Хойд Солонгосыг ухаалаг утасны дурангаар...

Асошейтэд Прэсс агентлагийн гэрэл зургийн сурвалжлагч Девид Гуттенфэлд Хойд Солонгосоор аялж гэрэл зургийн олон сонирхолтой цомог бүтээжээ. Ийнхүү аялах зуураа тэрбээр Умардын залуу удирдагчтай зүгээргүй найз нөхөд болсон тухайгаа бичсэн байна..

Хүн бүхний төсөөллөөр Хойд Солонгос хэмээх улс дэлхийн хамгийн хаалттай систем бүхий орон. Тэнд бүх зүйл нарийн чанд хяналт дор, Удирдагч Ким Чен Ун болон армийн генералуудын тушаалаар явагдана. Хорь гаруй сая хүн хэдхэн хүний тушаалаар амьдарна гэдэг ардчилал, хүний эрх гэж хамгийн түрүүнд хашгирдаг гадны улсынханд хэрхэн төсөөлөгдөх билээ. Гуттенфэлдийн хувьд энэ бүхэн тийм ч төсөөлөхийн аргагүй зүйл биш болжээ. Учир нь, Хойд Солонгост байрласан анхны барууны хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох Асошейтэд Прэсс агентлаг ажиллах болсон цагаас тэр тэнд амьдарч байгаа юм. Гэрэл зургийн сурвалжлагчийн ажлаа хийж, тэндхийн иргэдтэй хэзээний ахан дүүс шиг болсон нэгэн ажээ. Нийслэл Пхеньянд интернэт нэвтэрч эхэлсэн цагаас хүмүүс түүний инстаграмд зочлон одоогийн байдлаар 100 мянга гаруй дэмжигчтэй болжээ.

Гуттенфэлдийн зорилго бол тус улсын талаар мэдээ мэдээлэл дамжуулах бөгөөд Умардын цэргийн бэлтгэл ямар байгааг харуулах явдал юм. Түүнчлэн залуу удирдагчийн үүрэг даалгавар, ажил хэргийнн талаар ч мэдээлдэг. Эдгээр улс төрийн болоод албаны мэдээллээс гадна, тэрбээр хойд солонгосуудын жинхэнэ бодит амьдрал дунд орж өдөр тутмын амьдралыг нь судлахыг зорьдог ажээ.

Хойд Солонгосын иргэд энэ жилээс анх удаа 3G сүлжээ ашиглан, гар утсаараа интернэтэд орж эхэллээ. Гэхдээ дотоодын сүлжээг хязгаарлагдмал хүрээнд ашиглах ёстой. Иргэдийн хамгийн түгээмэл хэрэглэж байгаа олон нийтийг хамарсан зүйл нь инстаграмм бөгөөд Гуттенфэлдийг дуурайж хүмүүс гэрэл зураг ихээхэн сонирхох болжээ. Харамсалтай нь иргэдийн авсан энэхүү зургууд нь олон улсад цацагдахгүй байхаар тохируулжээ. Маш бага хүрээнд интернэт ашиглаж байгаа нь ийнхүү харагдаж байна.

Үндэсний газарзүйн хүрээлэн сувгийн багийнхан долоо хоногийн турш Хойд Солонгост хийсэн сурвалжилгын үеэрээ тус улсад багагүй хугацаа өнгөрүүлсэн гэрэл зургийн сурвалжлагчаас ярилцлага авчээ.

-Девид, Хойд Солонгост инстаграммыг хэрхэн ашиглаж байна вэ?

-Энд бүх юм хэмжээ хязгаартай. Би энд зураг авч хүмүүст гэрэл зургийг мэдрүүлэхийг хүсдэг, тэр нь ч гэсэн миний хувьд ажил минь билээ. Би ийм хүмүүстэй ажиллах дуртай. Орчин үед өөр орны хүмүүс хэтэрхий их мэдээлэлтэй, ачаалалтай амьдарч байгаа нь ядармаар санагддаг юм. Би энд инстаграммыг ашиглаж эхэлснээрээ эндхийн хүмүүсийг илүү таньж, илүү нарийвчилсан байдлаар танилцаж эхэлсэн. Нүсэр том текст бүхий сурвалжилгаас илүүтэйгээр, яг л агшныг дарсан сайхан зургууд мөн түүнд таарсан бяцхан тайлбар байхад л хангалттай. Ийм энгийн тайлбар нь Хойд Солонгосын хүмүүсийг ч гадныхан ойлгоход хялбар болгоно.

Хойд Солонгост гар утасны 3G сүлжээ ашиглан интернэт хэрэглэдэг боллоо. Энэ бол эндхийн хүмүүст асар их нөлөөлсөн. Хүмүүс маш энгийн технологи ашиглан олон зүйл хийж болохыг мэдэж авлаа. Тэдний хэрэглээ ч мөн аажим аажмаар нэмэгдэж, хүн бүр ухаалаг гар утастай болохыг эрмэлзэж байгаа байх л даа. Хойд Солонгост гэрэл зураг гэгчийг хүмүүс сонирхогчийн төвшинд ч мэддэггүй байсан бол одоо өөрчлөгдсөн.Тэд би ч бас зурагчин байж чадна гэдэгтээ итгэлтэй болжээ.

Хойд Солонгос дахь таны интэрнэт харилцагч хэр олон бэ?

Анх 15-18 мянга орчим байв. Харин өнөөдрийн байдлаар 100 мянга гаруй дагагчтай болоод байна. Хүмүүс гар утсаараа дамжуулан интернэт хэрэглэж байгаадаа үнэхээр сэтгэл хангалуун байгаа. Инстаграмм ашиглаж өдөр тутмын жижиг мэдээллээр тэд тасрахгүй боллоо. Гэхдээ хүмүүс мэдээ мэдээлэл гэхээсээ гадна, миний авсан зургуудын үзэх гэж интернэт ихээр ашиглаж байгаа тухайгаа хэлдэг л юм. Тэгээд би өөрийгөө муугүй зурагчин гэж бодсон шүү... / инээв/

Барууныхны нүдээр хойд солонгосчуудыг харна гэдэг их хэцүү. Харин таны хувьд тэднийг хэрэхэн хардаг вэ. Утасныхаа дурангаар та ямар зүйлийг харж, мэдэрдэг вэ?

Тэгэлгүй яахав, хоёр ондоо ертөнц гэж ч хэлж болно. Гэхдээ би үүнийг харьцуулахыг хүсдэггүй. Мэдээж гар утасны дурангаар тэднийг илэрхийлээд гаргачихна гэдэг нь хэцүү л дээ. Надад энд байхдаа хийх зүйл бол, мэдээ мэдээллээ дамжуулахаас гадна, хүмүүст гэрэл зургийн сайхныг ойлгуулж, зааж өгөх явдал юм. Хүмүүс гэр бүлийнхээ, найз нөхдийнхөө, хүрээлэн буй орчны зураг авах дуртай. Эндээс хүмүүсийн сонирхоод байдаг хойдчуудын ахуй амьдралыг тодоос тод харж болно.

Таныг дагалдагчид Хойд Солонгост бий юу?

Магадгүй, би хэдэн хүн мэднэ л дээ. Надаас гэрэл зургийн талаар асуудаг, бас интернэтийн тухай гэх мэт. Хүмүүс интернэт их сонирхож байна. Эндээс тэд их олон зүйл мэдэж авдаг нь тодорхой.

Интернэтэд тавигдсан тэдний тухай зураг их хуучинсаг байдаг. 1950-иад оных ч гэмээр, энэ нь намын дарга, удирдлагуудтай нь холбоотой юу?

Тэд улс орныхоо тухай гадаад улсуудад аль болох амар жимэр харуулахыг оролддог. Удирдлагууд нь гадагшаа цацагдах зургуудыг ерөнхийд нь харж, сонгож байж хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гаргадаг. Миний хувьд хүмүүсийн амьдрал харуулсан, бичил өгүүлэмж агуулсан зургууд нийтлэхийг оролддог ч заримдаа амжилтгүй болох нь бий л дээ. Хойд Солонгосын удирдагчид аливааг суртал нэвтрүүлгийн журмаар явуулахыг зорьдог нь зовлонтой. Харин манай агентлаг, би өөрөө ч гэсэн бага ч атугай өөр өнцгөөс харуулахыг хичээдэг.

Та тэнд эрх чөлөөтэй байдаг уу?

Янз бүр л байдаг. Жишээ нь, би өөртөө таалагдсан фото зургийг дарлаа гэж бодоё. Гэтэл би зарим тохиолдолд тэр зургаа олон нийтэд дэлгэж болдоггүй. Хойд Солонгосын хөөрхөн охид, эмэгтэйчүүдийн зургийг би агентлагаараа дамжуулдаггүй. Харин энэ удаад Үндэсний газарзүйн хүрээлэнгийн сувгаар зарим зургаа нийтэлж болох нь.

Тэдний гэрэл зурагчидтай хэр найзалсан бэ?

Би тэдэнтэй уулзсан. Бид хамтарч зургууд дээр ажилласан. Тэмцээн уралдаан зохиох үеэр дарсан зургуудаа солилцдог. Өнгөрсөн сард Пхеньянд зохиогдсон марафоны үеэр маш олон гэрэл зурагчидтай уулзлаа. Хүмүүс гэрэл зураг харьцангуй их сонирхдог болжээ. Тэдгээр хүмүүст би гэрэл зургийн талаар ярьж, сэтгүүл үзүүлдэг л дээ. Ингэж хамтардаг болсноос хойш зурагчид их өөрөөр харахыг хичээх болсон нь ажиглагдах боллоо

Э.Мөнхнасан

Сэтгэгдэл бичих