийн сайн сайхны талд үйлчилдэг. Иргэдийн оролцоог бодлого, зорилтдоо тусгаж байж л хууль, шийдвэрүүд иргэдийн хүсэл сонирхол, шаардлагад нийцнэ. Бид иргэдээ сонсдог, иргэдтэйгээ хамтран ихийг бүтээдэг байх ёстой.

Үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүний экспортыг эрс нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, дэвшилтэт технологи нэвтрүүлэх замаар үндэсний үйлдвэрлэлээ дэмжих нь Монгол Улсын төрийн бодлогын тэргүүлэх чиглэл билээ. Бараа бүтээгдэхүүнээ дэлхийд гаргах эрмэлзэлтэй баялаг бүтээгчдийг дэмжиж, экспортыг урамшуулах зорилго бүхий санаачилга, үйл ажиллагааг тууштай дэмжих нь төрийн үүрэг. Монгол Улс богино хугацаанд эдийн засгийн бодит өсөлтийг бий болгосон, дэлхийд нэртэй, дотоодын үйлдвэрлэл хөгжсөн, иргэдийн маань бүтээмж нэмэгдсэн улс орныг иргэдийнхээ оролцоотой цогцлоож чадна. Энэхүү их үйлсэд стандартчилал, хэмжил зүйн байгууллагын үйл ажиллагаа онцгой үүрэг гүйцэтгэхээс гадна, нэн хариуцлагатай гэдгийг дахин тэмдэглэн хэлье.

Цаашид хөгжингүй Монгол Улсыг цогцлоон хөгжүүлэх зорилгынхоо төлөө тууштай ажиллаж, төрийн байгууллагын нэр хүндийг өндөрт өргөж явахыг хүсэн ерөөе.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай” гэжээ.


Сэтгэгдэл бичих