ИЗНН нөхөн сонгуульд оролцох эрхгүй болжээ

Иргэний зориг ногоон нам /ИЗНН/-аас Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд өрсөлдөх шийдвэрээ гаргаж, бичиг баримтаа хуулийн дагуу хугацаанд СЕХ-нд хүргүүлжээ. Тэгвэл тус намыг  нөхөн сонгуульд оролцуулахгүй байх шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/ гаргажээ. Иймд ИЗНН-аас мэдэгдэл гаргасан байна.

Мэдэгдэлд:

Иргэний Зориг Ногоон Намыг энэ удаагийн нөхөн сонгуульд оролцуулахгүй гэж Сонгуулийн Ерөнхий Хороо 2016 онд хяссан шигээ дахин муйхарлав. Монгол Улсын дээд хууль бол Үндсэн хууль бөлгөө. Үндсэн хуулинд сонгох, сонгогдох эрхийг бүрнээ тодорхойлж, хэнбугай нь ч дур мэдэн халдаж болохгүйг тов тодорхой зааж өгсөн атал тэд 2016 онд ИЗНН-ыг сонгуульд оруулахгүй гэж муйхарласан алдаагаа дахин давтав.

Улс төрийн нам сонгуульд оролцсон тайлангаа хоцроосон, өгөөгүй бол торгохоос бус өөрөөр эрхэнд нь халдах эрхгүйг Үндсэн хуулийн цэц их суудлаараа хуралдан баталгаажуулж, Дээд шүүх Үндсэн хуулийн заалтыг баримтлан Сонгуулийн Ерөнхий хорооны 2016 оны балмад шийдвэрийг цуцалсан билээ. Энэ бол Монгол Улсад хэн дуртай нь хууль зохиож зохиосон хуулийнхаа дагуу бусдын эрхэнд чөлөөтэй халддаг, МАНАН-д үйлчилдэг болсныг дахин батлан харуулав. Тайлангийн тухайд намын уг ажлыг хариуцаж байсан этгээдэд зэмлэл хүлээлгэн сонгуульт албанаас нь огцруулсан ба холбогдох арга хэмжээг авсан юм. Сонгуулийн байгууллагыг намын томилгооны этгээдүүд удирдаж болохгүй, тэр дундаа 'асуудал'-тай нөхдүүд бүр болохгүйг энэ үйл явдал харуулж байна.

Сонгуулийн байгууллага нь сонгуульд оролцохыг бүртгэдэг этгээд болохоос бус яллах, шийтгэх, намын дотоод хэрэгт нь хутгалдах, гэм зэм үүрүүлэх ямар ч эрхгүй билээ. Үндсэн хуулийн суурь зарчмыг тэд хөсөрдүүлж, хуулийг өөрсдийн дур зоргоор тайлбарлан хэрэглэж, яахаас ч буцахгүй гэдгээ харууллаа. Бид зохих ёсоор эрхээ эдлэхийн тулд холбогдох байгууллагад хандах болно гэжээ.

Сэтгэгдэл бичих