Бага насны хүүхдийг гэр бүлийн орчинд хөгжүүлэх хөтөлбөр батлагдав

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны наймдугаар сарын 2-ны өдрийн А/487 дугаар тушаалаар "Бага насны хүүхдийг гэр бүлийн орчинд хөгжүүлэх хөтөлбөр" батлагджээ. Ингэснээр цэцэрлэгт хамрагдах боломжгүй, 4-5 настай хүүхдүүд сургуульд орохоосоо өмнө гэртээ сурч хөгжин, сургуульд бэлтгэгдэх боломжтой болох аж.

Энэхүү хөтөлбөрийг #ХүүхдийгИвээх Сан Дэлхийн Банкны санхүүжилтээр БСШУСЯ-тай хамтран хэрэгжүүлсэн "Алслагдсан хөдөөгийн малчдын хүүхдүүдийн бага боловсролын үр дүнг сайжруулах нь” 2012-2017 төслийн хүрээнд боловсруулж, нэвтрүүлснээр анх удаа сургуулийн өмнөх боловсролд хамрагдах боломжгүй малчдын хүүхдүүдэд болон эцэг эхэд нь зориулсан сургалтын хөтөлбөр бий болсон билээ.

Харин одоо БСШУСЯ-аар дамжуулан малчин өрх төдийгүй хот суурин газарт оршин суудаг боловч хүүхэд нь цэцэрлэгт явах боломжгүй айл өрхүүдэд хүргэхээр болсон энэ таатай мэдээг сурвалжилна уу хэмээн урьж байна. Гэр бүлийн орчинд сургуульд бэлтгэх энэхүү хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдийн танин мэдэхүй болон хэл ярианы чадварууд нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаагүй хүүхдүүдийнхээс өндөр байсан бөгөөд хүүхдүүд ийнхүү сургуульд амжилттай бэлтгэгдэх нь тэдний цаашдын хичээл, сурлага, хөгжлийн суурь болж байгааг Дэлхийн Банкнаас хийсэн судалгаагаар тогтоожээ.

Сэтгэгдэл бичих