Авлига авсан “Росбанк”-ны ерөнхий хорооны даргыг баривчилжээ

Оросын ДХЯ-ны Эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, авлигатай тэмцэх ерөнхий газрын ажилтнууд “Росбанк”-ны ерөнхий хорооны дарга болон ахлах дэд ерөнхийлөгчийг нэг бизнесчээс 5 сая рублийн авлига авсан байж болох сэжгээр Москвад саатуулжээ.Оросын ДХЯ-ны хэвлэлийн төвөөс өчигдөр ингэж мэдээлсэн байна.
Энэ зээлийн байгууллагын сайтад байршуулсан мэдээгээр, “Росбанк”-ны ерөнхий хорооны дарга нь Владимир Голубков гэдэг хүн ажээ. ДХЯ-ны газрын мэдээлснээр, банкны ерөнхий хорооны дарга зээлийн гэрээг сунгуулж, түүнчлэн зээлийн бага хүүтэй болон сар бүрийн төлбөртэй нэмэлт хэлэлцээр байгуулбал 1,5 сая ам.доллар өгөхийг арилжааны байгууллагын төлөөлөгчөөс шаардсан байна. Ингэхдээ тэр зуучлагч болох “Росбанк”-ны ахлах дэд ерөнхийлөгчөөр дамжуулан мөнгийг өгөхийг бизнесчээс шаарджээ.
“Үйлдвэрлэл эрхлэгч Оросын ДХЯ-ны холбогдох газарт хандан өргөдөл өгсөн юм. Шаардсан таван сая рублийн нэг хэсгийг зээлийн байгууллагын ахлах дэд ерөнхийлөгч авсан баримтыг цагдаагийн ажилтнууд гүйцэтгэх ажлын явцад баримтжуулсан юм” гэж ДХЯ-ны төлөөлөгчид хэлсэн байна.
Энэ мөнгө нь банкны удирдлагад очих мөнгө гэдгийг саатуулагдсаныхаа дараа ахлах дэд ерөнхийлөгч гүйцэтгэх албаны ажилтнуудад хэлээд, мөрдөн байцаагч нартай хамтран ажиллахаар зөвшөөрснийг яамны төлөөлөгчид тэмдэглэжээ.
“Сүүлд нь банкны ерөнхий хорооны даргыг зуучлагчаас мөнгө авч байхад ажлын өрөөн нь үйлдэл дээр нь саатуулсан юм” гэж ДХЯ-ны хэвлэлийн төвийнхөн хэлсэн байна.
Байцаан шийтгэх шийдвэр гаргахаар одоо материалыг мөрдөн байцаах байгууллагад шилжүүлээд байгаа ажээ.
“Росбанк” нь Оросын зээлийн гурван томоохон банкны нэг бөгөөд гурван сая гаруй үйлчлүүлэгчтэй юм. Тус банк олон улсын консалтингийн “Brend Finance”компани болон “The Banker” сэтгүүлийн 2012 оны жагсаалтад дэлхийн хамгийн өртөг ихтэй 300, оросын санхүүгийн хамгийн өртөг ихтэй дөрвөн брэндийн тоонд багтжээ.
Банкны удирдлага одоо нөхцөл байдлыг тодруулахад туслан, мөрдөн байцаагч нартай идэвхтэй хамтран ажиллаж байна.
С.Инда


Сэтгэгдэл бичих