Ойн аж ахуйн арга хэмжээний ажлыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх шаардлагатай гэв

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Тогтоолд нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх болон Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Манай улсын ойн сангийн ойгоор бүрхэгдсэн талбай 12.5 сая.га, улсын нийт нутаг дэвсгэрд хувааж гаргахад ойрхог чанар нь 8.03 хувь байна. Манай улсын ойн сангийн зонхилох хувийг эзлэх шилмүүст навчит ойн талбай, нөөцийн сүүлийн арван жилийн өөрчлөлтөөс үзэхэд ойгоор бүрхэгдсэн талбай 244,3 мян.га талбайгаар хорогдсон байхад ойгоор бүрхэгдээгүй талбай 434,9 мян.га талбайгаар нэмэгдэж нэг ойн ургаа нөөц 2,6 шоометрээр буурсан байна.
Улсын хэмжээнд унанги модыг цэвэрлэх, арчилгаа хийх, ойжуулалт, байгалийн сэргэн ургалтад туслах, өсвөр модыг хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай байна гэлээ.
Арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор Улсын төсвөөс жилд 5.7 тэрбум төгрөгийг зарцуулж байгаа ба НӨАТ-д 570.0 сая төгрөг төлж байна.
Иймд импортоор орж ирж байгаа бөөрөнхий мод, гуалин, зүсмэл материал, банз, дүнз, модон бэлдэц болон ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойг арчлах, хамгаалах ойн аж ахуйн арга хэмжээний ажлыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх шаардлагатай байна гэж үзэн хуулийн төслийг боловсруулжээ.

Сэтгэгдэл бичих