Барилгын салбар дахь газрын маргааныг үгүй болгоно

Нийслэлийн Ерөнхий төлөвлөөгөөний газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран барилгын шинэ журмыг батлах эхний хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн гол зорилго нь “Барилгын зориулалтаар газар олгох, газрын эрх шилжүүлэх, хугацаа сунгах, зориулалт, талбайн хэмжээнд өөрчлөлт оруулах, барилгын эх загвар батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагаа”-г зохицуулахад оршиж байгаа юм.

Хэлэлцүүлэгт барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг барилгын компаниуд оролцож, журамд оруулах санал бодлоо илэрхийлсэн юм. Иргэд болон барилгын компаниудын хооронд газрын маргаан дэгдэж, мөргөлдөөн болдог. Тиймээс нийслэлийн удирдлагууд өнгөрсөн жилээс эхлэн холбогдох хууль дүрмийг мөрдүүлэх журмыг боловсруулжээ. Энэхүү журамд газрын эрхийг шилжүүлэх ажлыг яаж зохион байгуулах зэргийг журамлаж өгсөн байна.

Мөн журманд иргэдийн саналыг авах ёстой гэж тусгажээ. Учир нь орон сууц, үйлдвэрлэлийн зориулалттай барилгыг барихдаа зай хэмжээ алдсанаас хажуугийн орон сууцны айлуудын цонх хаалгыг хаасан тохиолдол олон байдаг. Тиймээс 90 метрийн зайд байгаа иргэдээс санал авах ёстой гэж заажээ. Энэ холбогдох хуулиудыг мөрдөх журмыг барилгын салбарынханд танилцуулаад тэднээс гарах саналуудыг нь харгалзан уялдаа холбоотой журмыг нийслэлийн удирдлагын зөвлөлөөр хэлэлцэн батлахаар болжээ.

Б.Танан

Сэтгэгдэл бичих