Ц.Сэдванчиг: Над шиг муухан тоглогч арайхийж нормоо дуусгана

Гольфийн хорхойтнуудын нэг бол “Оюутолгой” компанийн захирал Ц.Сэдванчиг юм. Түүний дуртай спортын талаар ярилцсанаа хүргэе.

-Манай улсад гольфийн спорт хөгжөөд төдийлөн удаагүй байна. Танай “Заан тэрэлж” клубын хэдэн хүн энэ спортыг монголд хөгжүүлж байна гэдэг. Клубын талаар манай уншигчдад танилцуулаач?

-“Заан тэрэлж” 40 гаруй гишүүнтэй хаалттай клуб.  Ерөнхийлөгчөөр нь “Хас” банкны ТУЗ-ийн дарга, “Инээмсэглэл” хамтлагийн Ч.Ганболд  ажиллаж байгаа. Гишүүдээр нь Монголын ахмад гольфчдыг тэргүүлж байсан Ч.Буд, “Алтай констракшн”-ы захирал Н.Бат-Эрдэнэ, эдийн засагч Б.Жаргалсайхан гэх мэт 40  гаруй хүн бий. Бид хэдээс гадна Тэргүүн шадар сайд Д.Тэрбишдагва, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Уул уурхайн яам Д.Ганхуяг нар цохиуртайг мэдэх юм байна.

Сүүлийн жилүүдэд энэ спортыг залуус маань их сонирхох болсонд талархаж байгаа. Учир нь гольф бол мэдрэмжийн спорт. Мөн бусад спортыг бодвол өөрөө өөртэйгөө өрсөлддөг гэдэг утгаараа хүн олон талын чадварыг суулгадаг гэж би хувьдаа үздэг. Өөрөөр хэлбэл, бусад спорт хажуу талд зогсож буй тамирчинтай өрсөлддөг шүү дээ. Гэтэл гольф өөрөө өөрийгөө ялах, мэдрэхийг хослуулдаг спорт л доо.

-Их хатуу дүрэмтэй спорт гэгддэг юм билээ?

-Зайны мэдрэмжийн спорт гэдэг утгаараа анхаарал шаарддаг. Гольфийн 14 цохиур байдаг. Холын зайд  driver гэдэг цохиураар цохино гэх мэтчилэнгээр цохих цохиур нь хүртэл ялгаатай. Цохилтоо маркераар тэмдэглэхгүй бол  мөн л торгуулна. Нэг тоглохдоо 72 удаа цохидог. 72-оос доош цохихоор хасах, 72-оос дээш цохивол нэмэх оноо авна. Бөмбөгөө гараараа барих, удаан хугацаанд бөмбөгөө хайх, талбайгаас гадна цохих, товлосон цагаасаа хоцрох гэх мэт асуудал тус бүрт торгуульдаг гээд гольф хатуу дүрэмтэй спорт шүү. Нэг тоглохдоо 18 нүх тоглоно гэж ярьдаг. Сайн тоглодог хүн бол нийт 70-80 удаа цохилт хийж бүх нүхэнд бөмбөгөө хийж амжина. Над шиг муухан тоглогч бол 100-аас ч олон цохиж, дөрвөн цаг шахуу явж байж арай хийж “нормоо” дуусгана. Нэг тоглоход дунджаар найман км алхана. Бүтэн сайн, хагас сайнд 3-4 тоглоход бараг 30 км алхчихна.

-УИХ-ын гишүүнээс компани удирдаад явахаар дуртай спортдоо хэр цаг зав гаргаж чадаж байна вэ?

-Харьцангуй ажил ихтэй болохоор тэр болгон тоглох зав гарахгүй байгаа. Гольфийн жинхэнэ хорхойтой зарим нэг нөхөд маань цасан дээр бөмбөгөө цохиод явж байгаа сураг гарч араас нь хэдэн зураг дараад ирлээ. Цасанд орсон бөмбөгийн олно гэдэг бол өөрөө бас бие даасан нэг спортын төрөл. Цасанд шигдсэн бөмбөгийг цохиж 100 гаруй метрийн зайд байгаа ногоон талбайд алдалгүй буулгана гэдэг хэцүү.

-Гольфийн их олон хувилбар байдаг гэсэн. Таны хувьд аль нь илүү сонирхолтой вэ?

-Тийм шүү. Тоглоход заавал тусгай хэрэгсэл хэрэглэдэггүй нь ч бий . 100-400 метрт нэг нэг гадаснууд зоогоод түүндээ хамгийн ойр очтол бөмбөгөө цохисон нь хожихоор ч тоглож болно. Анх үүсэхдээ нэг тиймэрхүү зүйл л байсан гэсэн. Би хөдөө явж байхдаа гадас зоогоод нутгийн залуустай тоглоход тэдэнд их таалагдсан. Тэгээд миний цохиурыг маань гуйсаар аваад үлдэж билээ. Хуучин цохиурыг 30$ аар авч болно. Сумын сургуульд 5-10 цохиур байхад ямар олдохгүй гэх биш, зайдуухан очоод тоглож байхад Монголд үнэхээр таарсан, хямдхан, хөгжилтэй, олны дуртай спорт тоглоом болж болох мэт ч санагддаг юм.

-Гольфийг хүмүүс байгаль орчинд халтай, өртөг өндөртэй баячуудын тоглоом гэсэн үзэл бий. Гэтэл та сая хямд тоглоом гэлээ?

- Байгаль сүйтгэдэг гэдэг бол үнэхээр худлаа, төөрөгдүүлсэн мэдээлэл юм даа. Гольфийн талбайгаа жилийн турш 365 хоног ажиллуулдаг газарт л харин бордоо ихээр хэрэглэж байгаль орчноо бохирдуулах нь их байдаг. Монголд бол зуны гурван сардаа, ердийн зүлгэн дээрээ тоглоход юундаа ч хордох билээ. Хэт халуун ургамал ургахад бэрх Арабын улсуудад химийн бодис ашиглаж, талбайгаа борддог. Учир нь тэд жилийн дөрвөн улирлын турш талбайгаа ашигладаг юм. Манай улс цаг уурын байдлаас шалтгаалан гурван сар л тоглох боломжтой. Эдийн засагч хүний хувьд би Туул голын эргээр гольфийн талбай байгуулвал 24 цаг тоглох боломжтой гэж харж байна. Ингэснээр спорт хөгжинө, байгаль хамгаалагдана, ажлын байр бий болно гээд олон давуу тал үүснэ. Хүмүүсийн дунд гольфийг хямд спорт гэсэн ойлголт байдаг. Энэ бол ташаа зүйл.

-Улаанбаатарт гольфийн талбай байгуулна гэсэн хүмүүс багагүй эсэргүүцэлтэй удаа дараа тулгарсан шүү дээ?

-Нийслэлд олон улсын стандартын хоёр талбай ашиглалтад оруулбал эдийн засгийн өгөөж нь их.  Аялал жуулчлалын бизнес хөгжих бололцоотой болно, гадныхан тоглох гэж олноороо ирнэ. Тэд үндэсний агаарын тээврийн компани, зочид буудал, үйлчилгээний бусад салбарт чамлахааргүй орлого оруулна шүү дээ. Тиймээс  төрийн бодлогоор дэмжсэн ч болохгүй гэх газаргүй. Америкт гэхэд 10-20 доллар төлөөд өдөржин тоглодог газрууд байдаг. Монголд ийм жишиг байж болохгүй гэж газаргүй.

С.Энхзаяа

Сэтгэгдэл бичих