Пуужингаас хурдан сөнөөгч онгоц

АНУ-ын агаарын нисэх хүчний “ Сөнөөгч F-35” онгоц нь дэлхийн хамгийн үнэтэй, цэрэг дайны зориулалтын сөнөөгч онгоц байх болно хэмээн ВВС агентлагт нийтлэгджээ. Энэ гайхамшигтай өндөр үзүүлэлт бүхий сөнөөгч онгоц АНУ-ын цэргийн супер онгоцуудын нэг болж байгаа юм. Нэг үгээр хэлбэл дайны зориулалтаар улсын нууцын хэмжээнд хийгддэг эд. Энэ мэт өндөр хүчин чадалтай агарын довтлогч хөлгийг тун цөөхөн үйлдвэрлэдэг ба F-35 бол тав дахь үеийн нууцын зэрэглэлд бүтээгдсэн онгоц юм.

F-35 сөнөөгч хөлөг дуунаас ч хурдан гэгддэг суперсоник хурдны хөдөлгүүртэй. Дэлхий дээрх хамгийн хурдан байлдааны хөлөг гэсэн үг. Пуужингаас ч хурдан шүү. Сөнөөгч онгоцыг хиймэл дагуул болон ямар нэг радар тодорхойлох боломжгүй хурд үзүүлдгээрээ ийнхүү гайхагдах ажээ. Түүнчлэн 360 градусын эргэлтийг тасралтгүй хийж чадах өндөр үзүүлэлттэй. Ийм хэмжээний хурдтай онгоцыг энгийн нүдээр олж харах ямар ч боломжгүй. Хөлгийн зарим нэг хэсгийг хийхэд нэлээд хүндрэл учирч буй гэнэ. Үүнд хэд хэдэн төрлийн технологийн асуудлууд тулгарч байгаа юм. Хамгийн сүүлд шийдсэн асуудал бол тусгай зориулалтын энэхүү хөлгийн гадаргууг хэрхэн, ямар материалаар хийх вэ гэдэг асуудал байсан гэж зохион бүтээгч багийнхан ярьж байна.

Цэргийн зориулалтын агаарын довтлогч хөлөг бүтээж буй энэ ажлыг “ Цэргийн мега төсөл” хэмээн нэрлэжээ. Төслийг удирдаж буй Усан цэргийн ерөнхий командлагч, дэд адмирал Дэвид Дануэй “Анх удаа онгоцыг туршихад муу үр дүн илрээгүй ч бас тийм ч сайн байгаагүй. Бид дахин судлаж, илүү сайжруулах шаардлагатай” хэмээн ярьжээ. Пентагоноос гаргасан тушаалаар ойролцоогоор арван жилд нэг удаа маш өндөр хүчин чадал бүхий онгоц бүтээдэг аж. Эрдэмтдийн тооцоолж буйгаар эдгээр сөнөөгч хөлгийг 2018 он хүртэл ашиглахгүй гэв. Тооцоолол судалгааны үндсэн дээр 2015 оны зун гэхэд дахин турших гэнэ. Улмаар ирээдүйд мөргөлдөөн, дайн үүсвэл тэнгэрт эдгээр супер онгоцууд эргэлдэх аж.    

“Триллион долларын сөнөөгч”

Хөлгийн талаархи бүхий л техник технологийн судалгаа, хөрөнгө оруулалтыг Пентагоноос хийж байгаа аж. АНУ-ын агаарын нисэх хүчний хэрэглэж байгаа F-35 маркийн сөнөөгч онгоц нь гурван загвартай. Тус улс өөрийн хэрэглээнээс гадна найман улсын захиалгаар сөнөөгч онгоц үйлдвэрлэдэг. Тэдгээр улсуудад чамгүй өндөр үнээр нийлүүлдэг. Ингэх учир нь энэ сөнөөгч онгоц өөрөө маш өндөр өртгөөр бий болж байгаатай холбоотой. Захиалагч талуудад ихэвчлэн F-35A, F-35C загварыг нийлүүлж байгаа аж.

Эдгээр сөнөөгч онгоцууд богино хугацаанд хурд авч чаддаг шигээ мөн хугацаанд газардалт хийх чадвартай. Бусад онгоцны адил том хэмжээний газардах талбай шаарддаггүйгээрээ нэлээд давуу талтай. Эдгээрээс гадна F-35B загвар нь даралтат чиглүүлэгч хошуутай хамгийн анхны сөнөөгч онгоц юм. Түүнийг хамгийн анх АНУ-д тэнгисийн явган цэргийн хүчинд хэрэглэж байсан ажээ. Хүчин чадлаараа шагшигдсан эдгээр гайхалтай хөлгүүд нь агаарын сөрөг урсгалыг ч сөрөн довтлох чадвартай.

Гэхдээ эдгээр хөлгийг ашиглах боломжтой, хэрэглээтэй улсуудын хувьд энэ тийм ч тэнгэрт хадсан үнэтэй эд биш гэнэ. Худалдан авагч талынхан байж болох л үнэ хэмээж байгаагаас харахад улс орнуудад иймэрхүү төрлийн зэвсэг, техникийн хэрэглээ байгаа, түүнийг худалдан авах шаардлага ч бий бөгөөд үүнд тэр хэмжээний хөрөнгө зарцуулах хэрэгцээтэй гэсэн үндэслэл байгааг харуулжээ.

Одоогийн гаргасан судалгаа тооцооллоор сөнөөгч хөлөг 400 тэрбум ам.долларын үнээр бүтээгдэж байна. Харин 30 жилийн дараахь мөнгөний ханшаар тооцож үзвэл нэг сөнөөгч хөлөг нэг триллион ам.долларын өртөгтэй байх гэнэ.

Одоогийн байдлаар төсөлд хөрөнгө мөнгө зарцуулах шаардлагатай байгаа хэдий ч энэ жил АНУ төсвийн таналт хийж, эдийн засаг, хөрөнгө зарцуулалтыг багасгасан. Иймээс төсөлд зарцуулагдах хөрөнгөөр суухад хүрээд байсан. Нэгэнт эхэлсэн төслийн дуусгаж зорьж буй техникээ гарган авахын тулд мөнгө төсөвлөх шаардлага тулгараад байгаа юм. Хөлгийг хугацаанд нь ашиглахын тулд шаардлагатай зүйлсийг нэмж хийх үүднээс улсын төсвөөс 8.4 тэрбум ам.долларыг ирэх жилд энэ төсөлд тусгахаа Барак Обама өнгөрсөн долоо хоногт болсон туршилтын үр дүнгийн тайлантай танилцах үеэрээ хэлсэн байна.

Х.Төгөл

Сэтгэгдэл бичих