Өнөөдөр Олон улсын охидын өдөр

Өнөөдөр Олон улсын охидын өдөр тохиож байна. Анх 2012 онд энэхүү өдрийг тэмдэглэж байхаар НҮБ-аас тунхаглажээ. Энэ өдөр дэлхий нийтэд охидын эрхийн талаар сануулж, хүчирхийлэл болон насанд хүрээгүй охидын гэрлэлт, хүчээр нөхөрт гаргахыг эсэргүүцдэг байна.

НҮБ-ын Хүүхдийн сангаас гаргасан статистик мэдээллээр дэлхийн 20-24 насны бүсгүйчүүдийн гуравны нэг нь хүчээр айлын эхнэр болж тэднийг 15 нас хүрээгүй байхад нь эрд гаргасан байдаг аж. Мөн 20-49 насны эмэгтэйчүүдийн 41 хувь буюу 400 сая нь 18 нас хүрээгүй байхдаа айлын эхнэр болжээ. Ийм тохиолдол ихэвчлэн Өмнөд Азид /46 хувь/, Африкийн Сахарын цөлөөс урагш орших орнууд /37 хувь/, Латин Америк болон Карибын тэнгисийн сав газрын орнуудад /29 хувь/ бүртгэгдсэн байна.

Харин Европын Холбоо болон Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудад ийм тохиолдол 11 хувьтай байдаг аж. Насанд хүрээгүй эмэгтэйтэй гэрлэхийг НҮБ-ын гишүүн 193 орны 103 нь хоригложээ. Гэвч жил бүр 10 сая охид, бүсгүйчүүд насанд хүрээгүй байхдаа хүчээр гэр бүлийн амьдралаа эхлэхэд хүрдэг гэсэн судалгаа байдаг.

Хөгжиж буй орнуудын хүүхдүүдийн 90 хувийг 15-19 насныхан төрүүлдэг бөгөөд төрөхийн хүндрэл нь энэ насны охидын хувьд үхлийн гол шалтгаан болдог байна.

Сэтгэгдэл бичих