Их унтах аюултайг эрдэмтэд сануулж байна

Найман цагаас илүү унтах нь сэтгэцийг муутгах төдийгүй, цус харвалт болон зүрх судасны элдэв өвчнөөр нас барах магадлалыг хоёр дахин нэмэгдүүлж болох талтайг Их Британийн Килийн Их сургуулийн эрдэмтэд ийн дүгнэлт хийснийг РИА Новости агентлаг уламжилжээ.

Мэргэжилтнүүд уг судалгаанд гурван сая гаруй хүн хамрагдсанаар дүн шинжилгээ хийгджээ.

Үүнд, арван цаг унтах нь долоон цаг  унтахтай харьцуулбал нас барах магадлалыг 30%-иар нэмэгдүүлдэг болж таарчээ.  Ингэхдээ цус харвалтаар нас барах эрсдэл  56 хувь, харин зүрх судасны өвчнөөр нас барах эрсдэл  49 хувиар нэмэгддэг байна.

Харин нойр муу байх нь эрүүл мэндийн асуудалтай холбоотой бөгөөд зүрхний өвчин тусах эрсдэлийг 44 хувиар нэмэгдүүлдэг байна.

Шөнө нойрсох зөв хуваарь гаргаж, өдөр, шөнө солигдох хэмнэлийг хатуу мөрдөх нь ажлын үр дүнг үлэмжхэн сайжруулж эрүүл цовоо сэргэлэн байх боломж олгодгийг АНУ-ын Альберт Эйнштейний  нэрэмжит анагаах ухааны коллежийн судлаачид илрүүлжээ.

Унтах үеийн байрлал нь бас нэг багагүй чухал хүчин зүйл бөгөөд толгой, хүзүүг зөв байрлалд байлгахын тулд тусгай дэр шаардагддаг байна.

Хамгийн түргэн болон бүрэн тайвшрахын тулд дээшээ харж унтах нь эвтэйхэн тохиолдолд хөлөн дороо дэр тавихыг АНУ-ын Үндэсний сангийн шинжээчид зөвлөж байна.

С.Инда


Сэтгэгдэл бичих