“Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцааны ДАНС нээх ЗААВАР

“Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг 1072 хувьцааг эдийн засгийн эргэлтэт оруулах санхүүгийн суурь бүрдсэн болохыг мэдэгдсэн. Иймд 1072 хувьцаа эзэмшигчид ногдол ашгаа авах эрхээ нээлгэх шаардлагатай байгааг хэлсэн юм. 

“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг 2 511 000 иргэн эзэмшдэг. Тэдний 623 мянга нь хувьцааны данс нээлгэсэн байна. Үлдсэн 1.8 орчим хувьцааны дансаа нээлгэж байж 1072 хувьцааг эдийн засгийн эргэлтэт оруулах эрх нь үүснэ. Иймд хэрхэн ногдол ашгаа авах эрх, хувьцааны дансаа хэрхэн нээлгэх зөвлөмжийг хүргэе.

-1072 ХУВЬЦААГ ХЭН ЭЗЭМШИХ ВЭ-

Монгол Улсын иргэн та ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгосон нэг сая төгрөг, оюутны сургалтын төлбөрт олгосон нэг сая төгрөгийг аваагүйгээс гадна 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс өмнө төрсөн иргэд эзэмших бөгөөд хойш төрсөн иргэд эзэмшихгүй юм. Харин 2011.04.01-2012.04.11 өдрийн хооронд нас барсан, Монгол Улсын харьяатаас гарсан иргэдэд нэмж хувьцаа эзэмшүүлээгүй буюу нийт 536 ширхэг хувьцаатай байна.

-ХУВЬЦААНЫ ТОО ЯАГААД ЗӨРҮҮТЭЙ БАЙДАГ ВЭ-

“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэхдээ Хүний хөгжлийн сангаас хишиг хувь хүртсэн мөнгөн дүнгээр хасагдуулсан. Үүнд дараах төрлөөр хишиг хувь хүртсэн иргэд хамрагдана. Тухайн үед Засгийн газраас 1,072 ширхэг хувьцааг нэг сая төгрөг буюу нэг ширхэг хувьцааны нэрлэсэн үнийг 933 орчим төгрөгөөр үнэлж тооцсон юм.

  • 2011 онд оюутны сургалтын төлбөр /500,000 төгрөг хүртэл/
  • 2012 онд оюутны сургалтын төлбөр /491,960 төгрөг хүртэл/
  • 2011 онд эрүүл мэндийн даатгал /8.040 төгрөг хүртэл/
  • Ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгосон 1 сая төгрөг хүртэл хэлбэрээр

Тухайлбал иргэн Дорж 2011 онд эрүүл мэндийн даатгалын 8040 төгрөгийн хишиг хувь хүртсэн. 8040 төгрөгт ногдох хувьцаа: (1072*8040) / 1000000 = 8.61888 ≈ 9 Доржийн эзэмших хувьцаа: 1072 – 9 = 1063

Оюутан Бат 2011 сургалтын төлбөр хэлбэрээр 500000, эрүүл мэндийн даатгал хэлбэрээр 8040 төгрөг нийт 508040 төгрөгийн хишиг хувь хүртсэн байна. 508040 төгрөгт ногдох хувьцаа: (1072*508040) / 1000000 = 544.618 ≈ 545

Харин засгийн газарт хувьцаагаа худалдсан иргэдийн хувьд:          

Иргэн Бат Засгийн Газарт хувьцаагаа худалдаж 300 426 төгрөг авсан бол 322 ширхэг хувьцаа хасагдаж 750 ширхэг хувьцаа эзэмшинэ. Иргэн Бат Засгийн Газарт хувьцаагаа худалдаж 200 284 төгрөг авсан бол 215 ширхэг хувьцаа хасагдаж 857 ширхэг хувьцаа эзэмшинэ.

Иргэн Бат Засгийн Газарт хувьцаагаа худалдаж 100 142 төгрөг авсан бол 108 ширхэг хувьцаа хасагдаж 964 ширхэг хувьцаа эзэмшинэ. Дээрх хэлбэрээр мөнгөн тэтгэмж аваагүй иргэд болон Засгийн газарт хувьцаагаа арилжаагүй иргэдийн хувьцааны тоо 1,072 ширхэг байх ёстой.

-ХУВЬЦААНЫ ДАНС НЭЭХ ГУРВАН АЛХАМ-

1072 хувьцаагаа авахын тулд заавал үнэт цаасны данс нээлгэх ёстой. Учир нь тодорхой хугацааны дараа Эрдэнэс тавантолгойн хувьцаа хөрөнгийн бирж дээр албан ёсоор арилжагдаж эхэлсний дараа данстай хүмүүс энэ дансаараа дамжуулан хувьцааны ногдол ашгаа авах, зарах гэх мэт захиран зарцуулах эрхтэй болно.

  • НЭГДҮГЭЭР АЛХАМ: Иргэн та “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч эсэхээ шалгахыг хүсвэл ЭНД дарж, өөрийн регистрийн дугаарыг кирилл үсгээр шивж оруулан шалгах боломжтой. Харин Монгол улсын Үндэсний Аж Ахуйн Нэгжүүд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч болсноо шалгахыг хүсвэл мөн адил дээрх цахим хуудсанд буй “Регистр” гэсэн холбоосыг дарна. Мөн 1800-1072 дугаарын утсаар мэдээлэл авах боломжтой юм.
  • ХОЁРДУГААР АЛХАМ: Монголын хөрөнгийн биржийн сайтад хандан бүртгэлтэй брокерийн компаниудаас сонгоно. Үйл ажиллагаа явуулсан туршлага, нэр хүнд, Тогтмол үйл ажиллагаа явуулдаг эсэх, Байршил, техник тоног төхөөрөмж, харилцах боломжууд гэх мэт. Данс нээлгээгүй тохиолдолд брокерын компанид хандан данс нээлгэх боломжтой.
  • ГУРАВДУГААР АЛХАМ: Сонгосон брокерийн компанидаа бичиг баримтаа авч очин дансаа нээлгэнэ. Иргэний үнэмлэх, Төрсний гэрчилгээ /насанд хүрээгүй хүүхдийн/, Сонгосон брокерийн компани руу холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө авч болно. Брокерт хандан данс нээлгэснээр та хувьцаагаа өөрийн дансанд баталгаажуулсан гэсэн үг юм.

-БРОКЕРОО ХЭРХЭН СОНГОХ ВЭ-

Монголд үйл ажиллагаа явуулж буй брокерийн компанийн мэдээллийг ЭНДЭЭС  авах боломжтой. Данс нээлгэсэн бол дахин нээлгэх ШААРДЛАГАГҮЙ. Хэрэв өмнө нь брокер компанид хандан хувьцааны данс нээлгэж байсан бол дахин данс нээлгэх шаардлагагүй юм. “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг 2 511 000 иргэн эзэмшдэг. Тэдний 623 мянга нь хувьцааны данс нээлгэсэн байна. Үлдсэн 1.8 орчим хувьцааны дансаа нээлгэж байж 1072 хувьцааг эдийн засгийн эргэлтэт оруулах эрх нь үүсэх юм.

-ХУВЬЦАА ГЭЖ ЮУ ВЭ-

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулинд хувьцаа гэж компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн хувь нийлүүлэгчдийн хуралд оролцож санал өгөх, ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үндсэн эд хөрөнгийг худалдан борлуулснаас олсон орлогоос хувь хүртэх болон хуулиар тогтоосон бусад эрхийг гэрчилсэн үнэт цаасыг хэлнэ. ХУВЬЦААГ эзэмшсэний дараа бий болох эрх, үүргийн хүрээнд энгийн болон давуу эрх бүхий хувьцаа гэж хоёр ангилна.

ЭНГИЙН хувьцаа: Эзэмшигч нь хувь нийлүүлэгчдийн хуралд оролцож санал өгөх, компани ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн үед ногдол ашиг авах эрх бүхий үнэт цаас юм. 1072 хувьцаа нь энгийн хувьцаа юм.

Сэтгэгдэл бичих