Генерал Ц.Бямбажавын зэвсгийн наймаа арван жилийн өмнөөс эхтэй гэнэ

Монголын Батлан хамгаалахын нэр бүхий өндөр албан тушаалтнууд хойд Солонгосчуудад сөнөөгч онгоцны моторыг худалдах гэж байсан тухай шуугиж байна. Огт ор үндэсгүй мэдээлэл гэж мэлзэхийн  аргагүй байж болох энэхүү мэдээллийг маш сайн нягтлан, мөрөөр мөшгин хөөж, тандан судлах юм бол юм юм л  ‘’үнэртэх’’ байх.
Өөрөөр хэлбэл Батлан хамгаалахын хэмжээнд нууцалж ирсэн зэвсгийн наймаа гэгч нь саяхны асуудал биш, аль эртнээс эх суурь нь тавигдсан, олон жилийн улбаатай бүрэлдэн тогтсон нууц ажиллагаа байж болохыг эх сурвалж хэлж байна. Учир нь зэвсгийн наймааг амжиргааныхаа гол хэрэгсэл  хэмээн андуурч  явдаг дээд тушаалын цэргийн эрх мэдэлтэн  цөөнгүй дарга нар өнөө хэр нь суудалдаа  амь бөхтэй оршсоор байгаа билээ. Ардчиллын хомроглон халалтанд ч тэсч үлдсэн.  
Тэр тусмаа өмнөд Солонгосын нууц албаныханд илчлэгдсэн манай Батлан хамгаалахын генералуудын үйлдэл хойд ах нарт  таалагдаагүй бололтой, тэд ч зүгээр суухгүй,  түргэн авч аль эртний 1979 оны гэрээг сөхөж тавьснаар манайхны  мөнгөнд шунасан генералуудын үйлдлийг таслан зогсоов.
Зэвсгийн наймаа нь бүтэлгүйдсэн генералууд энэ хэрэг хэт өндрөө авч,  илчлэгдэхээсээ өмнө умардынханаас урьдчилаад авсан 1.8 сая ам.долларыг  бушуухан энд тэндээс цуглуулан бизнесмэнүүдээрээ дамжуулан өгч, Умард солонгосчуудын амыг хааж санаа амрав.
Хэдийгээр Хойд солонгосчуудаас авсан мөнгөө буцааж өгч санаа нь амарсан ч, нэр бүхий генералуудын энэ хэрэг дахин сөхөгдөн, АТГ шалгагдах магадлал өндөр байна.
Түүнчлэн нэр нь сэвтээд буй ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажавыг зэвсгийн наймааг Монголд анх дэлгэрүүлсэн хүн гэдгээр нь хардах хүн олон байдаг. Хардахаас ч аргагүй юм. Тэрээр анх Батлан хамгаалах яаманд өндөр албан тушаал хаших болсноос хойш үе үе гадаад руу аялдаг болсон тухай ойр дотны хамт ажиллаж байсан нөхдүүд нь ам алдсан удаатай. Ц.Бямбажав генерал АНУ, БНХАУ, БНСУ руу хамгийн их зорчсон байдаг нь анхаарал татдаг гэх албан бус мэдээлэл байна.
Зэвсгийн наймаанд нэр нь холбогдоод байгаа генерал Т.Дашдэлэгийн хувьд Монгол улсын хилээр гарч чадахааргүй хар дансанд орж,  үүнийгээ ч мэдээд өөрийн хүсэлтээр нэн яаралтай ажлаасаа чөлөөлөгдөн “тэтгэвэрт” гарсан  нь тун сэжигтэй. Өөрсдийгөө уснаас хуурай авч гарах, мөрөө баллах гэсэн тэдний  санаархал нь олон нийтийн анхаарлын төвөөс зайлсхийж чадалгүй хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн бичих сэдэв, онилох бай болов.
Учир нь сүүлийн хоёр гуравхан жилд  Монголын “зэвсгийн наймаачдын нууц загалмайлсан эцэг”-ээр эчнээ тодроод байгаа Монголын Зэвсэгт Хүчний Жанжин Штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажавын зэвсгийн наймаа одоогоос арваад жилийн өмнөөс эхлэлтэй аж. Өөрөөр хэлбэл түүнийг Япон, Солонгосын якуза нартай нэр холбогдон, зэвсгийн наймаа ярьж явсан тухай мэдээ материалууд арваад жилийн өмнөөс зарим  сонингуудаар анх гарч эхэлсэн нь сонины шарласан хуудаснаа архивлан үлдсэн байдаг юм.  
Тэрээр Өмнөд Солонгосын зартай гэмт хэрэгтэн, Якузагийн  идэвхтэй гишүүн Пак Чоль Гью гэгчийн бүлэглэлд үйлчилж байсан гэх яриа цөөнгүй Монголчуудын дунд өнөөдрийн хүртэл байдаг гэнэ. БНСУ-ын иргэн Пак Чоль Гью гэгч нь Японы якуза гаралтай өмнөд солонгосын мафийн бүлэглэлийн нөлөө бүхий гишүүнээр ажиллаж байсан төрөлх нутагтаа 17 удаагийн гэмт хэргийн үйлдэлд  холбогдон шалгагдаж байсан, бүр хүний амь хөнөөсөн байж ч мэдэх төдийгүй  хар тамхины хэрэгтэй холбоотой, онц аюултай гэмт хэрэгтэн гэдгээрээ зартай нэгэн аж. Энэхүү Пак Чоль Гью нь  манай улсад удаан хугацаагаар олон удаа ирж очиж байсан  төдийгүй манайд байх хугацаандаа сурсан зангаараа гэмт хэрэг мандуулж “ганц худаг”-т  хүртэл тухлаад авжээ. Тэрээр 2001 оны 12 дугаар сарын 27-ны шөнө Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт орших “Стар барс” бааранд өөрийн нутаг нэгтэн Ким Дон Сутай маргалдаж, түүнийг хутгалж гэмтэл учруулсныхаа төлөө манай урьдчилан хорих төв Ганц худагт тухалсан нь энэ аж. Ганц худагт байхдаа нутгаасаа удаа дараа тав таван хүний бүрэлдэхүүнтэй мафийн гишүүдээ дуудуулж, Ким Дон Сутайг хөнөөлгөх гэсэн боловч тэр бүх ажиллагаа нь манай улсын нүд чих болсон соргог тагнуулчдын тусгай ажиллагаагаар  бүтэлгүйтэж нурсан юм. Харин энэ хүний тухай мэдээлэл цаг тутамд тухайн үеийн Монголын Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди, Ерөнхий сайд Н.Энхбаяр, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, ЦЕГ-ын дарга Д.Сандаг-Очир нарт нэгэн зэрэг хүрдэг байсан нь гайхалтай. Монголын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн бүх хүн мэддэг байсан энэхүү мэдээллийн цаад учиг утга нь Пак Чоль Гью тэргүүтэй солонгосын мафийнхан манайхантай зэвсгийн наймаа хийхээр тохирч байсан агаад чухам юунаас үүдсэнийг бүү мэд, тухайн үедээ бүтэлгүйтсэн гэдэг. Түүнийгээ нотлох гэсэн мэт Солонгосчууд “Бид танай газар дээр тэнэмэл хүүхдийн асрамжийн сургууль байгуулж ажиллана. Энэ бол бидний цаашид хийх гол ажлын маань халхавч болох учиртай. Тэгээд ч Монголд мөнгөтэй л бол юуг ч өөрчилж болохыг мэдлээ” хэмээн ам алдсан удаатай аж.
Харин тухайн үед эдгээр үл бүтэх этгээдүүдийн хөл гар нь болж гүйдэг, Монголынхоо эрх бүхий албан тушаалын дарга нартай танилцуулах хөтөч болж явдаг хүн нь өнөө алдарт дэслэгч генерал Ц.Бямбажав байсан нь бүүр ч гайхалтай. Дэслэгч генерал Ц.Бямбажав, Пак Чоль Гьюгээс маш өндөр хэмжээний цалин урамшууллыг ам.доллараар авдаг байсныг тухайн үеийн учир мэдэх  хүмүүс ярьж байжээ.
Иймд өнөөдөр Монгол улсынхаа гол амин байгууллагуудынхаа нэг болох ЗХЖШ-ыг ямар хүний гарт атгуулж, удирдуулж байна вэ гэсэн асуулт зүй ёсоор гарна.
Монгол улсын төрийн тэргүүн ЗХЖШ-ын Ерөнхий командлагч Ц.Элбэгдоржийн эрх мэдлийн хүрээнд хамаарах салбар бол Батлан хамгаалах яам. Ерөнхийлөгч  ямар хүнээр улс эх орныхоо үндэсний аюулгүй байдлыг итгэж хамгаалуулж байгаагаа хэнээр ч хэлүүлэхгүй мэдэж байгаа. Хэзээ ч сайнаар нэр нь сонсогдож байгаагүй “зэвсгийн нууц наймаачин” байж мэдэх энэ эрхмийг  АТГ, ЭЦГ, УМБГ,  ТЕГ гээд улсын нүд чих болсон хууль хяналтын байгууллагууд  анхааралдаа нэн даруй  авч, буруу зөвийг нь тогтоож, буцаж иргэддээ үнэнийг нь удахгүй дэлгэх биз ээ.
                                                                                                  Эх сурвалж:www.aravt.mn

Сэтгэгдэл бичих