Тавантолгойн төмөр зам компани байгуулна

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Тус хуралдаанаар хэлэлцсэн асуудалтай холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ мэдээлэл хийлээ. Тэрбээр “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг эрчимжүүлэх шийдвэр гаргалаа.

2015 онд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажил зогссон. Нийт 279 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Хөрөнгөгүйн улмаас 2015 оноос ажил нь зогссон. Засгийн газраас авсан бодлогын хүрээнд төмөр зам барих ажлыг эрчимжүүлэхээр орууллаа.

Тавантолгойн төмөр зам барих хөрөнгө оруулалтыг, Монголын талын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Монголын 51 хувийн хөрөнгө оруулалттай “Тавантолгойн төмөр зам” гэсэн төмөр замын компани байгуулахаар шийдвэрлэлээ. Ингэснээр Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын төслийн хөрөнгө оруулалт нэмэгдэнэ.

Хөрөнгө оруулалтыг “Эрдэнэс Тавантолгой” компаниас оруулахаар тогтоолуудад тусгасан. Эхний ээлжид шинэ компанид нийтдээ 17-34 хувийн хөрөнгө оруулалт оруулна. Дараагаар нь гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх нь зайлшгүй. 49 хувьд гадны хөрөнгө оруулалт оруулах бололцоогоор хангана. Үндсэндээ Монголын хувь нь 51 байхаар төмөр замын компанийг байгуулах шийдвэр гаргалаа” гэв.

Сайд Ж.Бат-Эрдэнэ мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Хичнээн хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэх вэ?

-“Монголын төмөр зам”-ын оруулсан хөрөнгө оруулалт нийтдээ 279 сая ам.доллар байгаа. Бид нийтдээ 100-200 гаруй сая ам.долларыг эхний ээлжинд оруулна гэж урьдчилсан тооцож байна. Нүүрсээ урт хугацаанд худалдаалах гэрээ хийх хүрээнд хөрөнгө оруулалтыг оруулахаар төсөөлж байгаа.

-IPO гаргаж хөрөнгө оруулалт босгоно гэж байсан. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Үндсэндээ “Эрдэнэс Тавантолгой” компани олон улсын зах зээлд IPO босгох үйл ажиллагаа явж байгаа. “Эрдэнэс Тавантолгой” компани Монголын Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын компанид хувь нийлүүлж оруулснаар цааш цаашдынх нь IPO хийхэд хөрөнгө оруулалтынх нь үнэлгээ нэмэгдэх бололцоо хангагдана.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

армаа - 182.160.1.582018-08-08 14:06:21

Пиизканууд хурдлаачээ. Аль 2008 онд л ярьж байсан , өнөөг хүртэл барьж чадаагүй байх юм, Төмөр замаа бариачээ.