МАН гэнэт өрөө төлсөн нь буюу С.Батболдын мөнгөн бороо

Улс төрийн ууган хүчин болох МАН Бага хурлынхаа босгон дээр буюу дөнгөж өчигдөрхөн бүтэн жил дамжиж, шүүхийн хаалга татахдаа тулахын өмнө Төрийн банкинд 280 сая төгрөгийн өрөө төлжээ. Банкийг дампууруулж, улс орны санхүүгийн системээр наадаж сурсан манай улстөрчдийн хувьд өрөө төлөх нь гайхалтай ховор үзэгдлийн нэгд ч тооцогдож мэднэ.

Хэн нэгэн, аж ахуйн нэгж байгууллагууд банкнаас мөнгө зээлэх нь энгийн үзэгдэл, эргүүлэн төлж буй нь сайшаалтай хэмээн та хэлэх биз. Тэгвэл энэ их мөнгийг МАН ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах Бага хурлынхаа өмнөх өдөр төлсөн нь анхаарал татаж байгаа юм.

Бид өмнө нь УИХ-ын гишүүн С.Батболд тус намын нууц хөзөр болж Бага хурлаас торохгүй торойж, улмаар ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх магадлалтайг мэдээлж байсан. Мөн С.Батболдын ерөнхийлөгчийн сонгуульд зарцуулах мөнгө буюу 45 тэрбумыг түүнтэй хэтэвч нэгтэй MCS, МАК, Петровис  гурван компани дундаасаа босгохоор болсныг мэдээлсэн юм.

Тэгвэл үүний баталгаа ч болж мэдэхээр нэгэн үйл явдал болсон нь дээрх МАН-ын их өр тэглэгдсэн явдал.

2012 онд тус нам УИХ-ын сонгуульд зарцуулах зардалдаа нийлүүлэхээр Төрийн банкнаас хүчээр 280 сая төгрөгийг гаруулж байсан гэх. Тухайн үеийн эрх баригчид Зоос банкыг дампууруулж Төрийн банкыг байгуулсан нь ч нууц биш. Тиймээс ерөнхий сайд байсан С.Батболд тэргүүтэй удирдлагууд нь дээрх мөнгийг Төрийн банкнаас ядах юмгүй гаргуулж, сонгуульд ялчихвал ямар ч аргаар хамаагүй зээлээ дарах төлөвлөгөөтэй байв.

Монголын улстөрчдөд байдаг л нэг араншин л даа. Улс төрийн ямар нэг шийдлийг мөнгөөр гүйцэтгэж, түүндээ банкуудыг хүчээр татан оролцуулж, хүссэн үедээ дампууруулж, банк санхүүгийн системээ хөнжилдөө хутгаж суудаг байдаг л нэг дүр төрх.

2012 оны УИХ-ын сонгууль хаашаа эргэснийг та мэдэж байгаа. С.Батболд тэргүүтнүүд ялагдаж, монголын ард түмэн тэднийг сөрөг хүчний суудалд илгээсэн юм.

Төрийн банк ч магадгүй эргэн төлөгдөх найдваргүй болох байсан зээлээ Ардын намаас нэхэж эхэлсэн байдаг. Өнгөрсөн нэгдүгээр сард Төрийн банкны захирлаар томилогдсон Д.Батсайхан ажлаа авмагц МАН-аас зээлээ төлөхийг нэхэж эхэлжээ. Гэвч луу унжиж, элдэв үг хэлээр аргацаасаар МАН зээлээ төлөөгүй учир Д.Батсайхан захирал арга тасран шүүхэд өгөхөөр шийдсэн гэдэг.

Харин өчигдөр МАН огцом шийдвэр гаргаж Төрийн банкинд өрөө төлсөн явдал магадгүй С.Батболд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр болж, MCS, MAK тэргүүтнүүд түүнийг идэвхтэй дэмжиж буйтай амин холбоотой ч байж мэдэх. 

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд нь сөхөгдөж магадгүй элдэв мөнгө төгрөгийн асуудлуудыг ийнхүү С.Батболд дор нь шийдэж байна. Үүнээс үзэхэд МАН сонгуулийн санхүүжилтээ олдог арга барилаа өөрчилсөн нь ажиглагдаж байна. Банк, санхүүгийн системийг түшиглэн элдэв аргаар санхүүжилтээ олдог байсан бол энэ удаа ашиг сонирхол нэгтэй улс төр эдийн засгийн томоохон бүлэглэлүүдийг сонгожээ.

Гэхдээ эцсийн сонголтыг өнөөдөр МАН-ын бага хурлаар гаргана. Бага хуралд хэчнээн мөнгө төгрөгтэй ч С.Батболд өрсөлдөгчгүй тодрох нь юу л бол. С. Батболдын сургаар Б.Бат-Эрдэнэ гишүүн нэрээ татах чимээ гарч байгаа ч Д.Оюунхорол гишүүн жендерийн асуудлаар түрий барьж хүч үзэхээр шийдчихсэн, зангарагтай улстөрч Ө.Энхтүвшинг дэмжих бага хурлын гишүүд цөөнгүй зэргээс шалтгаалаад нөхцөл байдал хаашаа ч эргэж мэднэ.

Гэвч МАН-д Ардчилсан намаас дутагдаж явдаг нэг муу шинж байдаг. Тэд хэзээ ч олонхийн саналаар томоохон асуудлыг шийдэж байгаагүй бөгөөд удирдах зөвлөлийн хүрээнд тохиролцсон асуудлаа өөр хувилбаргүйгээр зохицуулж сурсан нам юм.

Гэнэт гарч ирсэн С.Батболд уу, аль эсхүл...

Н.Умард

 

  //

  //

  // .jpg","thumb":"s/n/s/n.jpg"}]

Сэтгэгдэл бичих