Эзэнтэй эзэнгүйдэл

“1921 оноос өмнө Сүхбаатарын талбай хавьцаа асар их хэмжээний хог овоорсон цэг байжээ. Үүнийг хүрээнийхэн “Өндөр хог” хэмээн нэрлэж байв. Барон Унгерн Нийслэл Хүрээг чөлөөлөхийн хамт нийтийн цэвэрлэгээ зохион байгуулж, 100 гаруй жил хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлүүлжээ”. Энэ бол түүхийн хуудсанд үлдсэн үнэн. Бууриа олтлоо хориод удаа нүүдэллэсэн Улаанбаатар хот Алтан тэвшийн хөндийд суурьшиж, нүүдэлчин ард түмэн сурсан зангаараа хог хаягдлаа ил задгай овоолсоор нэг л мэдэхэд “Өндөр хог” гэж өргөмжлөгдөх хэмжээний хогтой болжээ. Ардын цэнгэлдэх хүрээлэн буюу Бөмбөгөр ногоон хотыг чимэх хамгийн том барилга байх үед ч, 25 давхар шилэн өндөрүүдтэй болсон өдгөө ч хог нийслэлийн мөнхийн сэдэв хэвээрээ. Товчхондоо Улаанбаатар үеийн үед хогноосоо салж чадсангүй.

Улаанбаатарын хог хаягдлын менежментийг сайжруулах хөгжлийн судалгааг “ЖАЙКА” хийж, 2020 он хүртэлх хог хаягдлын мастер төлөвлөгөө боловсруулсан. Хүн ам өсөх хэрээр хог хаягдал нэмэгдэнэ. “Жайка”-гийн судалгаанаас харахад 2030 он гэхэд хоногт гарах хог хаягдлын хэмжээ 2 000 тонн болж, 2006 онтой харьцуулахад 2.6 дахин нэмэгдэнэ гэжээ. Арван жилийн дараах 2030 он бус өнөөдөр ч өдөрт 2000 орчим тонн хог хаягдал хэрэгцээнээс гарч, 1500 тонн нь төвлөрсөн цэгт хүргэгдэж буйг Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн мэргэжилтэн С.Аригуун хэлсэн. Нэгдсэн удирдлага, оновчтой бодлого шаардлагатай байгааг өсөн нэмэгдэж буй хэмжээ, хотын гудамжинд овоорон хөглөрөх хог харуулна. Улаанбаатар хотод өнөөдрийг хүртэл хогны асуудлыг тусгасан оновчтой бодлого байгаагүйг олон зүйлээс харж болно. Хог хаягдлын менежментийг сайжруулах төсөл хөтөлбөрийг үе үеийн удирдлагууд баталдаг ч хэрэгжсэн нь үгүй. Тэр хөтөлбөрт хогийг ангилан ялгах, боловсруулах асуудал улиг болон давтагддаг ч өнөөдрийг хүртэл бодит ажил болоогүй. Зөвхөн гал унтраах л арга хэмжээ авдаг. Өнгөрсөн жил 18 сая төгрөгийн төсөвтэй “Хоггүй Улаанбаатар” нэртэй хоёр сарын аян өрнүүлсэн. Хөрөнгө мөнгө зарлагадсны ачаар хур хогийг цэвэрлэж тээвэрлэсэн. Харин өнөөдөр цэвэрлэсэн цэгт дахин хог үүсчихсэн, дахиад л хөрөнгө мөнгө шаардлагатай болжээ. Үүнээс гадна хотын төсвөөс 2012 онд 1.2 тэрбум төгрөг гаргаж, хур хог цэвэрлэсэн. Энэ онд мөн л 200 сая төгрөгийг хур хогонд зориулан төсөвлөсөн аж. Бүх нийтийн цэвэрлэгээ зарладаг ч цэрэг, оюутнуудаас өөр хэн ч оролцохгүй. Үнэн хэрэгтээ манайхан оновчтой бодлого гаргаж, тууштай ажил эхлүүлэх бус данхайсан том бүтэцтэй газар хэлтэс байгуулах дуртай. Ажил хийдэг л бол хогонд эзэн цөөдөхгүй олон. Захирагчийн Ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтэс, дүүргүүдэд Үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэс, Хот тохижилтын газар, Хог хаягдлын үйлчилгээний сан, ТҮК-үүд гээд хогтой нэр холбогдсон олон байгууллага бий. Олон эзний ачаар ажил гялалздаг бол өнөөдөр Улаанбаатарт ширхэг ч хоггүй байх байсан. Гэтэл бодит байдал дээр тэд шуудайд хийсэн үхрийн эвэр мэт ажил булаасан, хулгайлсан хэмээн нэгнээ чичилж суудаг. Хог хаягдлын үйлчилгээний сан, ТҮК-ийнхэн хогны мөнгөнөөсөө болж хэсэг хэрэлдсэн. Үнэндээ ч Хог хаягдлын санг “мөнгө угаагч машин” байсныг өнгөрсөн дөрвөн жилийн НИТХ-ын төлөөлөгчид илрүүлж, татан буулгаснаар энэ хэрүүл намжсан билээ. Гэтэл өнөөдөр хогийнхны дунд бас хэрүүл үүсээд байна. Менежментийн хувьчлалыг түтгэлзүүлсэн Өмч хувьчлалын комиссын шийдвэрийг эсэргүүцсэн ТҮК-ийнхэн шүүх цагдаа болж явна. 2013-2016 онд Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд “Хог тээвэрлэгчийг сонгон шалгаруулах, санхүүжүүлэх үйлчилгээний хураамжийг төвлөрүүлэхэд мөрдөх журам” батлагдсан. Энэ журмын дагуу дүүрэг бүрт хог тээвэрлэгчийг сонгон шалгаруулах ёстой. Энэ эрх мэдлийг дүүргийн Засаг дарга эдэлнэ. Гэтэл Засаг дарга эрх мэдлээ хэтрүүлэн ямар ч шалгуургүйгээр тээвэрлэгчдийг хууль бусаар сонгосон хэмээн дүүргүүдийн ТҮК-ийн удирдлагууд гомдоллож сууна. Сонгинохайрхан дүүрэгт Тээвэр үйлчилгээний төв; Тээвэр үйлчилгээ, тохижилт, цэвэрлэгээ; Нийтийн үйлчилгээний газар гэсэн гурван орон нутгийн өмчит газар байгуулагдаж, ТҮК-ийн машин техникийг “дээрэмдсэн” гэнэ. Энэ байдлаас болоод тус дүүргийн 11 хороо хогондоо дарагдсан гэж ТҮК-ийн захирал Б.Загджав хэлэв. Баянгол дүүрэгт ч ийм асуудал үүсээд буй. “Баянгол Шинэ-Өргөө” нэртэй нийслэлийн өмчит газар байгуулагдаж, Засаг дарга нь шууд гэрээ байгуулан, ажлыг нь авсан хэмээн ТҮК-ийн захирал Д.Батсайхан ярьж сууна. Энэ мэтээр хотын хогонд эзэн мундахгүй нь. Хууль, дүрэм журам ч бас цөөдөхгүй. Өнгөрсөн онд Хог хаягдлын тухай хууль батлагдсан. Уг хуульд хог хаягдлыг бууруулах, ангилах, цуглуулах, тээвэрлэх, хадгалах, дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, устгах, экспортлох зэрэг бүх харилцааг зохицуулсан боловч ганц ч нь хэрэгжээгүй байна. Нийслэлээс дүрэм журам, тогтоол, захирамж батлагддаг ч гаргасан хэдхэн хүний хүрээнээс цааш хэтэрдэггүй. Үүний нэг жишээ нь гялгар уут хэрэглэхийг хориглосон захирамж. Жирийн иргэд битгий хэл томоохон сүлжээ дэлгүүрүүд ч энэ захирамжийг сонссонгүй, гялгар уутаа зарсаар. Бас Хог хаягдлын ангилан ялгаж хаях журам батлагдсан ч цаасан дээрээ үлджээ. Үнэхээр зохицуулдаг л бол хог хаягдалд хариуцах эзэн, мөрдөх хууль дүрэм багадаагүй. Харин энэ бүхнийг зангидах нэгдсэн бодлого өнөөдрийг хүртэл үгүйлэгдсээр байна. Эзэнтэй мэт харагдах эзэнгүйдэл л гэж энэ байх.

Далд ашиг

Хэсэг бүлэг хүмүүс хэл амаа билүүдэж, буцаалдаж байхыг бодоход Улаанбаатарын хог ашиггүй бизнес биш ээ. Нийслэлийн гэр хорооллын иргэдийн 50-60 хувь нь сар бүр хогны 2 500 төгрөгөө хураалгадаг. Орон сууцныхан бол бараг 100 хувь. Гэр хороололд дунджаар 190 мянган айл өрх амьдардаг бөгөөд тэдний 60 хувь нь мөнгөө төлдөг гэхээр сард 285 сая төгрөг цуглана. Харин орон сууцанд 130 орчим мянган айлд өрх амьдардаг гэхээр 325 сая төгрөг төлбөрт хураадаг. Сардаа дунджаар 61 сая төгрөг. Эндээс Улаанбаатар цахилгаан түгээх компани үйлчилгээний үзүүлсний төлбөрт 23 хувийг авахаар 14.03 сая болно. Үлдсэн 46.97 сая нь төвийн зургаан дүүргийн ТҮК-үүдэд хуваариллагддаг. Эндээс харвал ашиг бус зөвхөн зардлаа нөхдөг нь харагдана. Үүний цаана аж ахуйн нэгж, байгууллагаас авах хогны төлбөрийг ТҮК-үүд үзэмжээрээ шийдэж, дунджаар 50 мянган төгрөг татдаг. Энэ мөнгө ашиг болон үлддэг байхыг үгүйсгэх аргагүй. Одоо хог тээвэрлэгчдээс гарч буй зардлыг тооцон үзье. Машины эвдрэл, гэнэтийн шаардлага л гарахгүй бол өдөрт шатахууны үнэ, ачигч жолоочийн цалингаас өөр зарлага үгүй. Жолооч, хоёр ачигч нэг рейс хийхдээ тус бүр 15 мянган төгрөгийн хөлс авдаг. Дээр нь 15-20 литр шатахуун хэрэглэдэг гэвэл нийт 80 мянган төгрөг зарлагадана. Захирагчийн Ажлын албаны Хог, тохижилтын удирдлагын хэлтсийн мэргэжилтэн С.Аригууны хэлж буйгаар 130-150 мянган төгрөгийн зарлага гарна. Дүүргийн бүх машин өдөр бүр үйлчилгээнд гардаггүй нь ойлгомжтой. Дунджаар нэг машин хоёр удаа рейс хийнэ гэвэл 160 мянган төгрөг. Айл өрхүүдээс маш бага мөнгө төвлөрдөг, түүнээс хэд дахин их зардал гардаг хэмээн дээр дооргүй ярих атлаа энэ бизнестэй холбогдсон нэгэн салахыг хүсдэггүй нь хогонд ямар нэг татах хүч буйг харуулна.

Машин хангалттай ч хогтойгоо

Өнгөрсөн жил Улаанбаатарын хог тээврийн машины паркд иж бүрэн шинэчлэлт хийгдсэн. Тээврийн үйлчилгээнд зориулагдсан 340 орчим машин нийслэлд бий. Хотын төсвөөс 15 тэрбум төгрөг гаргаж, 164 машиныг шинээр оруулж ирсэн. Дээр нь Цэвэр агаар сангаас 13 задгай, 15 шахдаг тэвштэй нийт 28 хог тээврийн автомашиныг нийслэлд хүлээлгэн өгч, хотын Ерөнхий менежерийн баталсан хуваарийн дагуу дүүргүүдэд хуваарилсан. Машин байхгүй гэж халагладаг цаг ард хоцорчээ. Харин орж ирсэн машинуудад хуучин шинийн асуудал яригдаж эхэлсэн. Жил ч яваагүй машинууд эвдэрсэн яриа гарч, мөн л мөнгө угаасан гэх хардлагыг төрүүлсэн. “Хуучин машин оруулж ирээгүй. Харин муу машин гэсэн асуудал байж болно. Энэ бол хоёр талтай. Ашиглагч байгууллагын алдаа ч бий. Ашиглагч байгууллага даац хэтрүүлэх, өвөл гадаа хонуулж, тос тосолгооны материал царцахад л машины эд ангид эвдрэл гардаг” гэсэн тайлбарыг С.Аригуун өгсөн. Товчхондоо ТҮК-ийнхэн бусдын оруулаад ирсэн машиныг ашиглаж чаддаггүй гэсэн утгатай тайлбар хийсэн. Харин ТҮК-ийнхэн эдэлж ашигласан хуучин машин байсан гэх эсрэг зүйлийг ярьдаг. Ямартай ч тэрбумаар тоологдох хөрөнгө гаргасан ажилд хэн хэн нь сэтгэл гаргаж хандах ёстой. Нийслэлд явж байгаа машинууд ихэнх нь 18 тоннын даацтай. Гэтэл ТҮК-үүд 4-6 тонн хог тээвэрлэж, төвлөрсөн цэгт хүргэдэг. Уг нь нийслэлийн гудамж, гэр хороололд машины даац нь хэтрэхээр их хог байгаа, хог олдохгүйн “зовлонгүй”. Ямар шалтгаанаар даацын талд нь ч хүрэхгүй хог ачиж шатахууны үргүй зардал гаргадаг нь тодорхойгүй.

Үргэлжлэлийг Үндэстний Тойм сэтгүүлээс

Б.БАТЦЭЦЭГ

news.mn

Сэтгэгдэл бичих