Газар хөдлөлт, цунамийн улмаас амиа алдагсдын тоо нэмэгдсээр байна

Индонезийн Сулавеси мужид болсон хүчтэй газар хөдлөлт болон цунамийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 1649 хүрсэн тухай тус улсын Байгалийн гамшгийн уршгийг арилгах газрын хэвлэлийн албаны төлөөлөгч Сутопо Пурво Нугрохо бямба гарагт мэдээлжээ.

“Амиа алдагсдын 1413 нь мужийн нийслэл Палу хотод бүртгэгдсэн бөгөөд тэдгээрийн олонхийг “Талисе” эргийн орчмоос олсон байна. Бусад хохирогчид нь Донггала, Сиги, Моутонг дүүргүүдээс тус тус олдсон ба амь үрэгдсэн бүх хүнийг оршуулсан” гэж С.Нугрохо сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа тэмдэглэсэн байна.

Өнгөрсөн есдүгээр сарын 28-нд Палу хотод удаа дараалан болсон гурван хүчтэй газар хөдлөлт болон цунамийн гамшгийн улмаас 2549 хүн гэмтэж бэртсэний зэрэгцээ 265 хүн сураггүй алга болоод байгаа юм. Мөн түр хоргодох байр руу нүүлгэн шилжүүлсэн хүний тоо 62300 даваад байгаа ажээ.

Сэтгэгдэл бичих