Ц.Оюунгэрэл: МАН-ын зарим даргын өрөөнд Лениний музейн үзмэр байна гэсэн

Шинэчлэлийн Засгийн газраас соёл урлаг, спорт, аялал жуулчлалын салбарт баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны явц, үр дүнгийн талаар Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

-Шинэчлэлийн Засгийн газрын ажлын хүрээнд танай яамнаас ямар шинэчлэл хийж байна вэ?

-Соёл, спорт, аялал жуулчлалын яам шинээр байгуулагдсан. Соёл урлаг, биеийн тамир, спортын болон аялал жуулчлалын гэсэн үндсэн гурван том бодлого хэрэгжүүлж байгаа. Үүнээс гадна соёлын өвийг хамгаалах болон үндэсний брендийг бий болгох гэсэн бодлого хэрэгжиж байна. Энэхүү бодлогын хүрээнд соёлын өвийг хамгааалах хуулийн төслийн шинэчлэсэн найрууллыг боловсруулж, энэ долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар оруулахаар бэлдээд байна. Ингэснээр соёлын өвийг хамгаалах, судалгаа шинжилгээ хийх, үүнтэй холбоотой бүтээгдэхүүн хийх, хамгаалахад олон нийтийг оролцуулах, аймаг сумдад салбар нэгжийг байгуулах зэрэг зүйлийг хуулийн хүрээнд хийх гэж байгаа. Үүнээс гадна боловсруулалтын ажилдаа яваа олон хуулийн төсөл байгаа. Тухайлбал, Киноны тухай хууль, Музейн тухай хууль, Уламжлалт мэдлэгийн тухай хууль, Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчлэсэн найруулга байгаа.

-Биеийн тамир спортын салбарт ямар шинэчлэлийг хийсэн бэ?

-Биеийн тамир спортын тухай хуулийн төсөл боловсруулах шатандаа явж байна. Энэ хүрээнд үндэсний шигшээ багийг бүрдүүлж, тив дэлхийн тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад олгох мөнгөн урамшуулалын ажлыг эхлүүлсэн. Гадаадын орныг зорьсон зарим тамирчид энэхүү мөнгөн урамшуулалтай холбоотойгоор буцаж эх орондоо ирэх хүсэлтэй байгаагаа ч илэрхийлээд байгаа. Мөн оюуны болон багийн спортын тамирчдын шагнал урамшууллыг нэмэгдүүлэхээр зорьж байна. Үүнээс гадна биеийн тамир спортын барилгын асуудлыг нэлээд өргөн хүрээнд авч үзэж байгаа.

-Манай зарим биеийн тамир спортын барилга байгууламжид МХЕГ-аас акт гаргаад байгаа. Энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ?

-Биеийн тамир спортын барилга бол бусдаас илүү их хөрөнгө мөнгө шаарддаг. Энэ ч утгаараа улсын төсөвт дарамт учруулдаг. Энэ жилийн тухайд Спортын төв ордны засварын ажлыг эхлүүлэхээр төсөвт тусгасан байгаа.

-Зарим спортын байгууллагын барилгад хамааралгүй хувийн хэвшлийнхэн үйл ажиллагаа ихээр явуулж байна. Энэ талд анхаарал хандуулж байна уу?

-Энэ бол өмнөх Засгийн газрын үед 5, 10 жилээр хийгдсэн гэрээтэй холбоотой. Тухай хувийн хэвшлийн байгууллагаас гэрээний хугацаа дуусах хүртэл битгий хөөгөөч гэсэн бичиг ирдэг. Яамны зүгээс гэрээ дууссан тохиодолд гэрээг сунгахгүй байх үүрэг даалгаврыг холбогдох байгууллагад нь өгөөд байгаа.

-Удахгүй улсын баяр наадам болох гэж байна. Төв цэнгэлдэхийн асуудал юу болсон бэ?

-Төв цэнгэлдэхийн 51 хувь нь хувь хүнд шилжээд байгаа. Энэ бол буруу хувьчлал болсон. Учир нь тамирчид маань очоод бэлтгэлээ хийе гэхэд ямар боломжгүй байдаг. Үүнээс гадна баяр наадам болохтой холбогдуулан жил бүр Төв цэнгэлдэхийн засварын ажилд төрөөс их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулдаг. Энэ нь нэг ёсондоо засварын ажил гэсэн нэрийн дор хөрөнгө оруулалт болоод байна.

-Аялал жуулчлалын салбарт хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчлэсэн найрууллыг боловсруулж байна. Энэхүү хуульд аялал жуулчлалын бүс нутгийн байгаль орчныг хамгаалах асуудлыг тусгасан байгаа. Өнөөдрийг хүртэл аялал жуулчлалын салбарыг зөвхөн хувийн хэвшлүүд авч явсан. Харин төр засгаас энэ удаад аялал жуулчлалын цаг ирэхээс өмнө сурталчилгааг хийсэн. Тухайлбал, дэлхийн томоохон телевизүүдээр монголын тухай сурталчилгаа цацаж, үүнээс гадна монголын аялал жуулчлалын цаглабарыг гаргаж байгаа. Мөн Берлин хотноо болох “IPT-2015” дэлхийн аялал жуулчлалын үзэсгэлэн яармагт манай улс түншлэгч орноор оролцохоор болсон.

-Эмээлийг БНХАУ өөрийн соёлын өвдөө бүртгүүлэхээр ЮНЕСКО-д өгсөн гэдэг мэдээлэл цацагдаад байна. Энэ талаар танай яаманд ямар нэгэн бичиг ирсэн үү?

-БНХАУ-аасЮНЕСКО-д соёлын өвдөө бүртгүүлэхээр 100 гаруй зүйлийн нэрсийг өгсөн. Тэрхүү жагсаалтад Өвөрмонголоос эмээлийг бүртгүүлэхээр өгсөн байсан. Гэхдээ ЮНЕСКО журмандаа нэг улс жилд нэг л удаа соёлын өвөө бүртгүүлнэ гэсэн өөрчлөлт хийсэн. Тэгэхээр тус улсаас өгөөд байгаа жагсаалт 100 жил үргэлжилнэ гэж ойлгож болно. Энэ жилийн тухайд манай улс Монгол бичгийг соёлын өвдөө бүртгүүлэхээр хүргүүлээд байгаа. Соёлын өвд бүртгэх асуудлыг тухайн улстай хил залгаа бус, ямар ч хамааралгүй таван улсыг сонгоод шалгаруулалт явуулдаг.

Ер нь сүүлийн хоёр жилд бүртгүүлэхээр явуулсан 11 өв буцаагдсан байгаа. Тухайлбал, Бурхан халдун уулыг, бүртгүүлэх боломжгүй гэж буцаагдсан байсан. Учир нь төрийн хамгаалалтанд байдаг ууланд иргэд анхаарлаа хандуулдаггүй юм байна гэсэн шалтгаанаар буцаагдсан.

-Дараа жил соёлын өвд юуг бүртгүүлэх вэ?

-Шагайн харвааг бүртгүүлэхээр бэлдэж байгаа.

-Лениний музейн асуудал юу болсон бэ. Шүүх хурал нөгөөдөр болно?

-Монголын түүхэнд анх удаа музейн бүх үзмэр алга болсон хэрэг гарсан. МАН-аас байрыг буцаан авах асуудлаар удаа дараа хүсэлт гаргаж, уулзаж байсан боловч “байхгүй ч юм шиг, байгаа ч юм шиг аль эсвэл мэдэх хүн алга” гэсэн битүү тайлбар өгсөн. Зарим сураг сонсох нь ээ тус намын зарим дарга нарын өрөөнд Лениний музейн үзмэр байна гэсэн. Манай яамны зүгээс холбогдох байгууллагад МАН-ын байр, Лениний музейн байр болон удирдлагуудын гэрт нэгжлэг хийгээч гэсэн хүсэлтийг тавиад байгаа.

Б.Даваатогтох

Сэтгэгдэл бичих