Ажилгүй Ирланд эр олон зуун сая еврогоор байшин барьжээ

       Ирландын ажилгүй зураач Фрэнк Бакли гэгч эр 1.400.000.000 еврогоор Дублин хотод өөртөө, өөрийн гараар байшин барьжээ. Энэ нь бараг бүтэн хагамс тэрбум төгрөг гэсэн үг юм. Харин зураач энэ их мөнгийг хаанаас олсон хэрэг вэ?  Энэ нь маш хялбархан. Ирландын төв банк түүнд энэ их мөнгийг гаргаж өгчээ. Ингэхдээ Фрэнк урт хугацааны зээлийн өрөнд ороогүй. Түүнд энэ мөнгө зүгээр л ороод ирсэн байна. Юу гэвэл, энэ дэвсгэртүүд нь устгалд орсон мөнгө байжээ. Мөнгөөр байшин барих санаа зураач залуугын толгойд санаандгүй орж ирсэн бөгөөд тэрээр зураг зурж байхдаа чигжсэн мөнгөн дэвсгэртүүдийг ашигладаг байна. Эндхийн зоос, гоёлын үйлдвэр устгалд орсон, хуучирсан мөнгөн дэвсгэртүүдийн материалыг авахыг зөвшөөрчээ.

Учир нь ингэж  чигж,  жижиглэсэн дэвсгэртүүдээр гүйлгээ хийх боломжгүй нь мэдээж.

Урьд нь асар их  өртөгтэй  байсан  мөнгөний үрдэс чигдэс Баклигийн студийн шалаар нэг хөглөрдөг байжээ . Устгалд оруулсан мөнгийг зураг зурахад төдийгүй,  бас барилгын материал болгон хэрэглэж болох санаа түүнд гэнэт төрсөн байна. Тийнхүү тэр  өөртөө огт үнэгүйгээр  байшин барихаар шийджээ.  Бакли Ирландын төв банканд хүсэлт гаргаж,  тэнд  ч түүний  өвөрмөц сонин санааг зохих ёсоор үнэлж, устгалд оруулсан дэвсгэртүүдийг Зоос гоёлын үйлдвэрээс авах тусгай зөвшөөрлийг зураачид өгсөн байна.  Энэ  жижиглэж чигсэн мөнгөөр Фрэнк  5х15 сантиметрийн хэмжээтэй жижигхэн тоосго хийж, барилгын ажлаа эхлүүлжээ.

Барилгад  5, 10, 20, 100 болон 200-тын хуучин дэвсгэртүүд орсон байна.  Дээр дурдсанаар,  нийтдээ нэг тэрбум дөрвөн сая еврогийн дэвсгэртүүд хэрэглэжээ. Нэг тоосгонд 50 мянга орчим евро орсон байна.  Хаягдал мөнгө яваандаа унтлагын өрөө, зочны өрөө болон ванны өрөө бүхий аятайхан тохилог байшин болжээ.  Байшингийн хана төдийгүй, шалыг шахмал дэвсгэртүүдээр хийсэн байна. Байшин маш дулаахан  болсон бөгөөд  дүн өвлийн хүйтэнд ч  хөнжил нөмрөлгүй унтаж болно гэж Фрэнк Бакли ярьжээ.


“Еврог харааж, зүхэж болно, магтаж ч болно. Гэхдээ түүний тусгаарлах чанар нь маш сайн” хэмээн зураач залуу хошигнон ярьсан байна.  Байшин бага зэрэг давчуу болсон учир, цаашид гал зуухны өрөө,  амралтын өрөө залгаж барихаар төлөвлөж байгаа ажээ.  Ингэхдээ нөгөөх  л материалаа ашиглах нь мэдээж.  Фрэнк Бакли өөрийн барьсан уг байшингаа  “Солиорлын” хөшөө хэмээн нэрлэдэг байна.  Учир нь түүний байшин Дублин хотын үйлдвэр худалдааны төвд байдаг.  Нэлээд хэдэн жилийн өмнө энд олон зуун оффисын байшин  барьсан ч, улс орон хямралд орсноор олонх нь эзгүй хоосон байдаг байна.  Хүмүүс барилгын ажилд олон тэрбумын хөрөнгө оруулж байсан ч,  юу ч үгүй хоцорчээ. Харин Френк  “Би огт хоосон зүйлээс ямар нэг  хэрэгтэй  зүйл хийхийг хүссэн юм” гэж  ярьдаг байна.