Төв талбайд Үндэсний номын баяр эхэллээ

Үндэсний номын баяр өнөөдөр Төв талбайд эхэллээ. Есдүгээр сарын 14, 15-ны өдөр үргэлжлэх номын үзэсгэлэн худалдааны үеэр номын дэлгүүрүүд болон зохиолчид номоо хямдралтай үнээр худалдаалахаас гадна зохиолчид уншигчидтайгаа уулзаж ярилцан, гарын үсэгтэй номыг нь худалдан авах боломж гардаг юм. 

Монголын зохиолчдын эвлэлээс өөрийн архивт хадгалагдаж байсан 1940-өөд оноос эхлэн 1990-ээд он хүртэлх хугацаанд хэвлэгдсэн хуучин номнуудыг 500, 1000, 2000, 6000 төгрөгөөр үнэлэн худалдаж байв. Тэнд ном сонирхогч оюутан залуус, ахмадууд хуучны ном олноор нь ялган, худалдан авч байлаа. 

Номын баярт зориулж “Интер ном” их дэлгүүр 20-50 хувь, “Аз хур”, “Мир” номын их дэлгүүр өөрийн хэвлэсэн номнууддаа баасан, бямба гарагт 20 хувийн хямдрал зарлаж, хямдралтай номнуудаа Сүхбаатарын талбайд худалдаж байна.

"Аз хур" их дэлгүүр өнөөдрөөс энэ сарын 18-ныг хүртэл Сэлэнгэ, Дархан-Уул аймаг болон Зүүнхараа, Баруунхараад хуваарийн дагуу номнуудаа 72 хувийн хямралтай үнээр худалдаалж, орон нутгийн оюунлаг уншигчдадаа бэлэг барьж буй юм. 



Сэтгэгдэл бичих