Дарханд болсон хүн амины ноцтой хэргийн эргэн тойронд

Дархан-Уул аймагт гэр бүлийн гурван хүнийг хэрцгийгээр хөнөөсөн хэргийн талаарх сурвалжлагыг үргэлжлүүлэн хүргэж байна. Талийгаачид 7, 13, 25 настай байв. Дархан-Уул аймагт очингуутаа хэрэг гарсан газрыг зорилоо. Талийгаачид тус аймгийн нэгдүгээр багийн нутаг дэвсгэр буюу орон нутгийнхны хэлж заншсанаар "Тосгон"-д амьдардаг байжээ. Олныг сэртхийлгэсэн аймшигт хэрэг гарсан газрыг орон нутгийнхан андахгүй аж. Замд тааралдсан хүмүүсээс гэрийн хаягийг асуутал "Нөгөө айхавтар хэрэг гарсан газар уу. Сүмийн ойролцоо байдаг" гэж зааж өгөв.

ТАЛИЙГААЧ ЗАЛУУ АЙЛЫН БАГА ХҮҮ БАЙЖЭЭ

"Тосгон" дундуур урсдаг нарийхан голын дэргэд хохирогчийнх байдаг юм байна. Саруулхан том хашаанд гурван гэр, нэг зуны амбаар харагдав. Хашааны хаалга нь дэлгээстэй дотор нь хот, хөдөөний номертой машинууд эгнэн зогсчээ. Харамсалтай байдлаар олон хүнээ алдсан Б гуайнд талийгаач нарын ажил явдалдирсэн хүмүүсийн хөл хөдөлгөөн их байлаа. Хот суурин газар, хөдөө орон нутгаас ах дүү, хамаатан садангууд нь бүгд цугларчээ. Б гуайнх тэр хашаанд амьдраад олон жил болсон байна. Тэднийх ганц гэрээрээ л амьдардаг байжээ. Харин ажил явдал болоход нэмж хоёр гэр барьсан аж. Эхнэр нь эмнэлэгт хүнд байдалтай эмчлүүлж, гурван сайхан хүүхдээ хүний гарт алдсан Б хөгшигний сэтгэл санаа тогтворгүй, уймарч сандарсан байхыг харахаар өрөвдмөөр. Тэрээр хүүхдүүдийнхээ хийж байгаа юм болгонд оролцон тайван ч тогтож сууж чадахгүй, холхино. Б гуай зургаан сайхан хүүхэдтэй байж. Одоо тэднээс тав нь л үлджээ. Талийгаач Х дороосоо хоёр дахь нь байсан бөгөөд айлын бага хүү. Орон нутагтаа ажил төрөл хийдэг нэгэн байжээ. Өрх тусгаарлаж, амьдрал зохиож амжаагүй цэл залуухан насандаа бусдын гарт өртөж хорвоог орхисон Х аав ээждээ балчир л байсан байж таараа. Тиймдээ ч эцэг эхтэйгээ хамт амьдардаг байсан гэнэ. Тэрээр зуны цагт амбаартаа байрладаг бөгөөд тэндээ унтаж байгаад амиа алдсан. Түүнийг хүйтэн мэсээр арав гаруй удаа хутгалж, хэрцгийгээр хөнөөсөн тухай өмнө мэдээлсэн. Талийгаач Х нас барахынхаа урьд өдөр танилтайгаа архи ууж маргалдан барьцалдсан гэх. Харин шөнө дунд бусдын гарт амиа алдсан энэ хэрэгт хамт архи уусан нөхдүүдийг нь байцаан шалгаж байгаа юм.

Энэ хэргийн талаар олон янзын мэдээлэл явж буй. Зарим нь таамаг төдий бол зарим нь ор үндэслэлгүй мэдээлэл болохыг хохирогчдын ар гэрийнхэн харуусан ярьж байлаа. Тухайлбал, "Б-гийнд архичид ихээр цуглардаг байсан, нийгмийг хамарсан архидалт өнөөдөр ийм аймшигт хэрэг гарахад хүрлээ" гэсэн мэдээлэлд тэд тун эмзэглэж байв. Улмаар олон хоног архидалт болж, зодоон цохион хийсэн гэх асуудал ч худлаа гэнэ. Б-гийн том хүүгээс хэргийн талаар зарим зүйлийг тодруулсан юм.

-Ээжийнх нь биеийн байдал ямар байна?

-Хүнд байна. Сэхээнээс гарсан байгаа. Ухаан орсон ч гэсэн ярьж байгаа юм нь жирийн хүнийх шиг биш, шокноосоо гараагүй байна. Эмч хэлэхдээ ухаан санаа хадгалдаг бага тархи нь гэмтсэн гэсэн. Ой санамж нь байхгүй юм уу даа.

-Энэ хэрэг юунаас болсон гэж бодож байна?

-Яг тэрнээс, энэнээс болсон гэдгийг хэлж мэдэхгүй байна. Ямартаа ч гадуур яригдаад байгаа мэдээллүүдэд тун харамсах юм. Олон хүнээ алдаж, уй гашууд автсан бидэнд тийм мэдээлэл сонсоход хүнд байна. Хэрэг юунаас гарсан нь тодорхой бус. Шүүх эмнэлгийн дүгнэлт, хэргийн шинжилгээний хариу зэргээс дүгнэлт нь гарах байх.

-Та нарт сэжиглэж байгаа хүн бий юу. Өс хонзон санасан хэн нэгэн байсан юм биш биз дээ?

-Хэлж мэдэхгүй юм даа.

-Амиа хорлосон залууг энэ хэргийн сэжигтэн байж болзошгүй юм дуулдаж байна лээ?

-Анхны таамаг байгаа ч мөн бишийг нь хэлж мэдэхгүй. Талийгаач дүүтэй маань хамт ажилладаг хүн байсан. Хэн нэгэн сэжигтэн болгох гээд түүний хоолойг боомилоодхэргийн эзэн амьд сэрүүн ч байгаа юм билүү, хэн мэдэх вэ дээ.

-Хажуу айлынхаа хүмүүстэй уулзсан уу. Хэрэг болохыг сонсч мэдсэн гэнэ үү?

-Хажуу айлынхан мэдээгүй юм билээ. Архи ууж, зодолдсон энэ тэр гэж ярихгүй байсан.

-Танайд хүргэн болох гэж байсан залуу эртний өс санаж, ийм хэрэг үйлдсэн гэх мэдээлэл зарим хэвлэлээр гарсан байна лээ...

-Тийм зүйл огт байхгүй. Анх удаа сонсч байна. Би хоёр эмэгтэй дүүтэй. Тэд бүгд хүнтэй сууж гэр бүл болсон.

ОХИДОО САНАГАЛЗАН УЙЛАХ ЭЭЖИЙГ ХАРАХАД СЭТГЭЛ ӨВДӨЖ БАЙЛАА

Хэргийн газрын үзлэг шинжилгээ дуусч, цагдаа нарын хамгаалалт буунгуут ар гэрийнхэн нь дотогш оржээ. Гэтэл нүдхалтирам дүр зураг тэднийг угтсан байна. Энд тэндгүй улаан нэлий болсон байхыг харсан тэд "Ямар харгис хэрцгий хүн гэхээрээ гэм зэмгүй хүмүүсийг ингэж хөнөөдөг байна аа. Монголчууд мал муулахдаа ч тэгдэгүй шүү дээ. Бойны газар шиг л болгож орхисон байсан" хэмээн хоолой зангируулан ярив. Охидын ээж цухиран уйлна. Цөхрөнгөө барсан хөөрхий эмэгтэйг харахад сэтгэл өвдөж байлаа. Хорвоотой бүрэн гүйцэд танилцаж амжаагүй балчир охид юунд буруутай юм бэ. Яагаад заавал тэдний амийг хөнөөх болов. Цэцэг цэврүү шиг, дэлгэрч яваа насан дээрээ хорвоог орхисон охидын хойноос харамсан гашуудах хүн олон байгаа. Тэд өвөө эмээгийндээ амьдардаг байсан юм. Аав ээж нь мал дээр байдаг болохоор охид сургуулийнхаа ойролцоо өвөөгийндөө суудаг байв. Уг нь тэднийх хотын айл байсан бөгөөд мал дээр гараад гурван жил болсон байна. Хөгшчүүлийн хувьд Дархан-Уул аймгийн төв дээр суурьшаад зургаан жил болсон гэнэ. Зээ охидынхоо сургуультай ойролцоо гэж хамаатныхаа хоосон хашаанд буусан байна.

Охид хичээл номондоо мундаг, онц сурлагатнууд байжээ. Тэдний сурч байсан Дархан-Уул аймгийн IV сургууль дээр очлоо. Сургуулийн захиргаанаасохидод эмгэнэл илэрхийлэн хөрөг зургийг нь сургуульдаа залсан байв. Хүүхэд бүхэн тэдний өмнө очин зогсож, харамсан гашуудаж байлаа. Аймшигт хэрэг өнгөрсөн амралтын өдөр гарсан. Шинэ долоо хоног эхэлж, сурагчид хичээлдээ ирэхэд талийгаач охидын ангиуд эль хуль болж, тэдний орон зай үгүйлэгдэж байгаа нь гарцаагүй. Тиймээс талийгаач охидод хүндэтгэл үзүүлж, өнгөрсөн даваа гаригт тэдний сууж байсан хичээлийн ширээн дээр цэцэг тавьж өнжжээ.

Талийгаач охидын том нь наймдугаар ангийн сурагч байж. Хүмүүстэй эвтэй найртай харьцаатай, тун эелдэг охин байжээ. Сургуулийн Хүүхдийн зөвлөлийн гишүүн бөгөөд нийгмийн идэвхтэй хүүхэд байсныг багш нар нь онцолж байлаа. Орон нутгийн болон улсын чанартай шалгалтуудад дандаа тэргүүлж, олон медалиар энгэрээ мялааж, аав ээж, эмээ өвөөгөө баярлуулдаг охин байж. Хэрэг гарахын урьд өдөр улсын шалгалтдаа бэлдэн хичээлээ давтан сууж байсан охин гэнэтэн энэ хорвоогоос явсантай найз нөхөд, ойр дотныхон нь эвлэрч өгөхгүй хэцүүхэн байсан. Түүний төрсөн дүү болох талийгаач охин өнөө жил нэгдүгээр ангиа төгсөх байлаа. Тэр жаахан охин айлын бага байж. Адтай гэж жигтэйхэн, биедээ баймгүй эрдэм номтой хүүхэд байсан тухай аав нь дурсан ярив. Саяхан үсэглэлийн баяраа тэмдэглэж, "Цэвэр бичигтэн" өргөмжлөл хүртжээ. Минутад уншихдаа үеийнхнийгээ дагуулдаггүй байсан гэнэ. Ангийнхан нь минутад арав, хориодхон үг уншиж байхад талийгаач охин 100 хол давдаг байсан аж. Цэцэрлэгт байхын өвөө эмээгийн хүүхэд байжээ. Сургуульд орохоосоо өмнө үсэг мэддэг, тоо бодоод сурчихсан байж. Багшийгаа хичээл зааж байхад нь "Багшаа би мэднэ ш дээ" гэдэг байсан сүрхий сурлагатай охин байжээ. Ийм л мундаг авьяастай хоёр охинд тохиолдсон явдалд сургуулийн захиргаа, сурагчдын зүгээс харамсан гашуудаж, мөнгө цуглуулах ажил өрнүүлж байлаа. Сурагчид боломжийнхоо хэрээр мөнгө цуглуулан буяны ажилд нь нэмэрлэжээ. Талийгаачдыг маргааш хөдөөлүүлэх юм байна.

Цэцэг цэврүү шиг балчир охид гэмт хэргийн золиос болж хорвоогийн мөнх бусыг үзүүлж, олон хүн уй гашууд автлаа. Тэдний ар гэр, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Ум сайн амгалан болтугай.

М.МӨНХЦЭЦЭГ

medee.mn

Сэтгэгдэл бичих