Сурагчдын автобусны маршрутыг нэмнэ

Улаанбаатар хотын авто замын хэт ачааллаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний дагуу сурагчдыг осол гэмтэлд орохоос урьдчилсан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэлээс сургуулийн орчин дахь зам тээврийн аюулгүй байдлыг хангахад онцгой анхааран ажиллаж байна. Энэ хүрээнд сурагчдын цүнхийг гэрэлтүүлэгчтэй болгосон төдийгүй сургуулийн автобусны үйлчилгээг эхлүүлж одоогийн байдлаар 7 дүүргийн 45 сургуулийн 4 880 суралцагчийг 122 автобусаар тээвэрлэж байна.

Сурагчдыг нэгдсэн зохион байгуулалтаар тээвэрлэхдээ “Хүүхдийн автобус” -ны үйлчилгээ болон нийтийн тээврийн “Сурагчдын автобус”-ны үйлчилгээ гэсэн 2 хэлбэрээр зохион байгуулж байгаа бөгөөд нийтийн тээврийн их багтаамжийн автобусаар СХД-ийн 5 чиглэлд, ХУД-ийн 1 чиглэлд сурагчдын автобус үйлчилгээнд явж байгаа юм.

Тодруулбал СХД-ийн Зүүнсалаа - 36-р сургууль”, “Нарангийн гол - 62-р сургууль”, “Орбит - 36-р сургууль”, “Их наран - 36-р сургууль”, “Баянхошуу - 36-р сургууль”, ХУД-ийн “Нисэх-120” мянгат чиглэлд 114, 7, 60, 118, 41, 34, 63, 18, 15, 52, 75 дугаар сургуулийн сурагчдыг тээвэрлэх автобусууд үйлчилгээнд явж байна.

Цаашид Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдэд сургуулийн автобусны маршрут шинээр гаргаж үйлчилгээнд явуулахаар төлөвлөж байгаа бөгөөд нийслэлийн Тээврийн газар, нийслэлийн Боловсролын газраас хамтран маршрут зохиож байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл бичих