Жолооны үнэмлэхээр хөлжсөн даргыг ажлаас нь халжээ

Оросын Дотоод хэргийн сайд Владимир Колокольцев Москва хотын замын цагдаагийн газрын жолооны курсийн шалгалт хариуцаж байсан орлогч дарга Михаил Мартюшевыг  үүрэгт ажлаас нь халсныг зарлажээ.  Нийслэлд жолоочийн үнэмлэх худалдах хууль бус үйлдэл илчлэгдсэнтэй холбогдуулан ингэж шийдвэрлэснийг “Интерфакс” агентлаг мэдээлсэн байна.

Жолоочийн үнэмлэх хууль бусаар олгож байсан хэргийн зарим зүйлийн талаар сайд бас дэлгэрэнгүй ярьжээ. Түүний хэлснээс үзвэл, Москвад сар бүр 100-гаас цөөнгүй хүн жолоочийн үнгэмлэх хууль бусаар авч байсан байна. Үнэмлэхний үнэ 28 мянгаас 45 мянга хүртэл рублийн хооронд байжээ. Тийнхүү гэмт бүлгийнхэн сард 3 сая гаруй рублийн орлого олж байсан байна. Нэг ээлжинд байцаагч 40 мянга гаруй рубль, харин салбарын захирагч нар 70 мянга гаруй рубль хууль бусаар авч байжээ.

Тийнхүү ОХУ-ын мөрдөн байцаах хороо замын цагдаагийн дөрвөн ажилтан, энгийн гурван хүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.

Жолооч нар үнэмлэх хууль  бусаар авсан эсэхийг хэрэг мөрдөн шалгах ажлын хүрээнд бүхэлд нь шалгана гэж мөрдөн байцаах хорооны төлөөлөгч Владимир Маркин мэдэгдэв. Ингэснээр хувийн машинтай олон зуун хүн үнэмлэхээ хураалгаж, эсвэл дахин шалгалт өгч болох хэрэгтэй болно.

С.Инда

Сэтгэгдэл бичих