Олигархиуд - Михаил Ходорковский (1-р хэсэг)

Михаил Ходорковский Зөвлөлт тогтолцоо өөрийгөө аврах хамгийн сүүлчийн оролдлого хийх үед гарч ирэв. Зогсонги байдлаас гарах гарц хайж Зөвлөлтийн удирдлага капитализмын тун даруухан туршилтыг хийж үзжээ. Тэр нь ч амжилттай болж санаандгүй байтал өөрчлөн байгуулалтын их эрин үе рүү хөтлөв.

Туршилтыг комсомолын гишүүдийн дунд явуулахаар ший­дэв. Ходорковский тэр үед өөрийн сургуулийн комсомолын байгууллагын нарийн бичгийн даргын орлогч байлаа. Тэр он жилүүдэд шинэ боломжууд дөнгөж нээгдэж байсан бөгөөд өөрчлөн байгуулалтын үед боломж нөхцөл улам их гарч ирж байв. Ходорковский шантаршгүй шийдэмгий зан, бас зөвлөлт нийгэмд байгаа бүхий л муу зүйлүүдийг гайхалтай сайн мэдэрдэг чанараа ашиглан урагш тэмүүлж байлаа. Жижигхэн сахал, намдуу дуутай хар үстэй залуухан, эрч хүчтэй энэ эрд ямар нэг нууц хүч байв уу? Түүний найз нөхөд, хамтран ажиллагсдаас нь дуулж сонссоноор” Үзээд алд, хүү минь. Чи бидний туршилтын капиталист” гэж мөрөн дээр нь алгадан байж хэлсэн нэг ч намын дарга байгаагүй бололтой. Төд удал­гүй түүнд өндөр албан тушаалтай олон ивээн тэтгэгч, тэр дун­даа Улсын Аюулгүй байдлын хороонд ажилладаг дэмжигч нар бий болов. Тэд түүнд адисаа өгч, харин Ходорковский итгэлийг нь алдахгүйн тулд хөдөлмөрч, шаргуу байхыг хичээж байлаа. “Тэр үед нээгдэж байсан бүхий л үйлдвэрүүд зөвхөн өндөр албан тушаалтай дарга нартай, эсвэл нөлөө бүхий хүмүүстэй холбоо сүлбээтэй байж гэмээнэ амжилтад хүрч байлаа. Тэр үед мөнгө чухал биш, харин ивээн тэтгэгч хамгийн гол байв. Улс төрийн дэмжлэг зайлшгүй чухал байсан” гэж Ходорковский 1991 онд хүлээн зөвшөөрсөн юм. Гэвч эцсийн эцэст Ходорковский тэр үеийн ивээн тэтгэгч нараасаа холуур тойрч чадав. Тэр капитализмаар тоглохоор шийдсэн намын аппаратуудыг бодвол илүү нэр хүндээ эрхэмлэсэн хатуу хүн байлаа. Тэр өөрт нь туслах боломжтой УАБХ-ны дарга нараас илүү ухаантай байв. Шинэ ертөнцөд түүн шиг их зүйлд хүрсэн хүн үгүй.

Ходорковский идэр залуухан байхдаа л хамгийн анх­ны хөрөнгөтөн, аж үйлдвэржилтийн шинэ эрин үеийн тэргүү­лэгчдийн нэг нь болов. Гэхдээ л илүү өргөн цар хүрээний нөхцөл байдал үгүй байсан бол тэр амжилтад хүрч чадахгүй л байсан. Хамгийн нэн тэргүүний бөгөөд чухал зүйл бол залуучууд зөвлөлт социализмын үй олон тулгамдсан асуудалд бүрэн итгэл алдарсан явдал. Энэ нь нийгмийн сэтгэл санаанд маш гүнзгий өөрчлөлт хийхэд нөлөөлсөн тул коммунист нам бага зэргийн капиталист маягийн шалбааг бий болгож, залуучуудын төлөөлөгчдөд тэрүүгээр зугаацах боломж олгохоор шийдсэн юм. Ходорковский чухам зөв агшныг барьж авлаа.

Залуу үеийнхний сэтгэл гутралыг “Машина времени” хамт­лагийнхан тун ч мэдрэмжтэй барьж авав. Ямагт үзэгчдийн талархлыг хүлээж байсан нэгэн алдартай дуунд нь шуурганы үеэр замаасаа төөрсөн туршлагатай ахмадаар ахлуулсан нэ­гэн хөлөг онгоцны тухай дуулдаг.  Тэр дуунд хөлөг онгоц бол Зөвлөлт холбоот улс гэдгийг ойлгомжтой илэрхийлсэн байлаа. Хөлөг онгоц сүйрч, ахмад нь амь үрэгдсэн ч зорчигчид нь шинэ газар дээр бууж чаддаг. Харин дууны төгсгөлийн үг нь “Янз бүрийн нөхцлөөр амь аврагдагсад тун удалгүй ахмадаа мартжээ” гэж төгсдөг байв.

Залуучуудын эсэргүүцлийн давалгаа бага багаар өсөн нэмэгдэж улмаар өөрчлөлт шинэчлэлтийг шаардсан хүчирхэг цөм болон хувирсан нь тэр үеийн шоглосон аязтай уран бү­тээлүүдэд  ихээр тусгагдаж байлаа. 

Намын бодол санаанаас өөр хэний ч сэтгэгдлийг тэсч чаддаггүй нийгэмд залуучууд аливаа албан бус эвсэлд элсэх боломжгүй байлаа. Хувьсгалт залуучуудын эвлэл гэгч газар хэдийгээр нас дээр гарсан удирдагчидтай авч 14-28 насны бүхий л залуу хүмүүсийн амьдралыг дангаар монопольдон авахыг эрмэлзэж байлаа.

Олон сая залуучуудын хувьд комсомолд элсэх хөшүүрэг нь тун ч явцгүй зорилготой байв. Учир нь тэд үүнгүйгээр их дээд сургуульд элсэж, гайгүй сайн ажилтай болох боломжгүй байсан аж.

Цагтаа комсомолын идэвхтэн байсан Горбачёв нь өөрчлөлт хийж бусад байгууллагыг оршин тогтнох боломж олгож, бусдын дуу хоолойг нээж өгөв. Түүний ачаар клубууд, рок хамтлагууд зэрэг нээхэд албан ёсны зөвшөөрөл шаардагддаггүй, намын байгууллагуудаас үүрэг даалгавар ав­даггүй ал­бан бус байгууллагууд бий болж эхлэв. Горбачёвын эрин үед залуучуудын албан бус хөдөлгөөнүүд ид цэцэглэж байлаа. Тэд соёлын салбарт байгаа туйлшралын эсрэг дуу хоо­лойгоо ил тодоор нэгтгэж, тэдний рок хөгжимд дуртай явдал нь үүнд онцгой үүрэг гүйцэтгэв.

1960 болон 1970-аад онд зөвлөлт засаг рокийг хориглохыг оролдож, зурагт радиогоор цацахыг болиулав. Гэвч энэ хөгжим магнитофоны бичлэг хэлбэрээр тархаж, түүнчлэн энд тэндхийн хонгил орцоор, оюутны болон үйлдвэрийн улаан буланд дуулах мэргэжлийн бус хамтлагуудын ачаар түгэж байв.

Чөлөөтэй сэтгэх явдалд аливаа хорио цээр үгүй болоход комсомолын гишүүдийн тоо эрс цөөрч тус байгууллага ганхаж эхлэв. Засгийн эрхэнд Горбачёвыг гарч ирснээс эхний гурван жилийн дотор комсомолын гишүүдийн тоо 4 саяар буурч, 1988 онд 38 сая болов. Дараагийн жилүүдэд комсомолын гишүүдийн тоог хэвэнд нь байлгах асуудал тунчиг хурцаар тавигдаж байсан тул зарим тоон баримт мэдээг хуурамчаар өгдөг болжээ. Гэвч ингээд ч 1980-аад оны дундуурх хямралыг нууж чадсангүй. Тус байгууллагын оршин тогтнох үндэс болсон гишүүний хураамж огцом буурав. Зөвлөлтийн комсомолын ерөнхий хорооны I-р нарийн бичгийн даргаар 1986 онд сонгогдож байсан Виктор Мироненко том хүүгээ хүртэл энэ байгууллагад элсэхийг ятгаж чадаагүй гэдгээ нуугаагүй юм.

Комсомол ямар нэг аргаар амиа аврах хэрэгтэй байлаа. Удирдагчид нь хотын гудамд бий болоод байгаа капитализмд хандахаар шийдэв. 1987 онд хоршооллын хөдөлгөөн хүчээ авч, анхны жижиг үйлдвэрүүд бий болж эхэллээ. Комсомолын удирдагчид коммунист намын хуучин андуудтайгаа нийлж үүнд оролцохоор шийдэв. Тэд хувийн үйлдвэрлэл рүү нэвтрэх хаалгыг нээхэд тэр сиймхийгээр нь залуу Ходорковский хором­хон зуур шургалж амжив. 

Горбачёвын засгийн эрхэнд ирэхээс өмнөх жилүүдэд зөв­лөлтийн эдийн засгийг эмчлэх хамгийн сайн арга бол өөрий­гөө санхүүжүүлэх арга буюу аж ахуйн тооцоо, өөрөөр хэлбэл үйлдвэр нь өөрсдийн орлогыг дураараа зарцуулж болох арга байлаа. 1980 онд Лужков энэ саналыг дэвшүүлэхдээ маш хүч­тэй эсэргүүцэлтэй тулгарсан. Гэвч хожим нь энэ санаа улам боловсронгуй болж үйлдвэрүүдийн захирлууд маш биеэ даа­сан байдалтай болсны дараа улам бүр эрчээ авав. Эвлэл ч гэсэн тоо томшгүй байгууллагууддаа өөрсдийгөө санхүүжүүлэх зарчмыг ашиглаж эхлэв. Тухайлбал гишүүдийн хураамж болон маш олон байдаг аялал жуулчлалын салбаруудын орлогыг яаж зарцуулахаа өөрсдөө мэдэх эрх олгов. Санхүүгийн тал дээр бие даасан байдалтай болмогц залуучуудын эвлэлийн олон байгууллагууд өөрсдийн эрх ашигт нийцсэн бизнес эрхлэх болов. Хувьсгалт залуучуудын эвлэл /комсомол/ нь ком­мунист намын бизнесийн сургууль болж хувирав. Ихэнхдээ комосмолын төсвөөс авсан татаас, тусламжаар янз бүрийн кафе, диско баар, аялал жуулчлалын пүүсүүд, хэвлэлийн ком­паниудыг үүсгэн бий болгож байв. Шинэ үйлдвэрүүд орлогоо өөрсдөдөө үлдээн ашиглах эрхтэй байв. Аж үйлдвэржилтийн уур амьсгал цэцэглэж эхэллээ. Чухамдаа Коммунист намын удирдлага нүүрлэж буй аюулыг мэдэрч улмаар орлого олох нэгэн туршилтыг явуулахаар шийдээд байсан үе байлаа. Гэвч тэр туршилт амжилттай болж хүсэн хүлээж байснаас илүү үр дүнд хүрэв.

Тэрхүү туршилтыг Константин Затулин гэгч залуу эрээс эхлэв. 1986 онд Москвагийн Улсын их сургуулийн аспирант Затулин Хувьсгалт залуучуудын эвлэлийн төв Хорооны анхны нарийн бичгийн дарга Мироненкогийн туслахаар томилогдов. Затулин аж үйлдвэрийг удирдах салбарт мэргэжилтэн байсан бөгөөд урьд нь Зөвлөлтийн социализмыг өөрчлөхийг хүссэн бүхий л бүтэлгүй оролдлогууд, тухайлбал, 1960-аад оны үеийн Косыгины өөрчлөлтийг судалж байсан аж. Түүний анхны даалгавар бол хувьсгалт залуучуудын эвлэлийн аж үйлдвэрийн үйл ажиллагааны шинэ чиглэлүүдийн талаарх санал бүхий Улс төрийн товчоонд явуулах захидлын төслийг бичих явдал байлаа. ХЗЭ-ийн аппаратад болж буй их эсэр­гүүцэл, хэрүүл маргаан, замбараагүй байдлаас болж Затулин энэ хоёр хуудсанд багадах эл захидлыг зургаан сарын дотор бичихэд хүрч байв. Хуучны гвардийнхны хувьд үйлдвэрийн үйл ажиллагааны олон зарчмууд нь огт танил бус байсан тул дэмжлэг авах байдалтайгаар цаасан дээр буулгана гэдэг ер бусын хүнд ажил байлаа. Тэрбээр нэгэн өндөр албан тушаалын даргатай хувьцаа эзэмшигчид нь ноогдол ашгаа авч байдаг тийм компанийг байгуулах тухай саналаа хэлэлцэн хэдэн до­лоо хоногоо барж байсан тухай Затулин дурссан байдаг. Цаад хүнд сурталтан нь үйлдвэрт ажилдаггүй хүн яагаад мөнгө авах ёстой юм бэ гэдгийг ойлгохгүй байв. Харин Затулин өөрийн­хөөрөө зүтгэж байлаа.

Тэрбээр өөрт оноосон даалгавар ямар чухал болохыг сайтар ойлгож байсан аж. Энд ХЗЭ оршин тогтнох эсэх асуудал яригдаж байв.  Затулины захидалд байсан санаануудын дунд тоглоомын үйлдвэрлэлийг эвлэлийн хяналтад өгч, хэдэн ар­ван жилийн турш уламжлал болсон комсомолын гишүүдийг барилгын ажилд илгээдэг заншлаа болих санал ч байв. Энэ хоёр саналыг эцсийн дүнд дэмжсэн байна. Гэхдээ Затулины дэвшүүлсэн хамгийн ирээдүйтэй санал бол шинжлэх ухаантай холбоотой байлаа. 1960-аад онд Новосибирскт буюу Сибирь дэх хамгийн том зөвлөлтийн шинжлэх ухааны төвд ”Факел” хэмээх залуучуудын байгууллага бий болов. Залуучууд мөнгө олох, бас шинжлэх ухаан судалгааны асуудлыг шийдвэрлэх арга олж, ингэснээрээ тэргүүний технологи  дутагдаж байсан зөвлөлтийн аж үйлдвэрлэлд тус нэмрээ оруулж байв.  Тэд маш үр ашигтай ажиллаж байсан тул намын удирдлага гэнэт түгшиж тэр даруй “Факел”-ын үйл ажиллагааг хааж орхисон. Затулин ч энэ загварыг эргэн ашиглахыг санал болгов. Тэрбээр Шинжлэх ухаан техникийн уран бүтээлийн төвийг байгуулж, тэдгээр нь хамгийн оюунлаг залуу эрдэмтдийг ашиглаж техникийн асууд­лыг нь шийдвэрлэхэд зөвлөлтийн аж үйлдвэрт туслах ёстой гэсэн санал дэвшүүлэв. Энэ саналыг хамгийн хачирхмаар хуучны гвардийн төлөөлөгч, ямагт рок хөгжмийг хориглохын төлөө байдаг Егор Лигачев дэмжив.
 
Ходорковский эвлэлийн гишүүдийн тоо цөөрч байгаа тухай мэдээллийг шууд эх үүсвэрээс нь авч байв. Тэрбээр Д.И.Менделеевийн нэрэмжит Москвагийн хими-технологийн дээд сургуулийн комсомолын байгууллагын нарийн бичгийн орлогч дарга байв. Ходорковский дээд сургуулиа 1986 оны зургаан сард буюу Горбачёвыг гарч ирсэнээс жилийн дараа төгссөн ажээ. Тэрбээр химич-технологичийн мэргэжилтэй, бас сургуулийнхаа эдийн засгийн дугуйлангийн ажилд оролцдог байв.

Комсомолд тэрбээр гишүүдийн хураамж авах ажил хийдэг байв. Олон хүн тэр үед комсомолын эгнээгээ орхиж байсан тул энэ нь тэр үедээ тийм ч таатай ажил байсангүй. “Бид үе үе өөрсдөөсөө мөнгө гаргаж нэмэхэд хүрч байсан. Хэн нэг нь гишүүнийхээ хураамжийг төлөхгүй бол энэ бүхнийг нарийн бичгийн орлогч л өмнөөс нь гүйцэтгэдэг байлаа” хэмээн тэр дурсан ярьсан байдаг. Ходорковский гишүүдийн хураамжийг хураах энэ ажилдаа дургүй байсан бөгөөд өөр зүйл хийх боломж гарахыг хүлээж байлаа. Тэрбээр залуучуудын кафе нээв. “Кафены нэмэр ч гэж алга байсан” гэж тэр дурсав. Учир нь тэд газраа буруу сонгож шууд л сургуулийнхаа байранд нээсэн болохоор  оюутнууд хичээлийнхээ дараа дотуур байр руугаа яарцгааж кафед хүн бараг ордоггүй байлаа. “Энэ миний анхны туршилт байсан ч бүтэлгүй болсон” гэж тэр ярив. Гэвч комсомол түүнийг илүү их сэтгэл татам зүйл рүү урин дуудсаар байв.

Тэдний нэг нь Ходорковскийн албан тушаалын замналд тун ч шийдвэрлэх нөлөө үзүүлсэн юм. Энэ нь Затулины санаа байв: юу гэвээс залуухан эрдэмтэд үйлдвэрүүдэд техникийн асуудлаар зөвлөгөө өгснөөр мөнгө олох боломжтой болов. Үйлд­вэрийн захирлууд өөрсдөө захиран зарцуулах эрхтэй өөрсдийн гэсэн сантай байлаа. Тэд судалгаа явуулах, техникийн төслийг хэрэгжүүлэхийн тулд Менделеевийн нэрэмжит дээд сургууль болон бусад сургуультай гэрээ байгуулдаг байв. Энэ төсөлд төсөвлөгдсөн мөнгөнөөс нэг хэсгийг нь ч болов авахын тулд Ходорковский залуучуудын санаачлагын сан гээч комсомолын халхавчин дор нуугдсан үнэн хэрэгтээ арилжааны байгууллагыг бий болгов.

Ходорковский болон түүний шинэ байгууллага нь удалгүй 1987 онд буюу түүнийг сургууль төгссөний дараа жил юу хийхээ мэдэхээ больжээ. Тодруулбал гэнэт тэдний өмнө сонголт хийх шаардлага тулгарав. Дээд албан тушаалтнууд түүнд нэг бол маш их ирээдүйтэй комсомолынхаа ажлыг үргэлжлүүлэн хий, эсвэл сургуулиа орхиж “өөрсдийгөө санхүүжүүлэх тоглоом”-оо үргэлжлүүлэх санал тавив. Тэд Ходорковский юу гэж шийдэх вэ? гэдгийг мэдэхийг маш их хүсч байлаа.

“Хоолойгоо чичрүүлэн байж би “өөрийгөө санхүүжүүлэх тоглоом”-оо үргэлжлүүлэх болно гэж би хэлсэн. Тэнд байгсад над руу яг галзуу хүн рүү харж буй мэт ширтэцгээсэн” хэмээн тэр дурсав.

Ходорковскийн шинэ үйлдвэрлэлийн үйл ажиллагааны анхны объектуудын нэг нь Зөвлөлтийн шинжлэх ухаан судал­гааны нэр хүндтэй төв буюу Москва хотын хойд хязгаарт 30 га газрыг эзлэн байрладаг, өндөр хэмийн физик, пуужингийн хөдөлгүүр, лазерын физикийн салбарт судалгаа явуулдаг томоохон лаборатори болох  Өндөр хэмийн хүрээлэн байв.   Энэ хүрээлэн сансарыг эзэгнэх, “хүйтэн дайны” үед зэвсгээр хөөцөлдөх, бас лазерийн зэвсэг бүтээх зэрэгт онцгой үүрэг гүйцэтгэсэн билээ.

1960 онд байгуулагдсан Өндөр хэмийн хүрээлэн нь маш хурдацтай өсч, улмаар 1980 он гэхэд дөрвөн мянга гаруй ажилтантай болсон байв. Хүрээлэнгийн дарга нь Александр Шейндлин буюу өндөр хэмийн физикийн салбарт тэргүүлэгч мэргэжилтний нэг байлаа. Зөөлөн сэтгэлтэй, няхуур нямбай цэнхэр нүдэт тэр эр улс орондоо нэр төртэй төдийгүй хи­лийн чанадад нөлөө бүхий олон сүлбээ холбоотой учир санхүү­жилтийн үнэт эх үүсвэрийг олж чаддаг нэгэн байлаа. “Манай хүрээлэн тун ч баян хүрээлэн байсан” гэж тэр дурсан ярьсан байдаг.

Нэгэн удаа Ходорковский хамтран ажилладаг залуугийн хамтаар Шейндлины өрөөнд хэлэлцээрийн том ширээний ард суув. “Тэд их залуу байсан, бас надад их таалагдсан. Нүдэнд нь гялалзах оч миний сэтгэлийг их хөдөлгөсөн” гэж Шейндлин дурсав.  Залуучууд түүний хүрээлэнд зориулж шинжлэх ухааны төслүүдийг гүйцэтгэхийг хүсчээ. Тэд “өөрсдийгөө санхүүжүүлэх арга”-ын тухай тэр үед дурсаагүй ч чухам тэдний хүсч байсан зүйл бол тэр л байв. “Тэд их эрч хүчтэй залуучууд байсан. Өчүү­хэн жижиг залилан мэхлэгч биш харин комсомолын аугаа үйл хэрэгтнүүд, нэр хүндээ алдаагүй соёлтой улсууд байсан” гэж Шейндлин ярьж байв.

“Тэд надад юуг ч санал болгоогүй. Сайн залуучууд бай­лаа. Тэд зүгээр л :”Бидэнд жаахан мөнгө өгчих. Бид ямар нэг сонирхолтой зүйлийг эрж хайя, харин бид чин үнэнчээр ажил­лах болно шүү” гэж хэлсэн.”

Ходорковскийд ажил хэргээ эхлүүлэх хөрөнгө хэрэгтэй байсан бөгөөд Шейндлин түүнийг бизнесээ гараашнаас эхэлж байсан Америкийн аж үйлдвэрийн эзэн Дэвид Паккардтай харь­цуулмаар санагджээ. Түүнээс гадна  шинжлэх ухааны судалгаа шинжилгээг хянаж байдаг нөлөө бүхий төрийн байгууллага болох Шинжлэх ухаан, техникийн Улсын хорооноос дэмжлэг авсан тухайгаа тэд түүнд хэлсэн аж. Шейндлин ч үүнийг тун сайн тодорхойлолт хэмээн хүлээн авав.

“Яг сайн санахгүй байна. Гэхдээ би тэдэнд 170 мянган рубль өгсөн шиг санаж байна. Тэр үед энэ нь маш их мөнгө байсан. Тэд ямар нэг судалгааны ажил хийх ёстой гэж би тохиролцсон” хэмээн Шейндлин ярив.

Үнэн хэрэгтээ тэр өөрийн хүрээлэнгийн эрх ашигт нийцэх ямар нэг судалгааны ажлыг хүлээж авна гэж тэр бодоогүй аж. Тэр мөнгө өгсний учир нь санхүүгийн хэлэлцээрээс ашиг олох гэж бодсон, эсвэл Ходорковскийн өндөр албан тушаалтай найзууд нь мөнгө өгөхийг ятгасан ч байж магад. Үнэн хэрэг дээрээ яг юу болсон нь одоо болтол тодорхойгүй. Шейндлинээс энэ талаар асуухад тэрбээр “Эндээс шинжлэх ухаанд ямар нэг тустай зүйл гарахгүй гэдгийг би мэдэж байсан. Бодит бай­далд саруул ухаанаар хандахад манай хүрээлэнд ашигтай юуг ч хийж чадахгүй гэдгийг би сайн ойлгож байсан” гэж тэр хүлээн зөвшөөрсөн юм. Харин Ходорковскийн бодол өөр байв. “Хайлшийн хэмийг хэмжих тусгай төхөөрөмжийг зохион бүтээж чадах залуу мэргэжилтнүүдийг би их сургуулиасаа олсон. Үүний дараа би тэдэнтэй хамт энэ ажлыг гүйцэтгэх захиалга өгч болохоор хүрээлэнг ч олсон. Энэ нь Шинжлэх ухааны академийн Өндөр хэмийн хүрээлэн байлаа. Тэгээд л бид тэдний төлөө энэ ажлыг гүйцэтгэвэл ямар вэ? гэж асуусан. Хариулт нь ч нааштай байлаа” гэж тэр ярьсан юм. 

Дараагийн хоёр жил Шейндлин өнөө чадвартай залуучуу­дын талаар сураг ч сонссонгүй. Тэд өөрөөс нь авсан мөнгийг эргэлдүүлээд завгүй байгаа биз гэж бодов. “Би одоо ч нарийн ширийн зүйлийг мэдэхгүй. Тэд миний мөнгийг хэд дахин өсгө­хийн тулд л ашигласан. Мөнгө эргэлдүүлнэ гэдэг амаргүй ажил. Улс оронд ийм олон хууль тогтоомж байхад шүү дээ. Ийм их мөнгийг авч чадсан бол түүнийгээ яах вэ гэдгээ ч сайн мэдэх ёстой” гэж Шейндлин надад хэлэв.

Харин Ходорковский үүнийгээ мэдэж байв. Үүнд л түүний нууц оршиж байлаа. Ходорковский зөвлөлтийн санхүүгийн системд нэгэн чухал нээлт хийсэн нь тэрбээр илүү их мөнгө олохын тулд мөнгөн хөрөнгийг хэрхэн эргэлдүүлэх аргыг олсон явдал юм. Тэр үеийн тогтолцоо түүнд туршилт хийх боломж олгосон учир л тэр үүнийг хийж чадсан гэхэд болно.   
Зөвлөлтийн санхүүгийн систем Сталины эрин үеийн өв зал­гамжлагч болсон юм. Захиргаадалтын системийн үед мөнгө, орлого нь үйлдвэр, заводуудын шийдвэр гаргах гол хүчин зүйл биш байв. Үүний оронд үйлдвэрүүд төвлөрсөн төлөвлөгөөт байгууллагуудын тогтоосон төлөвлөгөө даалгаврыг биелүүлэх гэж эрмэлзэж, үүний тулд тэтгэмж авдаг байв. Хомсдлын эдийн засгийн нөхцөлд тоног төхөөрөмж, эд материал худалдан авах, эсвэл үйлдвэрлэлийнхээ хэмжээг нэмэгдүүлэхийн тулд дан ганц мөнгөтэй байх нь хангалттай биш байв. Байнга дутаг­даж байдаг материаллаг хэрэгцээг гаргуулах талаар ярьж тохиролцон, үйлдвэрийнхээ төлөвлөгөөг биелүүлэх нь хамгийн чухал байв.

Зөвлөлт системийн үед хоёр төрлийн мөнгө байдаг бай­лаа. Нэг нь зүгээр бэлэн мөнгө. Энэ нь цаасан, бас зоосон хэл­бэрээр гүйлгээнд гардаг байв. Гэвч төлөвлөгөөт эдийн засгийн үед гол төлөв цалин тавихад хэрэглэгдэж байсан бэлэн мөнгөө үйлдвэрүүд хэрхэн ашиглаж байна гэдэг дээр тун хатуу дүрэм үйлчилж байлаа. Бэлэн мөнгөний нөөц бага байв. Гэвч  бэлэн мөнгө ахиухан олж авч чадсан үйлдвэрийн дарга ачааны ма­шин худалдаж авах, эсвэл агуулах барих зэрэг үйлдвэрт нь хэрэгтэй зүйлд нь зарцуулах эрхтэй байсан аж.

Нөгөө нэг хэлбэр бол бэлэн бус хөрөнгө. Энэ нь цаасан болон зоосон мөнгө биш бөгөөд төрийн тэтгэмжийн хэлбэрээр үйлдвэрүүдэд хуваарилагддаг мөнгө юм. Бэлэн бус мөнгө нь зөвхөн тооцох нэгжийн хэлбэрээр оршин тогтноно. Үйлдвэ­рүүдэд тэтгэмжийг бэлэн бус хэлбэрээр шилжүүлдэг бөгөөд үүнийг данс тооцоондоо тусгах, эсвэл өөр үйлдвэрүүдтэй тоо­цоо нийлж болохоос биш түрийвчиндээ хийж болдоггүй байв.

Үргэлжлэл бий... Эх сурвалж #000; padding-bottom: 20px;" href="http://www.wikimon.mn/content/46704.shtml">www.wikimon.mn

Сэтгэгдэл бичих