Хүн худалдаалж, хүчиндсэн бүлэг этгээдийг шүүнэ

Хүн худалдаалж, хүчиндсэн хэргийг давтан үйлдсэн бүлэг Д.Мөнхсайхан нарын долоон хүнийг энэ сарын 9-нд шүүнэ. Хурал Баянгол дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд 13.00 цагаас болно. Хуралд даргалагч шүүгчээр О.Жанчивнямбуу, Ц.Оюунчимэг, А.Алтанхуяг, улсын яллагчаар Ц.Уртнасан, өмгөөлөгчөөр Д.Гантөмөр, Б.Тэнгис, А.Ганбат, А.Гантулга, Г.Тунгалаг, Д.Энхтунгалаг, С.Батжаргал нар оролцоно. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 113.2.1, 126.2.3-т зааснаар буруутган шүүнэ. Тус зүйл ангид хохирогчид хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, эсхүл бусдын биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хурьцал үйлдсэн бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Хүнийг мөлжих зорилгоор хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэх, хулгайлах, залилах, хууран мэхлэх, эрх мэдлээ урвуулан ашиглах, эмзэг байдлыг нь далимдуулах, эсхүл хүчирхийллийн бусад хэлбэрийг ашиглах, түүнчлэн өөр хүнийг эрхшээлдээ байлгаж буй этгээдийн зөвшөөрлийг авахын тулд төлбөр төлөх, ашиг олгон хахуульдах аргаар хүнийг хүн худалдаалах гэмт үйлдэлд элсүүлсэн, тээвэрлэсэн, нуун далдалсан дамжуулсан, хүлээн авсан бол эд хөрөнгийг хурааж, гурваас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ.

Б.Чимэг

Сэтгэгдэл бичих