Виз гаргаж өгнө гэх луйварт 805 иргэн 300 сая төгрөгөөр хохирчээ

Залилах гэмт хэрэг энэ оны эхний есөн сарын байдлаар 3924 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1995 гэмт хэргээр буюу хоёр дахин өссөн үзүүлэлт. Сүүлийн үед виз гаргаж өгнө, виз мэдүүлэх, хөнгөлттэй зээл авахад зуучилна гэх мэтээр олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын арга ашиглан иргэдийг залилах гэмт хэрэг өсөх хандлагатай байна.

Тухайлбал, Пирамид тогтолцооны аргаар мөнгө босгож, залилсан гэмт хэрэгт 14,000 орчим иргэн 26 тэрбум төгрөгөөр, визтэй холбоотой гэмт хэрэгт 805 иргэн 300 орчим сая төгрөгөөр өртөж хохирсон байна. Залилах гэмт хэргийн суурь шалтгаан нь иргэдийн эрх зүйн мэдлэг дутмаг, амар хялбар аргаар мөнгө олох, аливаа ажлыг хялбараар бүтээх гэсэн хэрэгцээ шаардлагыг гэмт этгээдүүд ашиглаж байна.

Иймд, богино хугацаанд өндөр ашиг олох бизнест хамтран ажиллах санал тавьсан байгууллага, хувь хүний эрх бүхий байгууллагаас өгсөн тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулах хүчинтэй зөвшөөрөл, байгаа эсэхийг лавлах, мэргэжлийн байгууллага, мэргэжилтнээс зөвлөгөө авах, төрийн үйлчилгээг хууль дүрэмд заасны дагуу авах, холбогдох хууль эрх зүйн актыг судалж шийдвэр гаргаж байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Сэтгэгдэл бичих