Сагсан бөмбөгийн шигшээ багийнхан удахгүй Солонгосыг зорино

Зүүн Азийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах III тэмцээний сугалаа 2013.04.30-ны өдөр явагдсан. Монголын шигшээ баг тэмцээний “B” хэсэгт БНХАУ, Хонг Конгийн шигшээ багтай таарсан байна. Харин тэд энэ өдрүүдэд МҮОХ-ны дэргэдэх олимпийн анагаах ухааны төвд байрлан бэлтгэл сургуулилтаа эрчимжүүлэн хийж байгаа юм. Сагсан бөмбөгийн шигшээ багийнхан энэ сарын 13-ны өдөр Солонгосыг зорино. Зүүн Азийн АШТ-д оролцох 8 багийг А, В гэсэн хоёр зоонд хуваажээ. “А” хэсэгт Макао, Япон, Солонгос, Тайвань гэсэн орны багууд сугалаа таарчээ. Манай тамирчид энэ сарын 16-ны өдөр орон нутгийн цагаар 18:00 цагт эхний тоглолтоо Хонконгтой хийх аж.

Зүүн Азийн АШТ 5-р сарын 15-21-ний өдрүүдэд БНСУ-ын Инчонд болно. Харин БНАСАУ-ын сагсан бөмбөгийн армийн шигшээ багийнхан энэ сарын 5-ны өдөр Монголд хөл тавихнээ. Тэд манай улсын шигшээ багтай 7 хоногийн хугацаанд хамтарсан бэлтгэл хийгээд 1-2 нөхөрсөг тоглолтонд оролцоно. Солонгосын багийг Монголд ирж хамтарсан бэлтгэл хийх бүх л зардлыг МУ-ын ерөнхийлөгчийн тамгын газар, МСБХ хариуцан ажиллаж байна. Цаашид манай улсын шигшээ багийг БНАСАУ-ын зүгээс нутагтаа урих төлөвлөгөөтэй байгааг мөн дуулгалаа. Сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчдын нэрсийг танилцуулбал: Санчир, Одбаяр, Болортулга, Сайнбаяр, Азбаяр, Бадрах, Баттөр, Батжавхлан, Билгүүн, сэргэлэн, Дэлгэрням, Ууганбаяр, Мөнхбаяр, Отгонмөнх, Золжаргал, Өрнүүнбилэг. Тамирчдыг дасгалжуулагчаар шигшээ багийн ахлах дасгалжуулагч Баярцогт, туслах дасгалжуулагч Амаржаргал, Лүүк Симонс нар Зүүн Азийн АШТ-ийг зорих юм.