Японы гүнж энгийн иргэнтэй гэрлэснийхээ төлөө 107 сая иений тэтгэмж авахаар болжээ

Японы эзэн хаан Акихитогийн талийгаач үеэлийн бага охин Аяако гүнж энэ сарын сүүлээр Кэй Мория хэмээх энгийн залуутай гэрлэхээр болсон юм.

Гүнжийг шинэ амьдралаа эхлүүлэхэд нь зориулж 106,750,000 иений ($953,000) нэг удаагийн тэтгэмж олгохоор болсныг Японы засгийн газар өнөөдөр зарлажээ.

Японы язгууртнууд энгийн иргэнтэй гэр бүл болох бол хэргэмээсээ татгалздаг ёстой. Тиймээс язгууртны гэр бүлийн гишүүн энгийн хүний амьдралд шилжсэн ч нэр төрөө хадгалж үлдэх ёстой гэсэн шалтгаанаар шинэ амьдралаа эхлүүлэхэд нь дэмжлэг болгож нэг удаагийн мөнгөн тэтгэлэг олгодог хуультай юм.

Мөнгөний хэмжээг тогтоохдоо Эзэн Хааны Ордны Санхүүгийн Зөвлөл хаалттай хаалганы цаана санал хураалтаар шийддэг.

Уг зөвлөлд найман гишүүн багтдагийн нэг нь ерөнхий сайд Шинзо Абэ бол парламентын хоёр танхимын дарга нар бас ордог байна.

Тэтгэмжийн хэмжээг тогтоохдоо тухайн хүний эзэн хааны гэр бүл дэх статусыг харгалздаг. Мөн энэ мөнгөнөөс татвар авдаггүй байна.

2014 онд Аяако гүнжийн том эгч Норико мөн энгийн иргэнтэй гэр бүл болж, ижил хэмжээний тэтгэмж авч байжээ.

Харин эзэн хаан Акихитогийн өөрийнх нь охин Саяако 2005 онд Токио хотын захиргааны албан хаагч Ёшики Куродатай гэрлэхэд 150 сая иен олгож байсан юм.

Одоо 28 настай Аяако гүнж аравдугаар сарын 29-нд Ниппон Юсен К.К хөлөг онгоцны компанийн ажилтан, 32 настай Кэй Мориятай гэрлэх ажээ.

 

Эх сурвалж: Kyodo News

 ikon.mn

Сэтгэгдэл бичих