Элчин сайд Х.Даваадорж жуух бичгээ барив

Монгол Улсаас Европын Холбоонд суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Даваадорж тавдугаар сарын 31-ний өдөр Европын Комиссын Ерөнхийлөгч Жозе Мануэл Баррозод бараалхаж, Итгэмжлэх жуух бичгээбарилаа.

Элчин сайд Х.Даваадорж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг Ерөнхийлөгч Баррозод уламжлаад, таатай үедээ Монгол Улсад айлчлах урилгыг дахин нотлов. Ерөнхийлөгч Ж.М.Баррозо, Элчин сайд Х.Даваадорж нар Монгол Улс, Европын Холбооны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн түвшин, мөн ойрын үед болсон арга хэмжээ, албан ёсны айлчлалын дүнд сэтгэл хангалуун байгаагаа харилцан илэрхийлээд, саяхан байгуулагдсан Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийг хэрэгжүүлэх ажлыг эхлүүлэхийн чухлыг онцлов.

Монгол Улс, ЕХ-ны хооронд байгуулсан Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд хоёр талын хамтын ажиллагааг ялангуяа Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх орчинг сайжруулах болон түүхийн эдийн салбарт хөгжүүлэх сонирхолтой байгаагаа Ерөнхийлөгч Ж.М.Баррозо илэрхийлэв. Ерөнхийлөгч Ж.М.Баррозо Монгол Улсын хоёр хөрштэйгээ тогтоосон харилцаа, хамтын ажиллагаа болон олон улсын ба бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлын талаарх Монгол Улсын байр суурийг сонирхсонд Элчин сайд Х.Даваадорж товч мэдээлэл өгч танилцуулав.

Ерөнхийлөгч Ж.М.Баррозо Элчин сайд Х.Даваадоржид Итгэмжлэх жуух бичгээ барьж буйд баяр хүргээд ажлын амжилт хүсэхийн сацуу Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, таатай үедээ Европын Холбоонд айлчлахыг мөн урилаа.Итгэмжлэх жуух бичиг барихад Ерөнхийлөгч Ж.М.Баррозогийн кабинетийн гишүүн Михаил Карнитшниг, Ажлын албаны гадаад бодлогын асуудал хариуцсан зөвлөх Хюго Собрал, Европын Комиссын Ёслолын албаны дэд дарга Педро Симброн, Европын Гадаад харилцааны албаны Ази, номхон далайн орнуудын газрын бодлогын мэргэжилтэн Малгорзата Янковска болон Монгол Улсаас Европын Холбооны дэргэд суугаа Төлөөлөгчийн газрын дипломат ажилтнууд байлцлаа гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих