Үндэсний номын баярын өдрийг улсын хэмжээнд тэмдэглэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлигийг хэрэгжүүлж, ард иргэд хүүхэд залуусын ном эрдэмд дурлан нөхөрлүүлэх ном унших хөдөлгөөнийг дэмжих зорилгоор “Үндэсний номын баяр 2018”-ыг энэ сарын 14-15-нд улсын хэмжээнд “Ном бол таны гарт барих мөрөөдөл юм. Мөрөөдлийнхөө төлөө...” уриан дор 100 гаруй арга хэмжээг зохион байгуулна.

БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Монголын Зохиолчдын Эвлэл, “Номын соёлт ертөнц” ТББ хамтран зохион байгуулах номын баярт зохиолч, яруу найрагчид, аймаг, нийслэл, орон нутгийн номын сангууд, хэвлэн нийтлэгчид, хэвлэлийн газар, ном, эрдмийг сурталчилж түгээн дэлгэрүүлдэг байгууллага, уншигчид оролцох юм.

Энэ удаагийн номын баярыг онцлог нь Соёл урлагийн ууган байгууллага Монголын Зохиолчдын Эвлэлийн 90 жилийн ойг угтан Ардын уран зохиолчдод хүндэтгэл үзүүлж, тэдний уран бүтээлийг сурталчлахын зэрэгцээ Төрийн 3 удаагийн шагналт, Ардын уран зохиолч, нэрт эрдэмтэн Ц.Дамдинсүрэн /110 жил/, Төрийн шагналт, зохиолч, найруулагч, орчуулагч Э.Оюун /100 жил/, Төрийн хошой шагналт эрдэмтэн зохиолч Ш.Нацагдорж /100 жил/, хүүхдийн нэрт зохиолч, яруу найрагч Д.Содномдорж /90 жил/, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт Б.Нямаа /90 жил/ нарын тэгш ой нь тохиож буй зохиолчдын намтар, ном бүтээлийн үзэсгэлэнг номын сангуудтай хамтран жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

Сэтгэгдэл бичих