Березовскийн гэр орныхон түүний оршуулгын тухай мэдээлэхийг хүсэхгүй байна

Борис Березовскийн гэр бүлийнхэн түүний оршуулгын тухай нарийн ширийн зүйлийг нийтэд мэдээлэхийг огт хүсэхгүй байгааг бизнесмений хүрээллийнхний учрыг мэдэх хүн хэлсэн байна.

“Түүнийг үнэхээр тавдугаар сарын 6-нд оршуулна гэдгийг нотолж байгаа ч хаана, хэрхэн оршуулахыг Березовскийн ойр дотнын хүмүүс юмуу, найз нөхдийн хэн нь ч хэлэхгүй байгаа” гэж нэрээ нууцлахыг хүссэн тэр хүн мэдэгджээ.

“Березеовскийн гэр бүлийнхэн, ялангуяа түүний охид оршуулгад гаднын хүмүүс ирэхийг хүсэхгүй байгаа. Бизнесмений хамгийн ойр дотнын хүмүүс л ирэх болов уу, түүгээр ч барахгүй тэр бүр найз нөхдийг урихгүй” гэж тэр хэлсэн байна. “Харин уригдсан хүмүүс юу ч ярихгүй” байх учрыг мэдэх хүн дурджээ.

Березовский өнгөрсөн гуравдугаар сарын сүүлчээр Их Британид гэртээ нас барсан юм. Тэр дүүжлэгдэж нас барсан байж болохыг эхний задлан шинжилгээний дүн харуулсан байна. Гэхдээ ямар нэг эсэргүүцэл үзүүлсэн шинж тэмдэг хэргийн газраас илрээгүй ажээ. Цагдаагийн байгууллага хордлогын болон эсийн шинжилгээг үргэлжлүүлэн хийж байгаа гэнэ. Ингэснээр түүний нас барсан албан ёсны шалтгааныг зарлаж болох юм.

Оросын ерөнхийлөгч Владимир Путин саяхан оросуудтай шууд ярилцахдаа, Березовскийгоос хоёр захидал авснаа мэдээлээд хувийн шинжтэй байсан учир юу гэж бичсэнийг хэлээгүй байна. Лондонд Борис Березковский нас барсанд гадаадын тусгай албад холбогдолтой байж болох тухай мэдээлэл бидэнд байхгүй гэж төрийн тэргүүн мэдэгджээ.

С.Инда

 

Сэтгэгдэл бичих