“Сонгдо байхад Солонгос яваад яахав” гэсэн яалаа

Солонгосын эмнэлэг нүүгээд ирчихсэн байхад тийшээ яваад юу хийнэ гэсэн санаагаар дээрх үгийг хэлсэн биз. Энэ үг ихэд түгсэн дээ. Дээхнэ “Манжин байхад махаар яахав” гэдэг хэлц үг байсансан. Махассан нэгэн хорхойгоо дарахын тулд хэлсэн юм болов уу даа. Хэдийгээр үл тоомсорлох дүр эсгэсэн ч, нэг л хүсэмжилсэн шинж мэдрэгдээд байдаг юм.  Түүнтэй л адилхан юм болох шив. ЭМШУИС-ийн бааз эмнэлэг барихаар товлосон газрыг тухайн үеийн удирдлагууд нь өнөөгийн Сонгдо эмнэлгийн “нууц ноёнтон”-уудад сэм өгснөөр бөөн шуугиан дэгдсэн ч, яагаад ч юм тэгсхийгээд намжиж билээ. Сөүлийн их сургуулийн дэргэдэх Сонгдо эмнэлгийн салбар Монголд бий болох гэж байхад төвөг гэж бодоо биз. Солонгост оношлуулж, эмчлүүлэхээр хөвөрч асан хүн хийгээд валютын их урсгалыг зогсоодоггүй юм гэхэд, бага боловч сааруулж мэднэ хэмээн төлөвлөсөн ч байж болох. Эмнэлэг ч босдгоороо босч, хамгийн орчин үеийн багаж, техникээр өвч зэвсэглэсэн тэдний эмч, мэргэжилтнүүд ирсэн юм. Монголчууд анхандаа ёстой л “балин” дээр суусан батгана мэт шавсан даа. Төлбөр нь Солонгос дахь эмнэлгийнхээс талаас илүү хувь бага байсан нь ч нөлөөлсөн биз. Тэгээд ч гадныхныг шүтдэг монгол араншин бас бий. Ийм л олон шалтаг, шалтгаанаар дээрх эмнэлэг жил гаруйн хугацаанд талын монголчуудад эмнэлгийн тусламж үзүүлсэн удаатай. Уг нь ч хоёр сая орчим төгрөгтэй байхад бараг бүх шинжилгээ хийлгэж дөнгөнө л дөө. Одоо ч тийм. Солонгос мэргэжилтнүүд нь богино хугацаанд манай эмч нарыг орондоо бэлдчихээд нутаг руугаа арилаад өгсөн нь эл эмнэлгийн нэр хүндийг унагачихав аа. Мөнөөх аппарат, багаж хэрэгслийнх нь ард монгол хүн суучихгүй юу. Ингээд л төрөлхийн хартай манайхан нүүрээ буруулж эхэлсэн дээ. Солонгос руу “урсаж” гарав. Валют нь ч бас. Очих, ирэх зардал хоол, байрны мөнгө, дээр нь оношилгоо, эмчилгээний хөлс гээд л хэдэн зуун саяар хийснэ биздээ. Очоод үзүүлэхээр ямарч ялгаа байдаггүй ч, гадаадад, тэр дундаа Солонгост оношлуулж, эмчлүүлсэн гэхээр сэтгэл нь жаал тэнийдэг бололтой. Ганцхан жишээ татъя. Монгол дахь Сонгдо эмнэлгийн рентгений тасагт ЭМШУИС-ийн багш, Нэгдүгээр эмнэлгийн Рентгений тасгийн эрхлэгч асан, АУ-ны доктор, профессор, манайдаа л ноймер нэг гэгддэг Д.Гончигсүрэн эмч ажилладаг юм. Нутаг нэгтнүүд нь түүнд итгэсэнгүй. Бид их хачин сэтгэхүйтэй улс аж. Адилхан аппаратын ард солонгос хүн суухаар болдог, Д.Гончигсүрэн суувал болдоггүй юм байна. Үнэн хэрэгтээ Д.Гончигсүрэн түүнээс хавьгүй илүү нь мэдээж. Тэгтэл тэгдэггүй шүү. Ийм этгээд юм бас байх уу? Аппарат яах вэ, ажилладагаараа ажиллаж, алагчлалгүй адилхан харуулдаг юм. Ард нь хэн суув гэдгээс их зүйл шалтгаалдгийг хэлэх хэрэгтэй. Тэнд ажиллаж буй манай эмч нар бүгд шилдгүүд гэдгийг ч дурдах нь зүйтэй байх. Дээрх эмнэлгийг нураах шахаж байсан зон олны хөл ширгэсэн Сэлбэ шиг татарчээ. “Сонгдо байхад Солонгос яваад яахав” гэсэн яалаа гэж асуухаас өөр арга олдсонгүй.  

Г.Мөнхнасан    

  .jpg","thumb":"s/n/s/n.jpg"}]

Сэтгэгдэл бичих