Г.Арслан: "Намайг төрийн албанаас тийм амар зайлуулж чадахгүй"

"Намайг төрийн албанаас тийм амар зайлуулж чадахгүй"

-Төв бассейны захирал Г.Арсланг байгууллагынхаа ашгаа өсгөсний төлөө шалгаж эхэлжээ-

“1,5 сая төгрөгийн ашигтай ажиллаж байсан байгууллагын ашиг энэ оны эхний улиралд 100 саятөгрөгт хүрчээ” гэсэн сонирхолтой мэдээлэл чих дэлсэв. Ямар гээч байгууллагын ашиг ийн нэмэгдэв гээд лавшруулан хайтал “Усан спорт сургалтын төв” олон нийтийн өмчит, аж ахуйн тооцоот улсын үйлдвэрийн газар буюу олны нэрлэж заншсанаар Төв бассейн байлаа. Ийн ашгаа хэд дахин нэмэгдүүлсэн хүн бол тус төвийн дарга Г.Арслан юм. Түүнийг “тэмцэгч” гэдэг тодотголоор нь илүү мэддэг ч энэ удаа төрийн албан хаагчийнх нь хувиар уулзаж ярилцлаа. Тэмцэгчээс төрийн албан хаагч болсон түүхээс илүүтэй түүний үг яриа, үзэл бодол нь тэмцэгчийн үеийнхээс өөрчлөгдсөн эсэх нь сонирхол татсан юм.

-1,5 саяын ашгийг 100 саяд хүргэсэн нууцаасаа хуваал­цаач?

-Миний хувьд Усан спорт сургал­тын төв хөндлөнгийн байгууллага биш. Энэ бассейныг анх 1986 онд нээхэд би тамирчдыг төлөөлж үг хэлж байлаа. Өнөөг хүртэл би усанд сэлсээр байгаа. Нийслэлд төдийгүй улсдаа ганц байдаг усан бассейныг жинхэнэ утгаар нь хөгжүүлэхсэн гэж бодож ажиллаж байна. 2012 оны аравдугаар сарын 3-ны өдрөөс хойш өдөр бүр үдшийн 24 цаг хүртэл ажиллаж байна. Өдөр бүрийн орлого, зарлага, санхүүгийн байдлыг би давхар хянаж байгаа. Би сүйдтэй менежмент хийгээгүй, зардлаа танаагүй, тэгсэн хэр нь ашиг өмнөх оныхоос эрс нэмэгдсэн. Ашгаа өсгөсөн ганц шалтгаан ердөө л би өөрөө мөнгө идээгүй, бусдад ч тийм боломж олгоогүй гэж хэлэх байна даа.

-Сонирхолтой юм. Тэгэхээр өмнө нь олж байсан ашиг хэн нэгний халаас руу орсон байх байх нь ээ. Та ол­сон ашгаа юунд зарцуулсан бэ?


-Тийм ээ. Үүнээс өмнөх 10 жилд төв бассейны захирлаар ажил­лаж байсан Дөрвөнжин, Ганбат нарыг шалгуулахаар холбогдох байгуул­лагад хандсан. Хуучин удирдлагуудөдөрт 1,5-2 сая төгрөг идэж байжээ гэсэн дүгнэлтэд хүрсэн. Дээврийн засвар хийх гэж нэг компанид 50 гаруй тэрбум төгрөг өгчихсөн, өнөө хүртэл засагдаагүй байна.2012 оны долдугаар сард 6,7 сая төгрөгөөр принтерийн хор авсангэсэн баримт бий. Нэг яамны бүтэн жилийн хэрэгцээ гэсэн үг. Үүнийг тухайн үед яагаад шалгаагүй вэ гэсэн асуулт гарч байгаа биз. Энэ бол бусармаг олон явдлын ердөө нэг л жишээ. Ер нь ганц манайх биш төрийн өмчит олон байгуул­лагад ашиг орлогоо нуун дараг­дуулах,хувьдаа завших явдал их байна.

Бид улсаас татаас авдаггүй, ажиллагсдын цалин, бусад зардлыг ашгаасаа гаргадаг. Ажлаа аваад би ажиллагсдынхаа цалинг нэмнэ гэж амласан. Амлалтаа биелүүлсэн. Эхний улирлын ашгаас ажилчдаа цалин­жуулан фитнесийн өрөөндөө шинэ тоног төхөөрөмж авсан. Дараа дараа­гийн сард фитнесээс орох орлого нэмэгдэнэ гэж тооцож байгаа.

-Гэхдээ зардлаа танаа­гүй гэлүү?


-Харин ч эсрэгээрээ. Манай бай­гуул­лагын гэрэл цахилгаан, цалин пүнлүү, үйлчилгээнд хэрэг­лэ­дэг бүхий л зардал өссөн. Бид өдөрт 150 тонн ус асгаж байж усаа цэвэр­шүүлдэг. Ус цэвэршүүлэх байгуу­ламж, агаар шүүлт маш их бохирдсон. Тиймээс зардал танах ямар ч боломжгүй.Ганцхан зардал багассан нь миний өрөөний утасны төлбөр. Улиралд 180 мянган төгрөг гардаг байсан бол энэ оны эхний улиралд 21 мянган төгрөгийн төлбөр гарсан.

-Гэхдээ төв бассейнд 1990-ээд оноос хойш нэмсэн, чимсэн зүйл харагдсангүй?

-Тийм ээ. Үнэхээр тийм хараг­даж байгаа биз. 1986 оноос хойш их засвар нэг ч удаа хийгээгүй. Дээрээс нь урсгал засварыг чанартай хийхийн оронд мөнгөнөөс нь тонох бодолтой хүмүүс л ажиллаж байснаас төв бассейн хөөр­хийлөлтэй байдалд орчихоод байна. Манай сантехник, цахилгааны монта­жууд бүгд муудсан. Ус цэвэршүүлэх байгууламж, агааржуу­лалтын систе­мийг үндсээр нь солих ёстой. Том бассейний дээврийг иж бүрэн шинэч­лэхээс эхлээд хийх ажил маш их байна. Ингэж шинэчлэхгүй бол ирэх өвлөөс төв бассейн хаалгаа хаахад хүрнэ.

-Иж бүрэн засахад хэдий хэр хөрөнгө хэрэгтэй вэ?

-Би Герман улсад төгссөн барил­гын инженер хүн. Муу ч инженер биш. Өөрийн хэмжээнд гаргасан зураг бүдүүвчээр тооцоход хамгийн багадаа гурвантэрбум төгрөг шаард­лагатай. Цаашлаад олон улсын стандартад нийцүүлье гэвэл 10 тэрбум ч хүрч мэднэ. Манайх 25 мет­рийн урттай, зургаан замтай, таван метрийн гүнтэй улсдаа хамгийн том бассейн. Улсаас дэмжвэл бассейныг зүүн тийш Сэлбийн эрэг хүртэл өргөтгөөд усан цогцолбор болгох боломж бий. Дахин гурван бассейн барих зай байна. Одоо байгаагаас хоёр дахин урт 50 метрийн урттай, 10 замтай, тив, дэлхийн аваргын тэмцээн явуулах стандартад тэнцсэн, 2000-4000 хүний суудалтай бассейн барих газар бий. Мөн төдий хэмжээтэй задгай бассейн, хүүхдийн бассейн, саун, массаж, биллиард, боулинг, элсний волейбол, наран шарлагын талбайтай амралт чөлөөт цагийн цогцолбортой болохыг мөрөө­дөж сууна. Тэр байтугай усан парк, ажилчдын орон сууц, тамирч­дад зориулсан зочид буудал, машины зогсоол бүхий комплексийн зургийг хийсэн. Тэр зургаа төрийн гурван өндөрлөгтөө танилцуулсан. Хотын удирдлага, яамныханд бичиг явуулсан, одоогоор хариу ирээгүй л байна. Монголд тэр хэрийн бассейн барих мөнгө байгаа. Чингис бондын мөнгө ч байна. Тийм сайхан усан комплекстай болчихвол зундаа Туулыг бохирдуулан, бужигнаад байхгүй болно.

-Сайхан санаа байна. Таны энэ хичээл зүтгэлийг хүмүүс хэр ойлгож байна. Та фэйсбүүктээ “Намайг шал­гахын оронд мөнгө идсэн хүмүүсээ л шалга” гэж бичсэн байсан?

-Зуун сая төгрөгийн ашгийг 1,5 болгон бууруулсан бол намайг шалгаж болно. Гэтэл ашгаа өсгөсний төлөө намайг шалгасан. Мэргэжлийн хяналт болон Авлигатай тэмцэх газрынханд “Би нэг ч төгрөг өвөртлөөгүй. Харин гэртээ олон тэрбум төгрөг хадгалж байгаад сэйфтэй нь алдсан, найман жилийн өмнө надтай хамт шалдан жагсаж явсан хэр нь одоо өдий төдий хөрөнгөтэй болчихсон хуурамч хүмүүсийг шалга” гэж хэлсэн.Харин манай найз надад “Чи тэнэг байна. Зуун саяын ашигтай газар ажиллахыг хүсэхгүй хэн байх вэ. Тиймээс л чамайг шалгаад байгаа юм. Аягүй бол дэвшүүлэн зайлуулчихаад оронд чинь очих гэсэн хүмүүс шалгуулж байгаа” гэж байна лээ. Надад бол хамаа алга. Би буцаад гудамжиндаа гарсан ч ичиж зовох зүйлгүй. Гэхдээ би төрийн албан хаагч болсон. Тийм ч амархан зайлуулж чадахгүй.

-Ингэхэд тэмцэгчээс төрийн албанд шилжихэд ямар сэтгэг­­дэл төрж байна?

-Сүүлийн 23 жилд би анх удаа төрийн албаны ажил хийж байна. Түүнээс өмнө бол төрд зүтгэж байсан. Харин аль ч цаг үед над шиг шударга хүн төрд ажиллахад хүндрэлтэй байдаг юм байна. Наад зах нь дарга, УИХ-ын гишүүдээс хөнгөлөлт үзүүлээч гэсэн хүсэлт ирэх юм. Жирийн ардын хүүх­дүүдэд хөнгөлөлт үзүүлэхгүй байж, хэдэнсаятөгрөгийн цалинтай хү­мүүст би яаж хөнгөлөлт үзүүлэх вэ дээ.

-Төрийн өмчийн компаниу­дыг ашигтай ажиллуулахын тулд хувьчлах хэрэгтэй гэсэн байр суурь байдаг. Та санал нийлэх үү?

-Би энэ бассейныг хувьчлахын эсрэг байна. Хувьчлах юм бол шуудхан хэлэхэд нэг мөнгөтэй луйварчин нь баар цэнгээний газар болгочихно шүү дээ. Тэр цагт усан спортын хөгжил зогсоно. Дээр өгүүлсэн усан цогцолборыг байгуул­чих­вал зөвхөн миний нэр биш, хотын дарга Э.Бат-Үүлийн нэр ч биш улсын маань нэр гарна. Яагаад бие бял­дар ойролцоо Хятадууд тэр олим­поос медаль аваад байна вэ. Манай тамирчдад бэлтгэл хийх боломж­гүйгээс амжилт гаргахгүй байна.

-Мэргэжлийн тамирчид олон уу, багшлах боловсон хүчин хэр хангалттай байна?

-Багшлах боловсон хүчин өнөө­дөр­төө хангалттай. ОХУ-д усны мэргэж­лээр төгссөн дөрвөн багш бий. Усанд элэгтэй Баяраа багш маань бурхан болсон ч түүний бэлт­гэсэн 22 багш бий. Тэдний тэн хагас нь мэргэжлээрээ ажиллаж байна. Мэргэжлийн тамирчдын хувьд үнэн­дээ тааруу шүү. Тавь гаруй настай би залуустай хамт сэлээд түрүүлээд байна гэдэг чинь миний сайныхбиш, усан спорт хөгжөөгүйн илрэл.

-Усан спортын холбоо гэж бий биз дээ?

-1990-ээд оны дунд үед бидУсны холбоог анх байгуулж,олон улсын усны холбоонд элссэн. Би анхнаасаа холбоондоогишүүнээр ажиллаж,хяналтыг нь хариуцдаг байлаа.Одоогоос 12 жилийн өмнө Сан­гийн сайд Ч.Улааныг холбоо­ны ерөнхийлөгчөөр тавьснаас хойш усан спорт доройтсон.

-Та барилгын инженер хүн. Мэргэжил тань бас энэ ажилд тус нэмэр болж байгаа байх?

- Би барилгын инженерээс гадна гадаададтөгссөн цорын ганц эрэн сурвалжлагч сэтгүүлч. Ээж маань буриад хүн. Харин аавДорнодын Халх­голынх.Би өөрөө Дөчин мянгатын хүн гэж явдаг.Дунд сур­гуульд байхдаа хоёр алтан медаль авч байснаас өөр гавьяа шагналгүй.Ардчилсан холбоо анх гарч, анхдагчид өлсгөлөн зарлаж байх үед өдөр бүр хоёрблок “Marl Boro” тамхи тэдэнд өгдөг байлаа. Тэр үед би Улаанбаатар зочид буудлын шөнийн баарны эрхлэгч байв. Валютаар бодвол 10 мянган доллартай ч байлаа. 1964 онд зуны олимпийн наадмын үеэр би анх удаа 25 мянган доллар барьж үзсэн. Миний амьдралын утга учир мөнгө биш юм. Гавьяа шагнал, албан тушаалын төлөө чардчиллыг сонгоогүй. Би Ардчилсан намын анхны гишүүдийннэг. Харин 1998 ондС.Зориг агсныг өөд болохын өмнөхөн намаасаа гарсан. Одоо бол нам бус.

-Яагаад намаасаа гарсан юм бэ?

-Тэр үеэс л ардчилал нэг л буруу зам руу ороод байх шиг санагдах болсон. Хэн шударга байна, түүнийг бидэмжинэ. Гэвч шударга хүн аль ч нийгэмд хавчигдсаар байдаг юм байна. 2008 оноос хойш УИХ-д нэр дэвшиж байна, гараагүй. Шударга хүн гардаггүй юм байна. Би сонгуулийн “машин”-аас болсон байх гэж боддог. Гэвч би батлаж чадахгүй. Эцэг эхээс заяасан шударга зангаа биөөрчлөөгүй өнөө хүрсэн. Хойшдоо ч өөрчлөгдөхгүй.Тиймээс“Би 70 хүртлээ биш далд ортлоо үгээ хэлнэ” гэж Facebook-тээ бичсэн.

-Та АТГ-аас “Шударга иргэн” шагналаар шагнуулж байсан санагдана?

-2011 онд би АТГ-аас “Шударга иргэн” шагналыг хүртэж байсан. Надтай хамт хэд хэдэн хүн шагнуулс­ны дотор Ж.Батзандан ч байсан. Тиймээс би түүнтэй хамт нэг шагнал авсандаа ичээд бэлгэнд өгсөн франц үзгийг нь худалдчихсан.

-Та Ж.Батзандантай мөр зэрэгцэн тэмцэж явсан. Гэтэл яагаад түүн­­тэй “аллерги”-тай бол­чихов оо?

-“Аллерги”-тайбиш л дээ. Би хамт тэмцэжявсан хүмүүстээ итгэж байсан. Гэтэл замын дундаас шударга үнэнээс нүүр буруулсан олон хүн байгаа. Тэдний нэг нь Ж.Батзандан. Бас УИХ-ын гишүүн С.Ганбаатар. Хүн залиар хол явахгүй ээ. Их өндөрт гарсан хүнунахдаа бяц унадаг гэсэн үг бий. Би бол мөлхөөд л явж байна. Мөлхөж байгаа хүн хальтирдаггүй юм. “Эрүүл нийгэм иргэний хөдөл­гөөн” анх байгуулагдахад бидний үеийн­хэн оффист нь сууж бүх бичиг баримтыг нь боловсруулдаг байлаа. Гэрийнхээ компьютерыгаваа­чиж тавьчихаад 8-24 цаг хүртэл ажилладаг байв. Хүн дэлхий дээр нүцгэн ирээд нүцгэн буцна. Хэдий тэрбумтан болж, УИХ-д суугаад амаа үдүүллээ ч өдөрт арван талх идэхгүй шүү дээ. Хүнд ичих нүүр, нэр төр гэж байх ёстой.

-Тэгэхээр одоогийн энэ ард­­­чилал таны хүсч байсан ардчилал биш гэсэн үг үү?

-Бишээ биш. Ингэхийг нь мэдсэн болтэр үеджагсах ч үгүй байсан юм. Ардчилал гэдэг ард түмний амьдрал сайжрахын нэр гэж би ойлгодог. Монголчуудын эцсийн зорилго хоёрих гүрэндээ уусчихгүй“амьд үлдэх” гэдэгт тулчихаад байна. Энэ улстөрчид цаг нь ирэхээр С.Баяр шиг хамаг мөнгөө аваад гадаад гарчихна.Жаахан өөдрөгөөр төсөөлбөлцөөн хэдэн олигархууд баяжиж, үлдсэн олонх ньдорой буурай амьдралтай хэвээрүлдэнэ. Социализмын үед амьдрал хэцүү хүмүүс байсан ч одоогийнх шиг сүрэг гуйлгачид, архичид байгаагүй. Үзэл суртлын хувьд хэцүү байсан ч бид сайныг нь тэр нийгмээс авах хэрэгтэй байсан.

-Цаашдаа яах хэрэгтэй гэж та бодож байна вэ?


-Амьд үлдэх хэрэгтэй. Амьдраххэрэгтэй. Монгол улс цаашдаа эдийн засгийн хувьд орших уу,эс орших уу гэдэгт тулаад байна. Өнөөдөр гэр хорооллын нэг хүн хоногт 30-40 гр мах идэж байна. Гэтэл шоронгийн хоригдлуудхоногийн 150-200 гр махны нормтой. Энэ болминий хүсээгүй үр дагавар.

-Монголын ард түмэн бус­дын хараат болчихолгүй, уул уурхайн баялгаасаа хүртэж чадахгүй хохирч үлдэхгүйн тулд яах ёстой вэ?

-Сингапурын ерөнхий сайд асан Ли Квон Ю “Авлигыг зогсооё гэвэл хамгийн сайн гурван найзаасаа эхэлж шалга” гэсэн байдаг. Надад эрх мэдэл нь байдаг бол төрөөс төрсөн тэрбумтнуудыг бүгдийг нь шалгах байсан. Төрийн өндөр дээд албан тушаалд ажиллаж байгаа, өмнө нь ажиллаж байсан ганц лангуу ч ажиллуулж үзээгүй хэр нь олон тэрбум төгрөгийн хөрөнгөтэй болчихоод байгаа бүх хүмүүсийгшалга л даа. Шалга гэдэг барьж хорь гэсэн үг биш. Өнгөрсөн 20 гаруй жилд хуруу хумсаа хугалан байж хөрөнгөжсөн хүмүүс бас бий. Тэр нь нотлогдвол сайн л биз.Усан бассейны өмнөх захирал Дөрвөнжин л гэхэд энд ажиллаад худалдааны төвтэй болсон байдаг. Энд 12 жил ажилласан нярвын хашаанд гурван том хаус, 10 гаруй жийп сойлттой байх жишээтэй. Энэ бүгдийг шалгаад үнэн мөнөөр тогтооволиргэд хохирч үлдэхгүй. Шударга ажиллахын тулд намчирхах шаардлагагүй. Гагцхүү эх оронч л байх ёстой. Оюутолгойн гэрээг өөрчлөх талаар бид жагсаж байсан. Тэр үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар одоо Оюутолгойн гэрээг шүүмжлээд сууж байна. Тэр үед яагаад биднийг сонсоогүй юм бэ. Ард түмэн удаан хууртахгүй, нэг л өдөр тэсэрнэ.

-Ард олон дунд тэсрэлт хийх зориг хүч бий юү?

-Тэсэрнэ гэдэг нь буу бариад тэмцэнэ гэсэн үг биш л дээ. Зөв хүнээ сонгоно л гэсэн үг. Өөрийнхөө зөв гэсэн зүйлд үнэнч байна гэсэн үг.

-Тийм хүн ховор. Маш ховор шүү?


-Тэгвэл тэр ховордоод байгаа шударга хүнийг л сонго л доо.

-Таны нэр Гаалийн ерөнхий газрын дарга асанЧ.Баатарын захиа­­тай холбогдоод баахан сонсогд­сон. Ч.Баатарын захиаг яаж олсон юм бэ?


-Мэдээллийг ямар ч аргаар цуг­луулж болно. Ярьж хөөрч суугаад олж болно. Ууж наргиж байгаад ч цуглуулж болно. Гэхдээ би өөрөө бол огт уудаггүй. Эрж олсон баримтдаа анализ хийх, эх сурвалжаа хамгаалах үүрэг мөн сэтгүүлчид бий. ГЕГ-ын даргын Ч.Баатарын захиаг хаанаас авснаа өнөөг хүртэл би хэнд ч хэлээгүй.

-Надад хэлж болох уу?


-Үгүй ээ хэлэхгүй. Хожим гэрээс­лэл­дээдурдаж магадгүй юм. Эх сурвалжаа нууцлах, хамгаалах эрх сэтгүүлчдэд бий. Өнөөдөр олсон мате­риа­лаа маргааш үнэ хүргэн худалдаад бай­вал эрэн сурвалжлах сэтгүүлзүй биш.

Д.ЦЭЭПИЛМАА

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №013

Сэтгэгдэл бичих