Монгол Улс ирэх сараас Сиритэй адил хар жагсаалтад багтах нь

Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага /FATF/ 2011 онд Монгол Улсад нэгэн хатуу сануулга өгсөн юм. Тодруулбал, манай улс “Стратегийн томоохон дутагдалтай орон” болсон бөгөөд олон улсын индексээр саарал жагсаалтад /хар жагсаалтын өмнөх үзүүлэлт/ орсон байна. Монгол Улсыг энэ дутагдлаа засч, саарал жагсаалтаас гарахад дэлхийн санхүүгийн тэргүүлэх байгууллагууд багагүй ажил хийсэн. Харин манайх тэдгээрийг тусгаж авсан ч хэрэгжүүлээгүй. ОУВС, Дэлхийн банк, НҮБ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага, APG /Ази, номхон далайн орнуудын мөнгө угаахтай тэмцэх бүлэг/ зэрэг байгууллага манайд 2011 оны албан ёсны сануулгаас хойш техникийн туслалцаа үзүүлж эхэлжээ.

Тэд FATF-тай тохиролцсон арга хэмжээний хүрээнд Монголын эрх баригчдыг дөрвөн гол хуульд өөрчлөлт оруулахыг шаардсан байна. Тэгэхдээ Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль, Мөнгө угаах болон терроризмтэй тэмцэх тухай хууль, Терроризмын эсрэг хуульд өөрчлөлт оруулахыг зөвлөсөн байгаа. Харамсалтай нь  өнгөрсөн гурван жилийн хугацаанд эдгээр зөвлөмж биеллээ олсонгүй.­ Тухайлбал Монгол Улс терроризмтой тэмцдэггүй орны жагсаалтад яагаад багтав. Энэ нь тийм нарийн ухагдахуун агуулдаггүй юм билээ. Өөрөөр хэлбэл, манайх терроризмтой тэмцдэггүйдээ гол нь биш, аливаа гадаад, дотоод мөнгөн гүйлгээнд тавьдаг хуулийн хяналт нь маш сул, ер нь энэ төрлийн заалт Терроризмтой тэмцэх тухай хуульд байдаггүй учраас FATF-ын хар жагсаалтад ороход ойртсон гэсэн үг. Гэтэл Терроризмын эсрэг хуулийг 2004 оны дөрөвдүгээр сард баталснаас хойш огт гар хүрээгүй ажээ.

Тиймээс л Монгол Улс терроризмыг санхүүжүүлж болзошгүй, эрсдэл өндөртэй орны тоонд багтсан байна. Хамгийн гол нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 5.1.2-д 20 сая төгрөг /түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют/ буюу түүнээс дээш үнийн дүнтэй гүйлгээ хийхийн өмнө харилцагчийн мэдээллийг шалгах заалт бий. Гэвч Монголбанкнаас санхүүгийн байгууллагуудад хийсэн шалгалтын явцад энэхүү заалт тэр бүр хэрэгждэггүй нь илэрчээ. Түүнээс гадна 20 сая төгрөгийн гүйлгээг 2006 оны санхүүгийн зах зээлийн үзүүлэлттэй харьцуулахад түгээмэл болсон гэдгийг эдийн засагчид анхааруулдаг. Яагаад гэвэл энэ хуулийг 2006 онд баталснаас хойш бас л салхи оруулалгүй байсаар өнөөдрийг хүрсэн байна.

Ер нь FATF-ын хар жагсаалтад орлоо гээд эрсдэл нь юу юм бол гэдгийг хүн бүхэн сонирхдог. Тэгвэл өнөөгийн байдлаар хар жагсаалтад Куба, Болив, Этиоп, Гана, Индонез, Кени, Мъянмар, Нигер, Пакистан, Турк, Сири, Танзани зэрэг орон багтжээ. Харин хар жагсаалт дотроо хамгийн эрсдэлтэй буюу цөмийн зэвсгийг санхүүжүүлэх, түгээх зорилготой орнуудад Иран, Хойд Солонгос орсон байна. Үүнээс харахад дотоод үймээн, улс төрийн явцуу бүлэглэлүүд, шашны тэрс үзэлтнүүдийн байнгын мөргөлдөөн, эдийн засгийн доройтол, хууль бус наймаанаас олсон орлогоор төсвөө бүрдүүлдэг улсууд хар жагсаалтад ихэнхдээ багтдаг аж. Мэдээж хар жагсаалтад орсон орнуудын гадаад худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагаа маш бага, зарим тохиолдолд тэг хувьтай байдаг гэдгийг FATF-ын тайлангаас харж болно. Мөн гадаадын аливаа гүйлгээг шалгах, хянах, эх үүсвэрийг нь тодорхойлоход багагүй хугацаа зарцуулж, ихээхэн чирэгдэ учруулна. Олон улсын чанартай эдийн засгийн томоохон арга хэмжээнүүдэд хар жагсаалтад орсон улсуудын үүрэг тун өчүүхэн байдаг нь бас нэг саад болдог.

Тэгэхээр сар хүрэхгүй хугацааны дараа Монгол Улс эдгээр оронтой нэг жагсаалтад багтах дээрээ тулсан болохоор гадаадын хөрөнгө оруулалт, санхүүгийн харилцаанд дулдуйдан эдийн засгаа сэргээж байгаа манайд энэ нь яаж нөлөөлөхийг хэн ч хэлж үл чадна. Уг нь өнгөрсөн хугацаанд FАTF болон зөвлөгч байгууллагуудаас өгсөн анхааруулга, зөвлөмж нь санхүүгийн бүтцээ ул үндсээр нь солих биш, зөвхөн зохих хуульд хэдхэн заалт оруулж, хяналтын системээ боловсронгуй болгоход л чиглэсэн гэдгийг Монголбанкнаас мэдэгдэж байсан.

Хачирхалтай нь УИХ, Засгийн газраас энэ асуудалд анхаарал тавихгүй цагийг нь тулгав. Монголбанкнаас энэ саналыг удаа дараа оруулсан ч үл ойшоожээ. Энэ парламентын хоёр дахь чуулганы нүүр үзэж буй энэ асуудлыг хаврын чуулганаар, зургаадугаар сарын 1-нээс урьтаж хэлэлцэн шийдвэрлэхгүй бол хар жагсаалт “... Сири, Танзани, Монгол” гэж үргэлжлэх нь тодорхой боллоо.

Д.Амар

 

//

Сэтгэгдэл бичих