Хэцүү үед ачааны хүндийг үүрдэг хүн

Ө.Энхтүвшин бол МАН-ыг дандаа ялагдаж, царай алдсан хэцүү үед ачааны хүндийг үүрч ирсэн лидер. 1996 оны парламентын сонгуулиар МАХН үсгүй арчуулж, Цагаан ордны уяан дээр багширч байдаг хүн, машин сураггүй алга болоход Б.Даш-Ёндон дарга анх удаа улс төрийн соёл гарган суудлаа шинэ үеийнхэнд чөлөөлж өгсөн билээ. Тэгэхэд нэгэн үеийн Н.Энхбаяр намын даргаар сонгогдож, Ө.Энхтүвшин нарийн бичгийн дарга болсон. Харин талийгаач Л.Энэбиш гуай залуучуудад түшиг болж, ерөнхий нарийн бичгийн даргын алба хашсан. Удалгүй М.Энхболд удирдлагын эгнээнд орж ирснээр МАХН-ын дөрвөн “Э” хэмээн яригдах болсон юм. 1996-2000 оны УИХ-д МАХН идэвхтэй сөрөг хүчний байр суурь эзэлж, хориглолтоос давшилтад шилжсээр 2000 онд үнэмлэхүй ялалт байгуулж чадсан. Засгийн эрх барьсан МАХН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Энхбаяр Мянганы замын бүтээн байгуулалт, газар хувьчлал, бүсчилсэн хөгжил, их өр тэглэсэн зэрэг томоохон зорилт дэвшүүлэхдээ Ө.Энхтүвшингийн бодлыг ямагт сонсдог байсан гэдэг.

2000 онд МАХН үнэмлэхүй ялалт байгуулж, УИХ-д сөрөг хүчингүй шахам олонх боллоо. Гэвч намын дотоодод нэг аюулт өвчин тахал мэт тархаж эхэлсэн. Энэ бол Ө.Энхтүвшингийн ихэд цээрлэдэг “зазнайство партий” гэдэг өвчин. Энэ өвчний гол шинж нь нэг хүний эрх мэдэл тасралтгүй өсч, тэнгэрийн амьтан мэт хуурмаг төсөөлөлдөө өөрийн мэдэлгүй автан, ямар ч хяналтгүй байхыг улам бүр хүсэмжлэх болно. Түүнийг тойрон хүрээлэгчид амжилтыг нь байнга дэвэргэж, эзний эрх ашигт үйлчлэх  хүний нөөц, зохион байгуулалт, үзэл суртлын хүчирхэг машиныг бий болгон, өөрсдийн үзэл бодлоо ард түмнийх мэт ойлгуулахыг оролдох явдал юм.

Ийнхүү дөрвөн жилийн дараа МАХН парламентын суудлын тал хувиа алдаж, намынхаа олон түмэнтэй ажиллахаас илүүтэй АН-тай хамсарч албан тушаал хуваарилах, хэн хэндээ түвэг багатай амьдрахыг чухалчлах болсон нь Ө.Энхтүвшингийн эгдүүцлийг төрүүлсэн юм. Бүр АН-ын тодорхой хэсэгтэй нийлж, Монголын Ардчилсан Хөгжлийн Нам (МАХН) байгуулах тухай явцуу хүрээнд ярилцаж байсан нь ч нууц биш. Ийнхүү тэрээр 2004-2005 онд “Ардчилал, шударга ёс, уламжлал, шинэчлэл” жигүүрийг байгуулан толгойлж,  намаа авч үлдэх талаар шаргуу тэмцэж байсан билээ.

Одоо бас МАН-д хэцүүхэн даваа тулгараад байна. Өнгөрсөн парламентын сонгуульд ялагдсан МАН-ын дарга С.Батболд, ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх хоёр огцорч, эрхэм гишүүний сэнтийд заларсан нь сохорсон биш завшив гэгч болж, ачааны хүндийг аанай л Ө.Энхтүвшин үүрч үлдсэн. Тэр МАН-ын шинэчлэл гэдгийг  үзэл онолоо өөрчлөх, нэртэйгээ зууралдахын нэр биш гэж үзэж байна. Арга ч үгүй биз, иймэрхүү тулга тойрсон зайнд эргэлдсээр байгаад энэ нам задарсан, эрх баригч байр сууриа алдсан гашуун сургамжийг хашир улстөрчийн хувьд тэрээр анзаарчээ. Иймээс намынхаа шинэчлэлийг хийхийн тулд үзэл бодол, итгэл үнэмшлээ дагасан эв нэгдэл, нягтралд тулгуурлах, эрх ашгийн зохистой эрэмбийг хангах, үе үеийнхний жам ёсны залгамж холбоо, нэгдэл зохицлыг бататгах, ил тод, нээлттэй илэн далангүй байх зэрэг есөн зарчмыг ягштал мөрдөж ажиллах учиртайг дэвшүүлсэн.

Гадаад ертөнц дэх цагийн ороо бусгаа байдлын талаар ч МАН-ын дарга санаа тавьж байгааг нь дэлхийн улстөрчид үнэлдэг. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ айлчлалынхаа дараа МАН-ын дарга Ө.Энхтүвшинд цахилгаан ирүүлсэн байна. Уг цахилгаанд “Саяхан Монгол Улсын Засгийн газрын урилгаар танай улсад хийсэн айлчлалын үеэр эрхэмсэг ноён Та болон Монголын ард түмэн намайг халуун дотно хүлээн авсанд чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Энэ удаагийн айлчлалын үеэр Тантай Япон, Монгол хоёр орны харилцааны талаар санал бодлоо солилцсон уулзалт маань ач холбогдолтой болж өнгөрсөнд туйлын сэтгэл хангалуун байна. Энэ уулзалтаар дамжуулан Монголын аль ч улс төрийн нам Япон улсыг чухалчилж буй баттай байр суурьтай байгааг мэдэрлээ” гэжээ.

Мөн БНАСАУ-ын удирдагч буюу Хөдөлмөрийн намын нэгдүгээр нарийн бичгийн дарга, Цэргийн төв хорооны дарга эрхэмсэг ноён Ким Чен Унд захидал бичсэнээ, Солонгосын хойгийн байдал биднийг харсаар суутал хүндэрч байна. Энэ нь цаашаа явсаар онц ноцтой хямралт байдал үүсч болзошгүй аюул тулгарах нь. Ийм цаг үед зүгээр суугаад байж болохгүй шүү дээ. Дайн болох нь уу, яах бол гээд идэвхгүй ажиглаад байж болохгүй. Тэр тусмаа бид бүгдээрээ Зүүн Хойд Азийн бүс нутагт багтдаг гэсэн нь аргагүй л зангарагтай улстөрчийн үг.

Монгол Улсын Их Хурлын гишүүнээр дөрөв дэх удаагаа сонгогдож, Засгийн газрын ХЭГ-ын дарга, БСШУ-ны сайд, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга зэрэг нэр хүндтэй, хариуцлагтай албыг хашиж, 2012 оны долдугаар сараас эхлэн МАН-ын даргаар сонгогдон ажиллаж байна. Сүүлийн үед түүний анхаарал татсан үг бол “Ардын нам Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдах ёсгүй” гэсэн юм.

 Х.Баатар

  //

  // .jpg","thumb":"s/n/s/n.jpg"}]

Сэтгэгдэл бичих