Хабиб , Конорын хэргийг 11-р сард хэлэлцэнэ

Өнгөрсөн Ням гарагт Лас Вегаст болсон холимог тулааны UFC 229 тэмцээний дуулиан намдаагүй л байна. Торон дотор эхэлсэн тулаан торны гадна үргэлжилж, Оросын тулаанч Хабиб Нурмагомедов үзэгчид дунд сууж байсан Конорын дасгалжуулагч руу дайрсан бол тэдний багийнхан Конорт халдсан билээ. Тэмцээний дараа Конорт халдсан этгээдүүдийг баривчилсан ч ирланд эр гомдол гаргаагүй тул суллан явуулсан. Ялалт байгуулсан Хабиб Дагестандаа үндэсний баатрын ёсоор очсон ч АНУ-ын шүүх түүний хэргийг шалгаж эхлээд байгаа билээ. Хохирогч гэгдэж байсан Конорыг ч Невада мужийн Спортын комиссоос шалгана гэж мэдэгдсэн. Учир нь олон нийтэд цацагдаагүй видео бичлэгийг үзэхэд МакГрегор бас зүгээр сууж байгаагүй нь тогтоогджээ. Гэхдээ тулааны албан ёсны шагнал болох 3 сая долларыг нь түүнд олгосон. Харин Хабибийн шагналын мөнгийг (2 сая доллар) шилжүүлээгүй байгаа.  

Невада мужийн Спортын комиссын тэргүүн Энтони Марнелл "Бид хэргийг 11 дүгээр сард эцэслэн шийднэ. Тулалдах эрх хасах, эсвэл торгуулийн шийтгэл онооно. Шалгаж үзэх маш олон зүйл байна. Торон дээгүүр давж, Конорыг 3 удаа цохьсон этгээдэд хэд хэдэн зүйл ангиар хэрэг үүсгэнэ. Бид түүнийг хэн болох, хаана байгааг нь мэдэж байгаа. Прокурор түүнд хатуу шийтгэл онооно гэж найдаж байна. Манай комиссын дараагийн хурал энэ сарын 24-нд болно. Гэхдээ тэр болтол шийдэж амжихгүй" гэж сэтгүүлчдэд мэдээллээ.

Харин UFC-ийн ерөнхийлөгч  Дана Уайт "Хабибийн бүх мөнгийг хураана гэж байхгүй. Ер нь бол 250 мянган доллараар торгох байх. Мэдээж аварга цол, бүсийг нь  хураахгүй. Гэхдээ АНУ-д болох тэмцээнд оролцох эрхийг нь 4-6 сараар хасах магадлалтай. Нурмагомедовийн хэргийг Цагдаагийн газар биш Спортын комисс хянаж шийдвэрлэнэ" гэж тайлбар хийсэн байна. Мөн тэрбээр Конорт халдсан этгээдүүдийг хэзээ ч UFC-ийн дэвжээнд гаргахгүй гэж хэлсэн билээ. 

 

Сэтгэгдэл бичих