7 хоногт болж өрнөсөн "сайхан" үйл явдлууд

www.Bataar.mn сайт нийгмийнхээ саар муугийн эсрэг нийтлэлийн бодлогоо хатуу зарчимтай байлгадаг хэдий ч, сайн сайхныг хөхүүлэн дэмжиж “7 хоногт болж өрнөсөн сайхан үйл явдал”-уудыг хүргэдэг билээ. Энэ долоо хоногийн эхний сайхан үйл явдлаар  13 мянган хүүхдийн эрх ашгийг хөндсөн ,цаг үеийн асуудлыг онцолж байна.


-Төрийн түшээ түмнийхээ хүүхдүүдийг анхаарав-

Наадмын дараа намар гэж нэг мэдэхэд есдүгээр сарын 1-н болж ерөөсөө хүүхдүүдийн баяр дөхжээ. УИХ-ын гишүүн Ж.Батзандан жил бүрийн наймдугаар сарын эхээр  тойргийнхоо сургууль, цэцэрлэгийн төлөөлөл, эцэг эхчүүдийг хүлээн авч уулздаг уламжлалыг мэдээллийнхээ эхний “сайхан” үйл явдлаар онцлон хүргэе.

Уулзалтын үеэрээ БЗД-ийн 11, 12, 13, 16-р хорооны 6 сургууль, 8 цэцэрлэгт суралцаж, хүмүүжиж буй 13 мянган хүүхэд энэ хичээлийн жилд эрүүл, аюулгүй орчинд сурч, хүмүүжих нөхцөл бүрдсэн эсэхийг хэлэлцлээ. Тэд бас хэд хэдэн сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын удаашралт, өргөтгөл, хөрөнгө оруулалт зэрэг асуудлуудыг хөндөн ярилцсан  юм.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэлэхдээ:            

            -“Хүүхдүүд удахгүй цэцэрлэг, сургуульдаа орно. Баянзүрх дүүргийн хэмжээнд цэцэрлэг сургуулийн хүрэлцээгүйгээс гадна тулгамдсан олон асуудал бий. Дутуу баригдсан цэцэрлэг, сургууль мөн эмнэлгийн ажлыг ирэх сараас өмнө гүйцээн барих шаардлагатай. Хэдийгээр би УИХ-ын гишүүн ч гэсэн хуулийн хэрэгжилтэд хяналтад тавих үүрэгтэй.

Цэцэрлэг, сургууль, эмнэлэгтэй холбоотой хууль эрхзүйн актуудын хэрэгжилт ямар хэмжээнд байна вэ гэдэг талаар бодит нөхцөл байдалд ажиллаж байгаа багш, эмч нарынхаа зовлон, жаргалыг сонсох хэрэгтэй. Энэ хүрээнд өнөөдрийн уулзалтыг уламжлал болгон зохион байгуулдаг билээ” гэсэн юм.

Уулзалтынхаа төгсгөлд улсын цэцэрлэгт хамрагдаж чадаагүй, үлдэх хүүхдүүдийг хувийн цэцэрлэгт хамруулж, зардлыг нь улсаас зохицуулахаар болж байгаа тухай “сайхан” мэдээллийг хүргэсэн юм.

-Шинэхэн гавъяат Шанхай хотод Монголынхоо нэрийг мандуулж явна-

23 насандаа Монгол улсын гавъяат жүжигчин гэх хүндтэй цолыг хүртсэн авъяаслаг бүсгүй О.Анужин,  Шанхайн балетын олон улсын  VI уралдааны финалын шатанд шалгаран тунаж үлдлээ.

Тэмцээнд 16 орны125 бүжигчин бүртгүүлснээс 73 бүжигчин шалгаран оролцсон аж. Залуу гавъяат маань дэлхийн 73 балетчинаас шилдэгт шалгаран үлдсэн нь Монгол Улсын Балетын хөгжлийг илэрхийлэх гол хүчин зүйл юм. Харин тэмцээний финалын шатны сүүлийн шалгаруулалт болон дүн өнөөдөр орой гарах болно.

-Түлэнхийн төвийн эмнэлэг, шинэ нисэхийн асуудал нааштай шийдэгдлээ-

УИХ-ын зарим гишүүн тойргийнхоо хүүхдүүдэд анхаарал хандуулсан сайхан мэдээтэй зэрэгцэн, манай Гадаад Харилцааны яамныхан ч улс орныхоо нийгмийн хөгжилд анхаарлаа тавин ажилласан байна. Учир нь, Гадаад Харилцааны Яамны  сайд Д.Цогтбаатар Кувейт улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Халид Яатим Альфдлиг хүлээн авч уулзан Монгол Кувейтын харилцааг сайжруулах ажиллагаанд дэмжлэг туслалцаа үзүүлэх тухай хэлэлцлээ.

Д.Цогтбаатар Монгол Кувейтийн харилцаа хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин бэхжиж байгаад сэтгэл хангалуун байгааг дурдаж, Элчин сайдын хичээл зүтгэлийн дунд Кувейтийн Засгийн газрын зүгээс буцалтгүй тусламжаар олгох Түлэнхийн төвийн эмнэлэг болон Өндөрхаан нисэх онгоцны буудлыг шинэчлэх санхүүжилтийн асуудал нааштай шийдвэрлэгдсэнд талархал илэрхийлсэн юм.

-Монголын зэвсэгт хүчин амжилтаа ахиулав-

ОУ-ын харилцаа хөгжихийн хэрээр хөрш орнуудын дунд зохиогдож буй арга хэмжээ, тэмцээнүүд ч тэр хэмжээгээрээ зохиогдсоор ирсэн. Үүний нэг болох ОХУ-ын Батлан хамгаалах яамны санаачилгатайгаар дэлхийн долоон оронд нэгэн зэрэг зохиогдож буй Цэргийн дөрөвдүгээр их наадамд, манай улсын Зэвсэгт хүчний баг тамирчид амжилттай оролцож явна.

Хээрийн гал тогоо тэмцээний төрөлд манай улсын тогооч нар 12 орноос дөрөвдүгээрт байрт шалгарчээ. Харин танкийн биатлон, Мэргэн буудагчийн зааг тэмцээнүүдэд оролцож буй баг тамирчид хагас шигшээ тэмцээнүүдэд шалгаран дараагийн шатны тэмцээнд оролцохоор бэлтгэлээ хангаж байна. Тодруулбал, “Танкийн биатлон” тэмцээнд дэлхийн 22 орны тус бүр 3 экипаж, нийт 66 экипаж эхний шатанд өрсөлдсөнөөс хагас шигшээ уралдаанд 12 орон шалгарлаа. Үүнээс Монгол Улсын баг тамирчид зургадугаар байранд шалгаран өмнөх жилүүдийнхээ амжилтыг ахиулж чадсан юм.

-“Охины гэр бүлийнхний нүүрэнд инээмсэглэл тодруулсандаа баяртай байна” гэв-

Аз жаргал, гуниг зовлон хослон оршдог шиг нэг үйл явдлаас аз жаргалыг мэдэрч байхад нөгөөгөөс гуниг, харуусал, зовлонг мэдэрдэг. Үүний нэг бол өнгөрсөн оны наймдугаар сарын 22-оос 23-ныг шилжих шөнө Баянзүрх дүүргийн 21-р хорооны нутагт байрлах “Очир” төвийн зочид буудалд 13 настай охин бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан гэх сэрдхийлгэм мэдээлэл байлаа. Тэр өдрөөс хойш нэг жилийн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд охины ар гэрийнхэнд туслах иргэд хандивын аян өрнүүлж тэдэнд бага ч болтугай сэтгэлийн дэм өгч байна.

Тэдгээрийн нэг болох Б.Ундрах бүсгүй талийгаач охины гэр бүлд амьдрах итгэл өгөх зорилгоор нэг сар гаруйн хугацаанд олон нийтийн сүлжээгээр “Итгэлцлийн сүлжээ” сайн үйлсийн аян өрнүүлсэн юм. Наймдугаар сарын 8-ны өдөр талийгаач охины ар гэрийнхэнд иргэдийг сэтгэлийн хандиваар цугласан 30 сая төгрөгийг гардуулан өгсөн “сайхан” үйл явдлыг уг тэмдэглэлдээ онцлохгүй өнгөрүүлж болохгүй биз ээ.

Бүсгүй энэ үеэрээ: - “Өдөр шөнийг нулимстайгаар өнгөрүүлж байсан хүмүүсийн нүүрэнд бага ч болов инээмсэглэх үйл хийж, тэдний инээмсэглэхийг харах сайхан байлаа. Мөн аян дуустал надад үргэлж итгэж ирсэн хүмүүстээ маш их баярлалаа” хэмээсэн юм.

-80 настай эмээ эсэн мэнд олдсон-

Иргэд бидний хайхрамжгүй байдлаас болоод хөгшин настай иргэд болон бага насны хүүхэд төөрөх, сураггүй алга болсон гэх дуудлага ОБГ-т ирдэг. Үүний нэг болох хэрэг наймдугаар сарын 5-ний өдөр Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хүрэмт багийн сувилалд амарч байсан 80 настай эмэгтэй 17:00 цагт сураггүй алга болжээ гэх мэдээлэл гарсан юм.

Дуудлагаар Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, нутгийн захиргааны байгууллагын 11 алба хаагч, сувиллын газрын 8 хүн, нийт 24 иргэн дөрвөн техник хэрэгсэлтэйгээр тус оройны 22:50 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. Улмаар алга болсон өдрийн хоёр хоногийн дараа 13:10 минутад Тарагт сумын “Өгөөмөр хайрхан” гэх сувиллаас зүүн урд зүгт 10 км-ын зайтай газраас эсэн мэнд олджээ.

-Есөн хүний амь насыг аварлаа-

Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчид ажлаа хэрхэн хариуцлагатай, өндөржүүлсэн бэлэн байдалд ажилладаг гэдгийг ойрын өдрүүдэд орсон борооноор харлаа. Хөдөө орон нутгуудад үерийн улмаас нэлээдгүй өрх айлууд үерт живж, голын усны төвшин нэмэгдсэн үеэр усанд осолдсон гэх гэнэтийн үйл явдлуудаас иргэдийг авран, аюулгүй газарт хүргэдэг үүрэгтэй .

Нийслэлийн онцгой байдлын  газрын харъя Нийслэлийн аврах анги 105-ын алба хаагчид цагдаагийн байгууллагатай хамтран Завьт эргүүл” арга хэмжээг Баянзүрх дүүргийн Хар усан тохойноос Яармагийн гүүр хүртэлх Туул голд зохион байгуулж байна.

Харин зургадугаар сарын байдлаар Туул гол дагуух эргүүл хийх ажиллагаагаар  зургаан том хүн, гурван бага насны хүүхдийн амь насыг авран хамгаалж, усанд суусан нэг автомашиныг татан гаргасан таатай мэдээллийг эх сурвалж мэдээлсэн. Ийнхүү энэ долоо хоногт энэ мэт олон сайхан үйл явдлууд болж өрнөснийг bataar онцоллоо. Сайхан мэдээ үтэр түргэн түүчээлж байх болтугай.

Т.Намуу


 

 

 


Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

tseegii - 122.201.31.2472018-08-12 13:20:51

amjilt

Нараа - 66.181.161.252018-08-11 13:35:35

Дандаа сөрөг муу юм уншсанаас ийм гэгээн мэдээ уншихад таатай байлаа.

гэрэлээ - 66.181.179.1452018-08-11 13:26:10

Зөв харвал сайхан үйл явдал олон харах өнцөг

Хааги - 150.129.141.1192018-08-11 13:00:43

Энэ их гэмт хэрэг явдлын хажуугаар сн схн мэдээлл уншхад схан бла

биззи - 150.129.141.1192018-08-11 12:03:14

гоёооо гоё

Enguun - 66.181.161.92018-08-11 11:37:27

Saihan medee olon bna bayrlalaa

Mongol - 66.181.161.992018-08-11 11:13:19

Emneleg tetserleg surguuli geed setgel gargaval shiidchihej boloh zuiluud

otgon - 66.181.179.1452018-08-11 11:12:09

saihan buhen delgeregee