Шүүгчийн шийдвэр оргодлуудыг оодруулав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шүүхийн шинэчлэлийг санаачлан эхлүүлээд багагүй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд шүүх улам бүр хараат бус болсоор байгаа ч ний нуугүй хэлэхэд Монголд хамгийн их цалин пүнлүү авдаг шүүгчдийн зарим нь авлигын хүлээснээс гарч чадахгүй байна. Ганцхан жишээ татъя. Энэхүү урт настай, удаан зовлонтой Тээвэр хөгжлийн банктай холбоотой хэргийн дотор авлига, албан тушаалаа урвуулан ашиглах, мөнгө угаах, гэмт этгээдийг саатуулан хорих хугацаанаас нь өмнө суллах, гэмтнийг хууль бусаар хил давуулж зугтаалгах, хөлсний улстөрчид нэр нөлөөгөө ашиглах гэх мэт олон гэмт үйлдлийг Швейцарийн иргэн Армин Виедеркер Иохан болон ОХУ-ын иргэн Н.А.Новожилов нарын эдийн засгийн алуурчдын шахалтаар “Оюуны ундраа” компани гар хөл болон гүйцэтгэсээр байгаа нь нэгэнт нууц биш болжээ.

Баримт сөхвөл В.И.Армин 2008 онд “Инфрастракчер” компанийнхаа нэрээр Тээвэр хөгжлийн банкинд Кипрээс гурван сая ам.долларын хөрөнгө оруулсан нэрийдлээр өөрийн төлөөний этгээд Н.А.Новожиловыг тус банкны гүйцэтгэх захирлаар томилсон байдаг. Энэ хугацаанд Н.А.Новожилов мөнөөх гурван саяыгаа Монголын харилцагчдын мөнгөөр хоёр дахин зузаалж, зургаан сая ам.долларыг ОХУ-ын СБ (ООО) банкинд шилжүүлжээ. Мөн Монголд оршин сууж буй ОХУ-ын харьяат 30 иргэний нэр дээр хадгаламжийн дэвтэр нээлгэн түр хугацаагаар хадгалуулж, дараа нь иргэдийн хадгалуулсан мөнгө мэтээр буцаан шилжүүлэх замаар 300 сая ам.доллар угаажээ. Ийнхүү гадны этгээдүүд Монголын банк, санхүүгийн байгууллагыг луйвардсан нь илэрч, УМБГ-аас тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, Н.А.Новожиловыг Ганцхудагийн урьдчилан хорих төвд саатуулан шалгаж байлаа. Гэвч шүүхийн шатанд хугацаанаас нь өмнө батлан даалтад гаргаж, улмаар оргуулсан.

Иймээс В.И.Арминийг оргон зайлахаас сэргийлж, Тээвэр хөгжлийн банкнаас 2011 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр Нийслэлийн прокурорт түүнийг хилээр гаргалгүй шалгуулах тухай хүсэлт албан ёсоор тавьсны хариуд хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Г.Мижиддорж маргааш нь хүсэлтийг хангахаар шийдвэрлэснээ мэдэгдсэн байна. Хачирхалтай нь прокурор маань санаатай юу, санамсаргүй юу мөнөөх В.И.Арминийг гурав хоногийн дараа нөлөө бүхий улстөрчийн дэмжлэгтэйгээр орон нутгийн чанартай нэгэн гарцаар хил даван мөр буруулахад саад хийж чадсангүй.

Хамгийн сүүлчийн жишээ гэхэд өнгөрсөн онд арилжааны банкны дүрмийн санг нэмэгдүүлэх тухай Монголбанкны ерөнхийлөгчийн тушаал гарсан. Уг тушаалын дагуу 2013 оны дөрөвдүгээр сарын 30-ны дотор арилжааны банкууд дүрмийн сангаа нэмэгдүүлэх ёстой байлаа. Иймээс Тээвэр хөгжлийн банкны хувь нийлүүлэгчид хуралдаж, тус банк дүрмийн сандаа найман тэрбум төгрөг нэмж оруулсан юм. Энэхүү хурлын өмнө тус банкны хувь нийлүүлэгч гэгдэх “Инфрастракчер” компанийн эзэн, Швейцарийн иргэн В.И.Арминийг хуралд оролцохыг удаа дараа урьсан боловч ирээгүй. Гэтэл одоо Тээвэр хөгжлийн банкны дүрмийн санд нэмж оруулсан найман тэрбум төгрөгийг хүчингүй болгуулахаар “Оюуны ундраа” компаниар дамжуулан хилийн чанадаас хөөцөлдөж, зах зухаасаа санасандаа хүрэв.

Хамгийн хачирхалтай нь Захиргааны хэргийн шүүхийн анхан шатны шүүхийн шүүгч С.Мөнхжаргал хувь нийлүүлэгчдийн хуралд огт оролцоогүй В.И.Арминий “Инфрастракчер” компанийн нэхэмжлэлийн дагуу Тээвэр хөгжлийн банкны дүрмийн сандаа хугацаанд нь нэмж оруулсан найман тэрбум төгрөгийг энэ оны хоёрдугаар сарын 1019 тоот захирамжаараа түдгэлзүүлсэн байх юм. Гэтэл эл шийдвэрийн цаана Тээвэр хөгжлийн банкны эрх ашиг хохирч байгаа тул шүүх хуралд гуравдагч эигээдээр оролцох хүсэлтээ гаргахад С.Мөнхжаргал шүүгч огт халгаахгүй байгаа нь бүр ч сэжигтэй. Монголбанкны тушаалыг үл тоосон гадны этгээдийн талд улаан цайм орсон эл шийдвэрийн цаана их мөнгөний үнэр ханхалж байна хэмээн зарим хүн сэжиглэж байна. Хэдхэн жмилийн өмнө “Оюуны ундраа”-гийн гэх тодотголтой ЭЦГ-ын хэлтсийн дарга Ш.Цогбаатар, Нийслэлийн прокурорын Б.Эрдэнэбаатар гээд хүмүүс байсныг одоо захиргааны хэргийн залуу шүүгч С.Мөнхжаргал залгамжилж буй бололтой. Гэхдээ энэ шүүгч бүсгүй өргөсөн тангаргаа бодож, авсан цалингаа тооцвол юу юуны духанд хүрэлгүй хар толгойгоо тавиад туучихмааргүйсэн. Түүний зархирамжийг дор нь шүүрч авсан ОХУ-ын СБ банк (ООО) 2014 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр ирүүлсэн албан бичигтээ В.Арминий заавраар Н.А.Новожиловын 2009 оноос хойш манай улсын Тээвэр хөгжлийн банкнаас зувчуулсан нийт 1,3 тэрбум төгрөгтэй тэнцэх валютыг буцааж өгөхгүй сайхан шалтаг гаргасан байх юм. Энд С.Мөнхжаргал шүүгч Тээвэр хөгжлийн банкны дүрмийн сангийн нэмэгдлийг түдгэлзүүлэх шийдвэр гаргаж, тэр дор нь оросууд шүүрч аваад манайхны мөнгийг өгөхгүй гэдийж, тэнд В.И.Армин, Н.А.Новожилов нар санасандаа хүрч суугаа нь энэ хэрэг яах аргагүй зохион байгуулалттайг харуулж байна.

Өдгөө “Инфрастракчер” компанийн гүйцэтгэх захирлаар В.И.Арминий итгэмжлэлийн дагуу “Оюуны ундраа” компанийн ерөнхий захирал С.Амарсайхан 2000 ногооны хөлсөөр ажилладаг. Тэр улсын нөөцийн санг самарч, одоо Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар ажиллаж байгаа, УИХ-ын гишүүн асан С.Отгонбаярын төрсөн дүү бөгөөд МАН-ын Бага хурлын гишүүн, НИТХ-ын тэргүүлэгч юм. С.Отгонбаяр бол буух эзэн, буцах хаяггүй юмаар тоглож сурсан луйварчин бизнесмен, нам дамжсан улстөрч. Түүний эдийн засгийн гэмт хэргүүдийг илчлэн бичсэн эрэн сурвалжлах сэтгүүлч Б.Отгонбаярт эрүүгийн хэрэг үүсгүүлэн шүүхэд өгсөн боловч шүүхээс эрүүгийн биш иргэний журмаар шийдэх учиртай гэсэн байдаг.

В.И.Армин анхнаасаа “Оюуны ундраа”-г гогдсон нь ихэд учир начиртай. “Оюуны ундраа” бол Монголын шүүх засаглалаар жинхэнэ тоглож чадаж байгаа компани. 1994 онд Оросоос “Ми-8” нисдэг тэргийг хууль бусаар хил давуулан оруулж ирэн хав дарж байгаад 1997 онд улсад 700 сая төгрөгөөр шахаж амташсан. Ингэхдээ Орост байгаа В.Баяминов хэмээх буриад эрийг хилийн цаанаас буруутган, Монгол Улсын дархан хилийг зөрчсөн гэмт хэргээс бултсаар байгаад хөлсний улстөрчдийн дэмжлэгтэйгээр ийнхүү ихээхэн хожоотой панз үсэргэж хоёр яс салсан байдаг. Дараа нь Багануурын Дулааны станцын хувьчлалд Оросын “МААТ” гэдэг компанийн нэр зээлдэж оролцоод авсны дараа ямар ч засвар үйлчилгээ хийлгүй Багануурын эмнэлэг, сургууль, цэцэрлэгээс эхлээд хотыг хөлдөөхийн даваан дээр засаг арга буюу хувьчлалыг цуцалж, улсын нөөцөөс хэдэн тэрбум төгрөг гарган тус станцыг хэвийн үйл ажиллагаанд нь оруулж гал унтраасан билээ. Энэ хооронд “Оюуны ундраа”-гийн зүсээ хувиргасан “Зүүнбаян Рефайнери” компани (захирал нь бас л гадаадын иргэн А.Х.Чочаев) 705.8 сая төгрөгийг бэлнээр, дулааны эрчим хүчний орлогоос 235 саяыг шилжүүлэн авч, мөн 235 сая төгрөгийн үндсэн хөрөнгө үрэгдүүлж, дээр нь төрийн өмчийг барьцаалан 263 саяын зээл авч, нийт нэг тэрбум 455 сая төгрөгийн хохирол улсад учруулсныг Төрийн өмчийн хорооны 2006 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 649 тоот тогтоолд дурайтал тэмдэглэжээ.Харин “МААТ” гэдэг компанийг манай цагдаагийнхан ОХУ-аас эрэн сурвалжлахад манайд тийм аж ахуйн нэгж байхгүй гэсэн хариу ирүүлж, эрэл мухардсан. “МААТ”-ын төлөөлөгч Б.Намба гэгчийг байцаахаар миний итгэмжлэлийн хугацаа дууссан гээд халгаадаггүй. Одоо Б.Намба “Оюуны ундраа”-гийн “Софт трейд” компанийг төлөөлөн Зайсан толгойн хойд талыг ухаж дуусган өндөр үнэтэй шилэн байшин бариулж байгаа.

Ер нь “Оюуны ундраа”-гийн С.Отгонбаярын томоохон залилангийн хэргүүдийн ард хариуцагч нь дандаа гадаадын иргэд байдаг, тэгээд ч тэрээр уснаас хуурай гарч чаддаг нь гэм биш зан, гэнэт биш хууч болж дээ. В.И.Армин Монголоос зугатахдаа Тээвэр хөгжлийн банкинд хувь нийлүүлсэн гэх “Инфрастракчер”компаниа “Оюуны ундраа”-д зарсан гэдэг. Тэгэхдээ өмгөөлөгч Рагчаагийн Батрагчааг сарын 2000 ам.доллараар хөлсөлж, “Инфрастракчер”-ийн гүйцэтгэх захирлаар томилжээ. Гэтэл эрхзүйн шинэчлэлийн дагуу өмгөөлөгч ашгийн төлөө аж ахуйн үйл ажиллагаа давхар эрхэлж болохгүй учраас Монголын хуульчдын холбоо байгуулагдсаны дараахан Р.Батрагчаа мөнөөх хөлсний ажлаа санд мэнд хүлээлгэн өгсөн байна. Гэвч Тээвэр хөгжлийн банкны зохих хувийг авах зорилгоор зохиосон энэхүү ов мэх нь удалгүй илэрсэн тул дараа нь бэлэглэлийн гэрээгээр “Оюуны ундраа”-д өгсөн гэв. 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан гэх эл гэрээг хаана, ямар хэл дээр хэдэн хувь үйлдсэн гэх баримт огт алга. Гагцхүү хувилсан ч юм уу, хуулбарласан ч юм уу хоёр хуудас хавсаргажээ. Гэхдээ юманд учир бий. Хуулийн дагуу тус компанид зарсан бол татвараа төлсөн байх ёстой, бэлэглэсэн бол хоёр тал улаан нүүрээрээ уулзаж, гарын үсэг зурсан байх учиртай. Тийм юм болсонгүй, болох ч нөхцөл байхгүй. Яагаад гэвэл Монголоос хууль бусаар нүүр буруулсан В.И.Армин, эсвэл “Оюуны ундраа”-гийнхан нэгэн дор гэрээ хэлцэл байгуулах боломж бүрдээгүй нь Монгол Улсын хилээр орсон, гарсан иргэдийн он, сар, өдөртэй бүртгэлээс тодорхой харагдаж байгаа юм.

Одоо Монголын шүүхийн өмнө В.Арминаас “Оюуны ундраа”-д зүв зүгээр бэлэглэсэн гэх Тээвэр хөгжлийн банкны зохих хувьцаа эзэмшигч нэртэй “Инфрастракчер” компанийн бэлэглэлийн гэрээг Монголбанк яагаад бүртгэж авахгүй байгаа юм бэ гэдгийг тогтоох үлдэв. Гол нь “Инфрастракчер” компанийн эзэн хэн юм бэ гэдэг араасаа маш том асуултын тэмдэг дагуулж байгаа юм. Эцэст нь тэмдэглэхэд В.Арминий “Оюуны ундраа”-гаар дамжуулан шүүхэд хандсан гурван нэхэмжлэл бүгд биелж, Тээвэр хөгжлийн банкны бүх нэхэмжлэлийг түдгэлзүүлснийг шүүхийн шинэчлэлийг эхлүүлсэн манай төрийн тэргүүн, цаашилбал Монгол Улсын еөнхий прокурор Д.Дорлигжав, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нар анхааралдаа авах цаг болжээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуульд шинэчлэлийн салхи орж, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах, мөнгө угаах гэмт хэргийг тусгайлан авч үзэж тусгасан нь Ерөнхийлөгчийн эхлүүлсэн шүүхийн шинэчлэлийг хууль тогтоогчид маань дэмжиж буйгийн бодит илрэл юм. Энэ нь ч төрд алба хашаагүй л бол барагтай хэргээс сугарч үлддэг бизнесийнхэн, ялангуяа авлигаар гаршсан бохир бизнесменүүдэд удахгүй сургамж болох буйзаа. Зарим шүүгчийн илт но-той үйлдлүүд шүүхийн шинэчлэлийн эсрэг нууцаар зогсож буйг илтгэх бус уу.

/Үргэлжлэл бий/

Х.Аянга

Сэтгэгдэл бичих