УИХ: ЦЭЦИЙН ДҮГНЭЛТИЙГ ХҮЛЭЭЖ АВСАНГҮЙ

УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн 10 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ. Тус дүгнэлтэд УИХ-ын 42-р тойрогт нөхөн сонгууль зохион байгуулах УИХ-ын тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн юм. Цэцийн дүгнэлттэй холбоотойгоор гишүүд асуулт, тодруулга авсан юм. Тухайлбал,

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

-УИХ-аас гарсан шийдвэр Цэц дээр унадаг, дээд шүүх шууд хүчингүй болгодог, хэрэгжилтийг нь зогсоодог явдал сүүлийн жилүүдэд хэрээс хэтэрсэн. УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн Цэцийн шийдвэр өөрөө захиалгатай харагдаж байна. Ард түмний сонгох, сонгогдох эрхийг үгүйсгэж байгаа шийдвэрийг УИХ ч хүлээж авахгүй байх хэрэгтэй. Цэц олон захиалгат шийдвэр гаргах боллоо.  Энэ шийдвэр Монголын улс төрийн систем дампуурсны илрэл шүү. Тиймээс Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авч болохгүй.

УИХ-ын гишүүн Л.Болд:

-Монголын түүхэнд хар өдөр болж бичигдэнэ. УИХ сонгуулиа хийж чадахгүй, сонгогчдын эрх ашиг зөрчигдөж, Үндсэн хуулиа манах ёстой Цэцийн гараар хийлгэж байгаа нь дэндүү харамсалтай байна. Цэц шударга ажиллаж, шинэ цаг үеийн авчирна гэж саяхан гишүүдийг нь томилсон. Үндсэн хуультай хамааралгүй асуудлаар иргэдийн эрх ашгийг доош нь хийсэн шийдвэрийг Цэц гаргасан байна. Энэ шийдвэр маш их уршигтай. УИХ-ын барьцаалж, цаг хугацаа хожиж 42-р тойрогт нөхөн сонгууль зохион байгуулахгүй байх нөхцөлийг бий болгоно гэх нөхцөл байдал руу оруулж байна.

Ийнхүү гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалт явууллаа. Ингээд  Төрийн болон Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг үндэслэн Үндсэн хуулийн Цэцийн 10 дугаар дүгнэлтийг хүлээж авах боломжгүй гэсэн үндэслэлээр санал хурааж, чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн  олонх нь Цэцийн дүгнэлтийг хүлээж авах боломжгүй гэж олонх нь үзлээ.

Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж аваагүй учраас Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаар хэлэлцэх боломжтой юм.

Чуулганы хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.


Сэтгэгдэл бичих