Л.Оюун: Банкны өмчлөлд гадныхан давамгайлвал санхүүгийн тусгаар тогтнолд аюул учруулна

“Анод”, “Зоос” банкны дампуурлын дараа монголчууд арилжааны банкуудад мөнгөө байршуулахаас татгалзах нь ихэссэн. Олон нийт хувийн дүгнэлтээр аль найдвартай гэх салбарт хөрөнгө оруулснаар эрсдэлд орох магадлал өндөр болсон. Монголын банкны салбарын нөхцөл байдлын талаар МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш доктор, профессор Л.Оюунтай ярилцлаа.

-1990 оноос өмнө болон зах зээлийн нийгэмд шилжсэний дараах үеийн банкны систем ямар байсан бэ?

-Социализмын үед улсын ганц банктай, тэр нь орон даяар үйл ажиллагаа явуулдаг. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоотой байсан учир банкны ажлыг ч нарийн төлөвлөгөөний үндсэнд хийдэг байсан. Ямар үйлдвэр хаана барих, хэрхэн өргөжүүлэх зэргийг ганц банкны хэмжээнд шийдвэрлэдэг байв. Иргэдийн харилцах данс, зээл байгаагүй. Зах зээлийн эдийн засгийн нийгэмд шилжсэнээр банк цоо шинэ зарчмаар ажиллах шаардлагатай болсон.

Урьд нь байсан улсын банк, шинэ банкны хооронд асар том ялгаа байлаа. Шинэ тогтолцоонд шилжсэний дараа тулгарах асуудал олон байсан юм. Үүнээс болж тухайн үед олон банк хаалгаа барьсан даа. 1993-1995 онд тав, зургаан банк, 1998-1999 онд ч хэдэн банк дампуурсан. Гэхдээ 2000 оноос банкны тогтолцоо нэлээн төлөвшиж эхэлсэн. Гэтэл 2008 онд дараагийн хямралт үе эхэлж, “Анод”, “Зоос” банкны үйл ажиллагаа зогссон. Ер нь ардчиллыг сонгосноос хойш банкны систем иймэрхүү үечлэлтэй байсан.

-Одоо Монголын банкууд тогтворжиж чадсан уу?

-Нийгмийн хөгжлийг дагаад банкны систем боловсронгуй болж хөгжих ёстой. Хөгжлийн дараагийн түвшинд тохирч, банкны тогтолцоо өөрчлөгдөж байх учиртай. Тиймээс яг одоо банк төлөвшсөн гэж хэлэх нь харьцангуй ойлголт болно. Банкны тогтолцоо хөгжихийн хэрээр нийгэмд үзүүлэх үйлчилгээ нь сайжирч, иргэд, байгууллагуудад уян хатан зээл олгож, тэр хэрээр үйлдвэрлэл хөгждөг. Ингэж өсч, хөгжихийн хэрээр банкны хуучин үйл ажиллагаа, тогтолцоо нийгмийн хөгжлийн тухайн түвшинд тохирохгүй болно. Нэг үгээр нийгмийн хөгжлийн хурдцад тохируулан тогтолцоогоо өөрчилж чадаж байвал тогтворжиж байна гэж үздэг юм.

-Монголын банкуудад төрийн зохицуулалт зайлшгүй шаардлагатай юу. Банкны эрсдлийг төр даах зэргээр хариуцлагыг нь үүрч, эсвэл үйл ажиллагаанд нь оролцох мэтээр зохицуулалт хийдэг?

-2008, 2009 онд банкны салбар их эвгүй байдалтай болсон тул 2013 он хүртэл хадгаламж, харилцахыг төрөөс батлан даахаар шийдвэрлэсэн. Түүнээс хойш Хадгаламжийн даатгалын тогтолцоо бий болохоор банкны найдвартай ажиллагаанд санаа зоволтгүй байж болно гэсэн үг. Ер нь харилцагч, хадгаламж эзэмшигчдэд банк найдваргүй боллоо гэсэн хар төрмөгц бүгд хадгаламжаа татаж эхэлдэг. Хүмүүс мөнгөө татангуут банк хүнд байдалд орно. Учир нь банк хүмүүсийн хадгаламжаар зээл олгож, үнэт цаасанд хөрөнгө оруулчихсан байгаа тул мөнгийг нь өгч чадахгүй болчихдог. Тиймээс хадгаламжийн даатгалын тогтолцооны тухай хууль гартал Засгийн газраас батлан дааж байгаа юм.

-Гэхдээ хүмүүс бүгд хадгаламжаа татаад эхэлбэл хэдийгээр төр эрсдлийг хариуцна гэж байгаа ч банк дампуурах асуудал үүсч болно биз дээ?

-Харилцагчид нэгэн зэрэг хадгаламжаа татаад эхэлбэл хэцүү байдал үүснэ. Хэдийгээр Засгийн газар хариуцлагыг хүлээх ч тэр олон хүний мөнгийг өгөхөд бэрхшээл учирна. Тиймээс ийм байдал үүсгэхгүйн тулд л төрөөс батлан дааж байгаа юм. Хүмүүс банкнаас хадгаламжаа татаад эхэлбэл Засгийн газраас тайлбар хийнэ. Хүмүүс нэгэн зэрэг хадгаламжаа хаалгах шалтгаан нь итгэл үгүй болсонтой холбоотой.

-Монголын банкууд эрсдэлийн сан хангалтгүй, асуудал тулгарахад бүрэн хүчин чадлаар ажиллах чадваргүй гэх шүүмжлэл бий. Ер нь энэ санг хаанаас хянадаг вэ?

-Нэг хэсэг байдал хэцүү байсан. Учир нь банк эрсдлийн санг ашгаасаа бүрдүүлдэг. Гэтэл банкууд хэрхэн ажиллаж байсан билээ. Олсон ашгаа 100 хувь санд байршуулж, эргэлтгүй зогсонги байдалд орвол банкны ашиг авах боломж бага болно. Сүүлийн жилүүдэд банкуудын эрсдлийн санг Төвбанкнаас хатуу хянаж байна. Тиймээс банкууд сангаа маш сайн бүрдүүлэх болж. Арилжааны банкны дүрмийн сангийн хэмжээг 16 тэрбум төгрөг болгох шийдвэр гарсан.

-Банк дампуурах олон шалтгаан байна биз?

-Үндсэн гурван шалтгаан бий. Активаа алдсанаар банк дампуурна. Актив гэдэг нь хүмүүсийн банкинд хийсэн мөнгөөр байршуулсан хөрөнгийг хэлдэг. Тухайлбал, зээл олгож, үнэт цаасанд хөрөнгө оруулалт хийнэ. Тиймээс эдгээр хөрөнгө оруулалт эргээд мөнгө болж чадахгүй байдалд хүрэхийг активаа алдах гэж тайлбарлана.

Энэ нь дотроо бас гурван хэлбэртэй. Нэгдүгээрт, зээл төлөгдөхгүй болох. Хоёрдугаарт, үнэт цаасны зах зээл алдагдалд орох. Гуравдугаарт, гэмт хэргээс болж хөрөнгөө алдах. Гэмт хэрэг гэдэг нь зэвсэглэсэн этгээд банкийг дээрэмдэх ч юм уу, эсвэл банкны ажилтан мэргэжил, албан тушаалаа ашиглан мөнгө шамшигдуулснаар активаа алддаг.

Дараагийн том шалтгаан бол хөрвөх чадвараа алдах. Үүнийг хоёр талаас нь ярина. Шаардлагатай үед активаа мөнгөнд хурдан шуурхай хөрвүүлэх чадвараа алдсанаар банк төлбөрийн чадваргүй болно. Үүнээс гадна хүмүүс хадгаламжаа авах үед хөрөнгө оруулсан үнэт цаасаа маш хурдан мөнгө болгож чадахгүй бол хөрвөх чадваргүй болно гэсэн үг. Ингэж активын хөрвөх чадвараа алдаж байгаа хэрэг.

Харин шаардлагатай үед бага зардлаар мөнгө олох чадварыг пассивын хөрвөх чадвар гэнэ. Хүн мөнгөө нэхээд байхад эдгээр чадвараа ашиглаж чадахгүй бол банк хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болно. Түүнчлэн үндсэн үйл ажиллагаанаас алдагдалд орвол өөрөөр хэлбэл хадгаламжийн хүү нь зээлийн хүүнээс өндөр болох үед банк дампуурах гурав дахь том хүчин зүйл болно. Яг төлж байгаа хадгаламжийн хүү яг авч байгаа зээлийн хүүнээс өндөр байх тохиолдол гарч болно. Эдгээр шалтгаанаар банк төлбөрийн чадваргүй болж дампуурахад хүрнэ.

-Манайд 1990-ээд оны эхэн үед байсан банкуудын дампуурал ямар шалтгаантай байсан бол?

-Хэтэрхий найдваргүй зээл олгож байсан. Ямар ч судалгаа, тооцоогүй, барьцаа хөрөнгөгүй зээл олгож байсан учраас банкууд дампуурч байсан. Тэр үед зах зээлийн горимыг сайн мэддэггүй, судалгааг зохих ёсоор хийж чадаагүй учраас ийм байдалд хүрсэн.

-Цуурхлаас болж банк дампуурсан жишээ олон улсад хэр олон байдаг юм бол?

-Банк бол итгэлцлийн байгууллага. Мөн хүний мөнгөөр бизнес хийдэг ашгийн байгууллага. Нэг жишээ бий. Сингапурт нэг удаа бороо гэнэт орж л дээ. Тэр үед хүмүүс норохгүйн тулд нөмөр газар руу нэг барилгын үүдний саравч доор олноороо зогсож. Тэгэхэд нэг сурвалжлагч тэр хүмүүсийн зургийг авч сониндоо нийтэлсэн байна. Гэтэл тэр барилгын үүдэнд банк гэсэн хаяг байсан нь сонинд мөн гарсан байгаа юм. Сонин уншсан хүмүүс тэр банкийг дампуурч, хүмүүс мөнгөө авахын тулд дугаарлаж байна гэж ойлгоод маргаашаас нь хадгаламжуудаа татаж эхэлсэн. Ингээд тэр банк хэдхэн өдрийн дотор дампуурсан жишээ байдаг. Зүв зүгээр, хэвийн ажиллаж байсан банк шүү.

Манайд 2000 оны дунд үеэр иймэрхүү явдал гарсан. Тухайн үед “Монгол шуудан” компанийн үйл ажиллагаа бага зэрэг хэцүү болсон. Энэ талаар сонинд бичсэн. Гэтэл хүмүүс “Монгол шуудан” банкнаас мөнгөө авч эхэлсэн. Тэгэхэд банк хэвийн ажиллаж байсан юм. Тиймээс банкны удирдлага шуурхайн арга хэмжээ авч, сонины нийтлэлийг хувилан салбарууддаа тараасан. Тэгээд хадгаламжаа авахаар ирсэн хүмүүст харуулж энэ чинь “Монгол шуудан” банк биш “Монгол шуудан” компани гэж нэг бүрчлэн тайлбарлаж байсан. Тэр үед зарим хүн хадгаламжаа татсан. Учир нь тухайн хүмүүсийн итгэл байхгүй болсон хэрэг. Зарим нь андуурснаа мэдээд больсон гэдэг.

Гэхдээ цуурхал маш аюултай. “Эрэл” банкинд ийм явдал бас тохиолдсон. Тухайн үед удирдлагууд нь мэдэгдэл хийж байсан. Ер нь улстөрийн явуулга байсан гэж үздэг. Гэхдээ “Эрэл” банк корпорацийн тогтолцоотой учраас ажрахгүй.

-Монголын арилжааны банкуудын зээлийн хүү хэт өндөр. Үүнийг бууруулахын тулд яах ёстой вэ?

-Манайд банкны хүү ер нь өндөр. Гэхдээ үүнийг хоёр талаас харах ёстой. Монголын зах зээл бизнесээр эзлэгдээгүй. Тэгэхээр ямар ч бизнес хийх боломжтой, үүнээс ашиг болох магадлал нь өндөр. Энэ нь банкны зээлийн хүүний дарамтад орохгүй гэсэн үг. Нөгөөтэйгүүр зээлийн хүү бага байвал бүтээн байгуулалт, үйлдвэрлэл өсөх нөхцөл аяндаа бий болно. Зээлийн хүү өндөр байгаа талаар хүн бүр ярьж байна. Хүүгийн хэмжээг тогтоохдоо нэгдүгээрт хадгаламжийн хүүнд суурилдаг. Өнөөгийн байдлаар Монголд хадгаламжийн хүү өндөр байгаа тул зээлийн хүү ч ийм хэмжээнд байхаас өөр аргагүй.

Банк бол ашгийн төлөө, бизнесийн байгууллага учраас энэ хоёр хүүний зөрүүнд тулгуурлан оршин тогтнодог. Тиймээс зээлийн хүүг бууруулахын тулд хадгаламжийнхыг ч багасгахаас өөр арга байхгүй. Гэтэл ийм арга хэмжээ авахдаа хүрвэл банкин дахь хадгаламжууд гадагш урсана. Энэ тохиолдолд эдгээр хадгаламж бизнес рүү орно. Харин бизнесийн орчин сайн байх ёстой юм. Бизнесийн орчинг бүрдүүлээгүй байхад хадгаламж гадагш урсвал бүтээн байгуулалт, үйлдвэрлэл рүү чиглэхгүй инфляци бий болгоно. Тиймээс зээлийн хүүг бууруулах эхний алхам нь хөрөнгө оруулалтын орчинг сайжруулж, дараа нь хадгаламжийн хүү бууруулах бодлого. Манай оронд хадгаламжийн хүү буурах магадлал маш бага байна.

Хадгаламжийн хүүний орлогын албан татвар авах хууль бүр 1996 онд батлагдсан ч одоог хүртэл тэр хууль хэрэгжихгүй хойшлогдсоор байна. Учрыг нь хэлэх үү. Банкны хадгаламжийн 90 гаруй хувь нь нийт хадгаламж эзэмшигчдийн 3-5 хувьд харьяалагддаг. Энэ хүмүүс хууль тогтоох байгууллагад ажилладаг. Иймээс хадгаламжийн хүүний орлогын албан татвар төлөхгүй байх сонирхолтой. Тэгэхээр хадгаламжийн хүүг бууруулбал энэ хүмүүс мөнгөө банкнаас татна гэж дарамтлах нь байна. Ингээд л хадгаламжийн хүү буурахгүй байх магадлал өндөр байгаа юм.

Зээлийн хүү өндөр байснаар эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ гэдэг нь бараг тодорхой. Зээл авч бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд үнэ нь өндөр болно. Нэг үгээр үйлдвэрлэгч зээлийн хүүг зардалдаа шингээнэ. Энэ нь инфляцийн нэг хүчин зүйл болно.

-Арилжааны банкуудын олонх нь гадны мэргэжилтнүүдээр менежмент хийлгэдэг. Үүнийг эрсдэлтэй бодлого гэж шүүмжилдэг. Онолын хувьд банкны үйл ажиллагаанд гадныхан оролцох нь ямар үр дагаварт хүргэх вэ?

-Менежментээс гадна банкны дүрмийн санд гадныхан орж ирж байгааг хэлж болно. Манай банкны системийн хувьд энэ үзэгдэл аюулын түвшинд хүрсэн. 2011 онд Банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгаар банкны өмчлөгчдийг нийтэд ил тод байлгах заалт гарсан. Хүмүүс хэнд итгэж мөнгөө банкинд хийж байгаагаа мэдэх ёстой гэдгийн дагуу ийм заалт байгаа юм.Тэгээд анх удаа банкны эзэд ил тод болсон юм. Тэндээс тооцоолоход нийт банкны хөрөнгийн 76 хувь нь гадных болсон байна билээ. Үүнээс харахад банкны салбар гадны өмчлөлд орсон байна. Энэ нь эдийн засгийн тусгаар тогтнолд аюул учруулах үзэгдэл.

Нөгөө талаас нь үзвэл гадны мэргэжилтнүүд манай улсын банкны менежментийг хариуцах явдал олон бий. Өөрөөр хэлбэл удирдлагын зөвлөлд нь гадны хүн байна гэсэн үг. Энэ бол байж болох үйл ажиллагаа. Манайхан лоббидох дуртай, танил тал хардаг. Ингэснээр буруу алхам хийх гээд байдаг. Гадны хүн удирдаж байгаа нөхцөлд лоббид автахгүй, мөн олон улсын банкны соёл Монголд нэвтэрнэ. Энэ утгаар удирдлага нь гадныхан байхад эмзэглэхгүй байна.

Харин өмчлөл дээр гадныхан олширвол аюултай, нэг мэдэхэд бүх банк гадны мэдэлд орсон байх нөхцөлтэй болох юм. Энэ тохиолдолд банкнаас олж буй ашиг Монголд биш гадны оронд шингэнэ. Гэхдээ гадныхан огт байж болохгүй гэвэл бас хэцүү. Учир нь бидэнд одоохондоо хангалттай хөрөнгө, менежмент байхгүй. Гагцхүү банкны дүрмийн санд гадныхны өмч зохимжтой түвшинд байх асуудлыг хуульчлах хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа.

Сэтгэгдэл бичих