Д.Цогтбаатар: Төр МАН-аас өмчөө хүлээн авна

Гурван шатны шүүхээс В.И.Лениний музейг МАН-ын өмчлөлөөс гаргаж, ТӨХ-нд шилжүүлэх шийдвэрийг гаргасан. Гэвч МАН-аас уг шийдвэрийг эсэргүүцэн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригт гомдол гаргаад байсан юм. Тэгвэл уг гомдол Ерөнхий шүүгч Ц.Зориг хариу өгчээ. Тодруулбал, “БНМАУ-ын Улсын нэгдсэн төсвийн зарлагын 1981-1986 оны нэгдсэн төлөвлөгөө”- ний “Соёл, урлаг, радио нэвтрүүлэг” гэсэн хэрэгт В.И.Лениний музейн төсөв, зарлагыг тусгайлан, харин Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны төсөв, зарлагад уг музейтэй холбогдсон мэдээлэл тусгагдаагүй... зөвхөн уг барилгыг тухайн үед МАХН-ын ашиглалтад шилжүүлсэн үйл баримтууд авагдсан болохыг дээрх тогтоолд дурдсан.


Ийнхүү шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулсан, энэ барилгын өмчлөгч нь “Төр” болохыг тогтоох болсон үндэслэлээ дээрх тогтоолд тодорхой тэмдэглэсэн, музейн зориулалттай байсан барилгын өмчлөгч нь ТӨР болохыг тогтоож шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэсэн байна гэж үзээд уг тогтоолыг хүчингүй болгох үндэслэлээр дүгнэлт гаргахгүй гэж эцэслэн шийдвэрлэснээ энэ сарын 11-ний өдөр мэдэгдсэнээр Лениний музейн барилгын өмчлөгч ТӨР болохыг эцэслэн шийдвэрлэлээ” гэжээ.

Ингэснээр В.И.Лениний музей ТӨХ-ны мэдэлд шилжиж байгаа юм. Ингээд энэ талаар ТӨХ-ны захирал Д.Цогтбаатараас тодруулахад “Эхний ээлжинд төр өмчөө авна. Мөн дотор нь байгаа эд зүйлийг анх ямар байсан тэр тоо хэмжээгээр нь л авна. Одоо бидний зүгээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт саналаа өгч, албан бичиг явуулна. Үүний дараа шууд ажилдаа орно. Хэрвээ үүнийг зориулалтаар нь ашиглахгүй бол өчнөөн орлого орох, ашгаа алдаж байгаа. Тэгэхээр бид бас цаг хугацаа алдмааргүй байна. Өөрөөр хэлбэл, жилийн өмнө төр өмчөө авчихсан болих олон ажлыг хийж амжуулж, улсын төсөвт ч нэлээн орлого оруулах байсан. Тиймээс дараагийн нийтэд үйлчлэх аргыг л хурдан хэрэгжүүлэх ёстой.Өөрөөр хэлбэл, балансаас балансад шилжүүлсний дараа ажпын хэсэг байгуулагдан засварын ажил хийж Үлэг гүрвэлийн музейг оруулна” гэсэн юм.

Харин ССАЖЯ-ны сайд Ц.Оюунгэрэл “Манай яамны зүгээс Ленины музейн засварын ажлыг зохион байгуулах анхны үзмэрүүдийн танхимын тохижилтыг санхүүжүүлэх ажил руу хамт олноороо орохоор бэлтгэл ажлаа хийгээд байна. Эхний танхимуудаа тохижуулах төлөвлөгөөг ч гаргасан байгаа.Ленины музейд орох боломжгүй учир ямар ч төсөв, төлөвлөгөө гаргаж чадсангүй. Хаалга, үүд нь цоожтой биднийг нэвтрүүлэхгүйгээр жил болчихсон. Тиймээс тодорхой төсөв гаргаж амжаагүй. Түлхүүр хүлээж аваад засвараа хийж, тендерээ зарлана. Гэхдээ үүнийгээ зургаадугаар сарын 1-нээс өмнө амжуулна. Хамгийн эхний гол үзмэрээр "Т.Батаар ба түүний аав"-ыг сонгоод байгаа. Т.Батаар маань Дархан-Уул аймагт байгаа. Харин аав нь Байгалийн түүхийн музейд байдаг байсан сүүл нь унжсан үлэг гүрвэл байсан. Гэвч энэ үлэг гүрвэл нь орчин үеийн музейн үзмэрт тэнцэхгүй, шинжлэх ухааны мэдээлэл нь буруу тусгагдсан үзмэр учир энэ үзмэрээ Батаарын адил сүүлийг нь босгож, тэнцвэрийг нь өөрчилж, карказ солих ажил гарч ирж байгаа.Тэгэхээр хуучны үзмэрүүдийг шинжлэх ухааны шинэ мэдээлэлд тулгуурлаж, карказыг нь өөрчилж босгох ажлуудыг зохион байгуулна. Эдгээр зүйлүүдийг хийсний дараа Байгалийн түүхийн музейд байгаа Батаарын аав, Дарханд байгаа Батаар хоёр нийлээд Ленины музейн гол үзмэр болно” гэв.

Б.Золбоо

Сэтгэгдэл бичих