Ээлжит бус чуулган зарлатал тэмцэнэ

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ. Тэрбээр ээлжит бус чуулган зарлан хуралдуулах шаардлагатай гэж үзэж 25 гишүүний гарын үсэгтэй албан бичгийг УИХ-ын даргад хүргүүлсэн билээ. Ээлжит бус чуулганаар “60 тэрбум”-ын хэрэг, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувийг Стандарт банкинд барьцаалсан зэргийг хэлэлцэх шаардлагатай гэж үзэж байгаа юм. Мөн АТГ-ын дарга Х.Энхжаргал авлигын хэргийг санаатайгаар нуун дарагдууллаа гэж мэдэгдсэн. Харин АТГ-аас түүний мэдэгдлийг няцаагаад УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэд хариуцлага тооцохыг Төрийн байгуулалтын байнгын хорооноос хүссэн байдаг.

Тэгвэл УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2018.08.08/ хийсэн мэдээлэлдээ “УИХ-ын дарга М.Энхболдыг Үндсэн хуулийн цэцэд өгөхөөс өөр аргагүй байдалд орлоо. УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг зөрчсөн энэ асуудлыг Үндсэн хуулийн асуудал гэж харах уу аль эсвэл томилогдсон албан тушаалтнаа хамгаалах уу гэдгийг хамтдаа харцгаая. Судалгаанд оролцсон ард иргэдийн 97 хувь нь Монгол Улсад шударга ёс алдагдсан гэж үзэж байна. Тиймээс ард түмнээс сонгогдсон элчийн хувьд энэ байдалтай эвлэрч чадахгүй. Миний хувьд сэтгэл хөдлөлөөр явдаг хүн биш. Хэн нэгэнтэй албаар муудалцах зорилго ч байхгүй. Нам дотроо тэмцэл өрнүүлээд байгаа юм байхгүй. Зүгээр л ийм тодорхой гэрчтэй хэргийг эвлүүлэг гээд хаачихвал цаашид нийтийн эрх ашгийг хөндсөн асуудал хэрхэн шийдэгдэх нь бүрхэг болно.

Тиймээс УИХ-ын дарга М.Энхболдоос гурван зүйлийг шаардаж байна.

  • Нэгдүгээрт, МАН монголын ард түмнээс албан ёсоор уучлалт гуйхыг шаардаж байна.
  • Хоёрдугаарт, өөрийн хүсэлтээр хуулийн байгууллагад хандаж энэ хэргээ дахин шалгуулах.
  • Гуравдугаарт, ээлжит бус чуулганыг шалтаг тоочиж, гишүүдийн бүрэн эрхт халдахаа зогсоох. Ээлжит бус чуулганыг нэн даруй зарлахыг шаардаж байна.

Эдгээр шаардлагыг наймдугаар сарын 20-ны дотор хэрэгжүүлэхгүй бол олон нийтийн дэмжлэг хүсч, тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ. Хэрэв энэ хөдөлгөөн үр дүнд хүрэхгүй бол иргэний нийгмийн байгууллага, бусад гишүүдтэй хамт эсэргүүцлийн жагсаал хийнэ” гэв.  

Ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Ээлжит бус чуулганыг дэмжсэн 22 гишүүний гарын үсэг зурсан гэх мэдээлэл байна. Үүнд та ямар хариулт өгөх вэ?

-Сая би УИХ-ын Тамгын газраас тодруулга авахад ээлжит бус чуулган зарлахыг 22 гишүүн дэмжиж, гарын үсэг зурсан байна гэдэг тайлбарыг өгсөн. Гэтэл надад байгаа бичиг дээр 25 гишүүн гарын үсэг зурсан байна. Тиймээс би УИХ-ын даргатай уулзаад, дахин 22 гишүүн гарын үсэг зурсан гэх ташаа мэдээлэл өгөхгүй байхыг шаардах болно.  

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Oyuka - 202.9.42.32018-08-10 14:07:42

Bolihgui etssee hurtel temtsene

zochin - 103.26.193.422018-08-08 22:26:33

Boliochee, yadargaatai yumaa.