100 гаруй хүнийг орон гэр, хоол хүнсээр хангадаг ачтан Г.Загдаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр “Зөв амьдрах ухаан” төвд ажиллан, тэнд амьдарч байгаа иргэд болон 24 цагийн цэцэрлэгт хүмүүжиж байгаа хүүхэд багачуудтай уулзаж, орон гэргүй, орц, траншейнд амьдардаг, архи, мансууруулах бодисонд донтсон, хорих ангиас суллагдсан, өнчин, ядуу, орох оронгүй, хөдөлмөрийн бэрхшээлтэй иргэдэд сэтгэл зүйн болон ажил хөдөлмөр эрхлэх сургалт явуулж, нийгэмд эзлэх байр сууриа дахин олоход нь тусалдаг Г.Загдаа гуайд  талархал илэрхийлсэн юм. 

Төр засгийн хийх ёстой ажил, үүрэх ёстой хариуцлагыг өөрийн биедээ авч, энэ насны амьдралаа бусдын төлөө зориулж, хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа энэ цагийн эгэлгүй нэгэн баатар Г.Загдаа гуайнхыг сурвалжилснаа хүргэж байна.   

Г.Загдаа гуай 11 жилийн өмнөөс архинд орсон, эмзэг бүлгийн, хөгжлийн бэрхшээлтэй, бусдын асрамж хамгаалал зайлшгүй хэрэгтэй иргэдэд тусалж эхэлжээ. Өдгөө 1200 гаруй хүнийг амьдралын зөв замд нь оруулан, 200-аад өрхийг нь өөрийн гэсэн орон гэртэй болгосон ачтан юм. Тэднийх Баянзүрх дүүргийн тавдугаар хороонд амьдардаг бөгөөд хашаандаа гэр, цэцэрлэг, эмнэлэг байгуулан орох оронгүй, архинд орсон нийгмийн эмзэг бүлгийн иргэдийг хүлээж аван, амьдрах гэр орон, хоол, ундаар хангасаар иржээ. Биднийг очиход Г.Загдаа гуай “Ах нь дөнгөж сая Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын даргатай уулзаад ирлээ. Хүүхдийн хүчирхийллийн асуудал ноцтой зөрчигдөж байна. Хүүхэд хүчирхийлэлд өртсөний дараа бус өмнө нь арга хэмжээ авч, бодлого гаргадаг байх хэрэгтэй. Тиймээс энэ дарга нарыг бодит байдал ямар байгааг нүдээр хараад, түүндээ тохирсон арга хэмжээ авч ажиллах хэрэгтэй. Төр засгаас энэ чиглэлд маш их бодлого дутагдаж байна” хэмээн угтлаа.

Надад зургаан сартайгаас эхлээд 70 хүртэл насны 100 гаруй "хүүхэд" бий  

Одоогоор эдний хашаанд 15 орчим өрхийн 100 гаруй хүн амьдарч байгаа бөгөөд тэдний 60 орчим нь ой гурван сартайгаас 17 насны хүүхдүүд. Харин насанд хүрсэн хүмүүсийн хувьд хамгийн өндөр настай нь 70 гарч яваа гэнэ.

Хамгийн бага "охин"

Бидний эхний орсон айл бол энд ирээд жил орчим болж байгаа залуу гэр бүл. Аав, ээж хоёр нь таван хүүхдээ хаяад архины мөр хөөгөөд явжээ. Арав орчим насны хүү дөрвөн дүүгээ харж асран амьдардаг бөгөөд хамгийн бага дүү нь гурван сартай. Тэрээр “Аав, ээж хоёр Шархад явна гээд гарсан, эргэж ирээгүй. Дүүгээ хажуу айлын эгчийн хөхийг хөхүүлдэг. Дүү маань бараг шөнө бүр 5.00 цагт унтана. Би шөнө бараг л унтаж чадахгүй. Манай хоёр дүү цэцэрлэгт, би доод талын дүүтэйгээ сургуульд явдаг. Өглөө эрт босож дүү нараа цэцэрлэг, сургуульд нь явуулна” хэмээн ярьж байлаа. Энэ талаар Г.Загдаа гуай “Манайд архинд орсон хүмүүс олон байдаг болохоор үе, үе гараад алга болчихдог. Тэр хойгуур хүүхдүүдийг нь харж хандахаас эхлээд олон хүндрэл гарна. Манайд 60 гаруй удаа алга болоод буцаж ирсэн хүмүүс бий. Тэгж байгаад засардаг гэр бүл олон бий” хэмээн учирлаж байлаа.

Хамгийн том "хүү"

Харин дараа нь “Зөв амьдах ухаан” ТББ дээр ирээд найман жил болж буй ахмад настан Сүрэнхорлоо гуайтай уулзсан юм. Тэрээр “Архинаас болж траншейнд амьдарч байгаад 2013 онд энд ирсэн. Одоо бол архинаас гарчихсан. Бидэнд үргэлжилж эцгийн сэтгэлээр ханддаг Г.Загдаадаа маш их талархаж явдаг. Би төрсөн ганц хүүхэдтэй. Гэтэл энэ хүн төрсөн хүүхдээс минь илүү намайг асарч, тойлж орох оронтой, идэх хоолтой байлгаж байгаа юм" гэв. Эдгээр хүмүүсийн дийлэнх хувийг нь харьяа хороо, дүүргийн Цагдаагийн газраас авч ирж өгдөг бөгөөд эргээд ямар ч анхаарал, халамж тавьдаггүйг онцолж байсан юм.

Хамгийн их зовоодог "хүүхэд"

Эгнүүлэн барьсан арав гаруй гэрийн хамгийн хойд талын гэрт дөч орчим насны Х.Наянчулуун гэх ахимаг настай эрэгтэй эхнэр дөрвөн хүүхдийн хамт амьдардаг бөгөөд ирсэн цагаасаа хойш хэд хэдэн удаа хүүхдүүдээ орхин явж, Г.Загдаа гуайд зовлон нэмж байжээ. Одоо харин архинаас гарч эхнэрийн хамт “Зөв амьдрах ухаан” ТББ-ын үйлдвэрт ажиллаж байгаа гэнэ. Энэ талаар түүний том охин Чука “Аав, ээж хоёр энд ирснээс хойш гурав, дөрвөн удаа алга болж байсан. Тэр хойгуур Загдаа ах бид хоёр манай хэдэн дүү харж, асрах гэж их хэцүү байсан. Одоо харин аав, ээжтэйгээ үргэлж хамт байх их сайхан байна. Манай дүү төрөлхийн нүдний болрын цайралттай байсан. Г.Загдаа ах хагалгаанд орох зардлыг нь гаргасан. Одоо маш сайн хардаг болсон” хэмээн ярьж байсан юм.

"Хүүхдүүд"-дээ зориулан цэцэрлэг, эмнэлэг байгуулжээ

Г.Загдаа гуай "хүүхдүүд"-ийнхээ сурч боловсроход бүхий л бололцоогоо дайчлан ажилладаг бөгөөд одоогоос дөрвөн жилийн өмнө өөрийн амьдарч байсан байшингаа цэцэрлэг болгон тохижуулжээ. Одоогоор цэцэрлэгт нь 36 хүүхэд хүмүүждэг. Цэцэрлэгийн багшаар нь Г.Загдаа гуайн хоёр охин ажилладаг бөгөөд эдгээр хүмүүст туслахаар гэр бүлээрээ ханцуй шамлан оржээ. Мөн хүүхдүүддээ монгол ахуй соёл тоглоом наадгайтай зан үйлийн өргөө барьж өгөхөөр ажилдаа ороод байгаа аж. Тэгээд зогсохгүй цэцэрлэгийн дэргэд энд амьдарч буй иргэдийн эрүүл мэндэд тусламж үзүүлэх зорилготой эмнэлэг ажиллуулаад нэлээдгүй хугацаа өнгөрчээ. Харин насанд хүрсэн "хүүхдүүд"-дээ зориулан үйлдвэрлэл явуулдаг бөгөөд архинаас гарч засарсан хөдөлмөрийн чадамжтай "хүүхдүүд" нь гэрийн мод, тавилга хийж мөн барилга барихад тусалдаг ажээ.

"Зовлонтой жаргал" 

Ингээд бид “Зөв амьдах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаа гуайтай өнөөдрийг хүртэл туулж өнгөрүүлсэн амьдрал, хүнд хэцүү амьдралтай хүмүүст туслахад хүргэсэн түүний амьдралын талаар хуучилсан юм. 

“Миний амьдрал тийм ч дардан сайхан байгаагүй. Цагтаа энэ хүмүүсийн адил амьдралд бэдэрч, архинд орж явсан үе надад байсан. Энэ бол миний хувьд энэ хүмүүст туслах болсон эхний шалтгаан гэж хэлж болно. Хөрөнгө чинээтэй баян тарган явсан үе ч надад бий. Эрх танхи өссөн бардам дээрүүн зангаас болоод шорон оронгоор хүртэл явж байлаа. 60 хүрээд ухаан сууж, 61 нас хүрээд үхнэ гэсэн үг бий. 60 нас хүртэл амьдарч ирсэн амьдралыг үхүүлээд, 61 настайгаасаа өмнөх амьдралд гаргасан алдаагаа засаж, шинэ амьдрал эхлүүлэхийг хэлж байгаа утга юм. 60 хүртэлх амьдарч ирсэн амьдралаа эргэж хараад, түүнээс ухаарч сургамж аван миний туулсан амьдралын жимээр хэн нэгэн битгий алхаасай гэсэндээ энэ ажлыг эхүүлсэн. Мөн би хэнд ч ялгавартай ханддаггүй. Хүн гэдэг утгаар нь хүндэлж туслахыг хичээдэг юм. Манайд Монголд номер нэг бичгийн хүн, цагдаагийн хурандаа, Ардын жүжигчний хүү гээд олон ирж байсан. Нэг үе бусдаар алга ташуулж, хүндлүүлж байсан тэр хүмүүс амьдралдаа хазгай гишгэснээс болоод архинд орсон. Гэхдээ би тэр хүмүүстэй хүн гэдэг утгаар нь хүндэлж, тусалж дэмжихийг л хүсдэг. Тэр хүн өмнө нь хэн байсан, одоо хэн байгаа нь надад чухал биш. Надад бол хүн гэдэг нь чухал юм. Мэдээж ийм ажил хийх хэцүү, хүндрэлтэй олон асуудал тулгарна. Гэхдээ зовлон минь надад жаргал байдаг. Хэдий бэрхшээлтэй хүнд хэцүү зүйлүүд тулгарах ч би энэ ажлыг чин сэтгэлээсээ хийдэг болохоор аз жаргалтай, сэтгэлийн амар амгалан баяр хөөрийг тэр дундаас мэдэрч чаддаг" гэж ярилаа. 

Халиунаа: Орц хонгилд хоног төөрүүлж байсан би сургуульд сурч, төсөөлөхийн аргагүй амьдралаар амьдрах болсон

Ийн ярилцлах зуур 20 орчим насны охин “Хажуу өрөөг цэвэрлэж, цэгцлээд дуусгачихлаа. Хүүхэд оруулахад бэлэн болсон шүү” гэсээр орж ирлээ. Эднийд эцэг, эх нь хаяад явсан 12 хүүхэд амьдрах газаргүй байгаа тул Г.Загдаа гуай хажуу өрөөгөө суллан оруулахаар болжээ.

Энэ талаар тэрээр “Хажуу өрөөнд манай өөрийн хүүхдүүд амьдарч байсан юм. Аав, ээжгүй асарч хамгаалах хүнгүй 10 гаруй хүүхэд байгаа болохоор тэднийгээ амьдруулах гээд энэ өрөөг суллаж байгаа юм. Гэхдээ манай хашаанд амьдарч байгаа 100 гаруй хүн бүгдээрээ миний хүүхдүүд. Хүний өөрийн гэж надад ялгаад байх зүйлгүй ээ” гээд түрүүнд орж ирсэн охиныг заан “Энэ бол миний өргөмөл охин Халиунаа. 11 жилийн өмнө дүүтэй нь хамт траншейнаас олж авч ирсэн юм. Одоо 19 настай” хэмээн танилцууллаа. Халиунаа ч бидний ярианд оролцож “Би зургаан настай. Манай дүү дөрвөн настай байхдаа Г.Загдаа ахынд ирж байсан. Бага байхаасаа л ах, эгч хоёрыгоо дагаад гудамжаар явж, орц хонгилд хоног төөрүүлдэг байсан. Эднийд ирээд сургуульд сурч, төсөөлөхийн аргагүй сайхан амьдралаар амьдрах болсон” гэлээ.

Хүн итгэлээр бий болж, итгэлээр өөрчлөгддөг

Г.Загдаа гуай үргэлжүүлэн “Хүнд хүн итгэл өгөөд туслахаар хүний сэтгэл сэргэдэг. Итгэлээр хүн өөрчлөгдөж, итгэлээр хүн бий болдог. Шоронгийн даргаас эхлээд миний амьдралд итгэл өгсөн хүн олон бий. Зургаадугаар ангийн боловсролтой би дунд сургуулийн багш хүртэл болж байлаа. Би багын гарын ур дүйтэй байсан болохоор эзэмшсэн мэргэжил бус чадварыг минь үнэлж надад итгэл өгсөн Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын аав бий. Тэр хүн тухайн үед "Зүүн хараа"-ийн Мандал суманд Э.Эрдэнбат гуайн аав захирлаар ажиллаж байсан. Тэр хүний надад өгсөн итгэл өнөөдрийн энэ олон хүний амьдралд итгэл өгч, туслах бас нэг хүчин зүйл болсон. Мөн хоригдож байсан шоронгоо тохижуулан засварлаж хамгийн сайхан тохижилттой газар болгож байлаа. Манай шоронгийн дарга надад итгэл үзүүлсэн, тэр итгэлийг өвөртлөн би хичээсэн юм. Дараа нь Номгоны сангийн аж ахуйд ажиллаж Улсын тэргүүний болтол нь зүтгэсэн. Удирдлагууд нь надад итгэл өгсөн болохоор ажилдаа бүх сэтгэлээ зориулсан. Гэрийнхээ орны банзыг авч очоод байгууллагаа засварлан тохижуулж байлаа. Миний бүх хичээл зүтгэл надад хандсан итгэлээр төрсөн. Надад олон хүн итгэл өгсөн болохоор би энэ хүмүүст зүгээр л итгэл өгөхийг хүссэн юм” хэмээн ярьсан юм.

1200 гаруй хүнийг зөв амьдралд нь оруулж, 200 орчим өрхийг орон гэртэй болгосон. Гэхдээ...

“Өнөөдрийг хүртэл 1200 хүнийг зөв замд нь оруулж, 200 орчим өрхийг өөрийн гэсэн гэр бүлтэй болголоо. Гэхдээ энэ бол миний хувьд бага тоо. Хэрвээ төр засгаас надад тусалж, нийгэмд гадуурхагдан үлдэж буй энэ хүмүүсийн төлөө илүү далайцтай бодлого явуулж, анхаарсан бол өнөөдөр илүү олон хүний амьдралыг дулаацуулж, илүү олон гэр бүлийг элэг бүтэн байлгаж болох байлаа. Энэ бол ганц хүний хийж чадах ажил биш” хэмээн ярьснаар бидний яриа өндөрлөсөн юм.


С.Цэрэндэжид

Эх сурвалж:itoim.mn

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

inshigch - 202.9.42.142018-08-12 23:48:38

buyntai hun uymaa......tand bolon busdad n niit tuviinhnd n eruul saruul az 1argal huey

hhhh - 124.158.93.682018-08-12 22:24:43

хөөрхий өвчтэй хүмүүсийг ашиглаж ашиг хийж байгаа луйварчин нөхөр Өөрийнх нь амьдрал суга өссөн байна лээ LX 470 уначихсан явна лээ

ЗОЧИН - 150.129.142.1782018-08-12 16:03:32

ЗА ЯАХАВ ХУДЛАА ЯРЬЖ ХУЛГАЙ ХИЙЖ ЯВСАН НӨХӨР ЭНХИЙН ЦАГААН ТАГТАА БОЛОХ НЬ ЮУ БОЛ ЭНЭ НӨХӨР ЖААХАН ХУДАЛЧ ЯРИА ЗАНТАЙ Л НӨХӨР ШИГ ОЛОН ТҮМЭНД СААМШИРЧ НЭГ Л ХИЙСЭН БҮТЭЭСЭН ХҮН ГЭЖ ӨӨРИЙГӨӨ ТОВООЛГОЖ ЯВДАГ ЮМ ШИГ ҮНЭХЭЭР ЮМ ХИЙЕ ГЭСЭН ХҮН ДУУГҮЙ БАЙДАГ БАЙХГҮЙ ЮУ БАЙНГА Л ЗОВЛОН ТООЦОЖ МӨНГӨ НЭХЭЖ ЯВДАГ ТААРУУХАН НӨХӨРДӨӨ ӨӨРИЙН АР ГЭРЭЭ НЭГДҮГЭЭРТ ТАВИАД БАЙДАГ ШИГ САНАГДДАГ БУРХАН ХАРАХ БАЙЛГҮЙ ДЭЭ.

unshigch - 83.78.104.1752018-08-11 22:55:55

mongoliin tord garsan hulgach aluurchid luivarchid ichij yheesei. ted ulaan tsagaandaa garsan. zorigiin aluurchin yzyygyi tarvagan tahal mongoliig gadaad ezeddee zarj allaga hulgai luivriin mongoo gadaadad gargalaa. mongolchuudaas hulgailsan horongooroo omhii tarvaga jargaj baina