Яруу найрагч Т.Очирхүүгийн “Аргамжааны чулуу” шүлгийн гэрэлт хөшөөг босгов

Д.Нацагдоржийн болон Ч.Лодойдамбын нэрэмжит шагналт “Болор цом”-ын эзэн Монголын нэрт яруу найрагч Тоомойн Очирхүүгийн “Аргамжааны чулуу” шүлгийг алдаршуулсан гэрэлт хөшөө түүний төрсөн нутаг Говь-Алтай аймгийн Тонхил сумын төвд босгосон байна.  

Нэрт яруу найрагчийн энэхүү шүлгийн гэрэлт хөшөөний нээлтэд сум орны удирдлагууд болон МЗЭ-ийн Говь-Алтай аймгийн Хантайшир салбарын тэргүүн, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Г.Чардаг нар болон Т.Очирхүү агсны үр хүүхэд төрөл төрөгсөд, уугуул нутгийн иргэд оролцжээ.

Энэ үеэр Т.Очирхүү агсны охин О.Буянаа баярын сэтгэгдлээ хуваалцан аавынхаа “Охиндоо зориулсан шүлэг”-ийг уншиж, аавыгаа эргэн дурсаж бахархаж явдгаа илэрхийлсэн байна. Мөн нээлтэд оролцсон ард иргэд Т.Очирхүүгийн зохиосон “Аргамжааны чулуу”, ”Чулууны магтаал” зэрэг шүлэг зохиолоос уншиж, “Эмчийн алдар”, “Оюутан ахуй цагаа дурсана уу”, ”Урам хайрла” зэрэг дууг дуулж, нэрт яруу найрагчаа дурсан хүндэтгэжээ.

Гэрэлт  хөшөөг тус сумын Алтансоёмбо багийн үүсэн байгуулагдсаны 60 жил болон нэрт яруу найрагчийнхаа 75 нас тохиож байгаатай холбогдуулан үр хүүхэд төрөл төрөгсдийн хандиваар бүтээн босгосон байна.

Түүнчлэн уг шүлгэн хөшөөг санаачлагч Боловсрол судлалын магистр, Монгол Улсын зөвлөх багш Д.Батсүрэн судлал шүүмжлэлийн нэрт төлөөлөгч Д.Өлзийбаярын хамт ”Уулын найрагч Тоомойн Очирхүү” хэмээх судалгаа шинжилгээ, дурсамжийн бүтээлийг Монголын өргөн олон уншигчдын хүртээл болгоод байгаа аж.

Т.Очирхүү нь 1943 онд Говь-Алтай аймгийн Тонхил сумд төрж бага дунд сургууль, АУДС (одоогийн ЭМШУИС), ЗХУ-ын Коммунист Намын Төв хорооны дэргэдэх нийгмийн ухааны академи төгсчээ. Тэрээр 1971 онд Анагаах ухааны дээд сургуулийг эмчийн мэргэжлээр төгсөж Дорноговь аймгийн Хатанбулаг сум, Монголын радио, Засгийн газарт ажиллаж байв.

Тэрбээр “Ильичийн хуучин хүрэм”, “Аргамжааны чулуу”, “Эмээл”, “Найрагчийн өрөөнд”, “Гэрлийн тухай бодол”, “Урам хайрла”, “Чулууны магтаал” зэрэг бүтээлүүд туурвиж, “Сэтгэлийн үер”, “Тэнгэрийн хаяаны од”, “Алтайн унага” номуудаа хэвлүүлжээ.

Сэтгэгдэл бичих