Сонгинохайрхан уулыг дэлбэлж эхэлсэн нь савдгийг нь уурлуулж, олныг цочроолоо

-Туул дагасан хайрганы 50 карьерийг хаав-

Нийслэлээ хашсан дөрвөн хайрхны нэг Сонгинохайрхан газрын хөрснөөс арчигдах нь ээ. Ийм аймаар юмыг бид үзэх тавилантай байж. Бизнес, тэр дундаа барилга гэхээр амиа тавьдаг монголчууд байгалиа, бүр байтлаа ганц догшин хайрхнаа ч хайрлахаа больжээ. Барилгын материал гэх элс, хайрганы эрэлд хатагсад хатан Туулаа ширгээчихээд, Сонгинохайрханыхаа суга, цавийг дэлбэлж эхэлснийг аймшиг гэхэд ч багадна. Дөрвөн хайрхны хамгийн догшиноор нь оролдвол зөвхөн нийслэлчүүд ч биш, зон олноороо зовно доо. Туулын хөвөөгөөр нэг хөглөрсөн элс, хайрганы карьеруудыг эмхэлж цэгцлэх, хааж зогсоох  оролдлого хэдэн жилийн өмнөөс яригдаж, өнгөрсөн жилээс хэрэгжиж эхэлсэн билээ. “Монголын хууль гурван хоног” болохоор тэгсхийгээд замхарсан юм. Хамаг элс, хайргыг нь хамчихаар хатан Туулын голдирол алдагдаж, улмаар ширгэж эхэлснийг мэргэжлийн хүмүүс ч ярьдаг. Барилга бариад голгүй хоцрох уу, голоо авраад барилгаа өөр замаар босгох уу гэдэг энгийн бодлогыг бидний өмнө тавиад байна.  Уг нь Туулын хөвөө, Сонгино, Биокомбинат орчмыг хотын хамгаалалтын бүсэд авах санал гарч байсан ч, энгийн хамгаалалттай, иргэдийн суурьшлын бүс болгочихсон нь ингэхэд хүргэсэн байхыг үгүйсгэхгүй. Хайрганы төлөөх дайн ийнхүү хатан Туулыг ширгээж, Сонгинохайрханыг тэгшилснээр зогсохгүй нь. Тэд бүр Өлзийт хороолол хавийн газрын хөрсийг эргүүлж, Төв аймгийн төв Зуунмод хүрэх машин замыг ч ховхолжээ. Ийм аюултай үзэгдэл болж байхад өнөө Онцгой байдал, Мэргэжлийн хяналтынхан нь мэдээгүй л сууж байх юм. Харин өчигдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Д.Отгонбаатар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Туул, Сонгино, Биокомбинат, Өлзийт хороолол хариуцсан дарга А.Цэрэнбат тэргүүтэй нөхөд тэр хавийн ажил байдалтай танилцахын хамт, хяналт шалгалт хийлээ. Гаргасан зөрчлийг газар дээр нь шийдэж, тэнд ажиллаж байсан элс, хайрганы 50 гаруй карьерийг түр хааж, лацдав. Түр юм түр л байдаг болохоор хатан Туул, Сонгинохайрханаа түр аварлаа гэсэн үг. Хэзээ бүүр аврахыг хэн ч мэдэхгүй байна. Сонгинохайрхан ийнхүү сүйрлийн өмнө ирснийг нийслэлчүүддээ сонордуулъя.

Г.Мөнхнасан       

 

  //

  // .jpg","thumb":"s/n/s/n.jpg"}]

Сэтгэгдэл бичих