Хойд Солонгост АНУ-ын иргэн 15 жилийн ял эдлэх болов

Хойд Солонгосын тал АНУ-ын иргэншилтэй Бае Жун Хо буюу Кеннэт Бае хэмээх залууд чанга дэглэмтэй хорих ангид 15 жилийн ял оноосон байна. Энэ тухай Хойд Солонгосын тал дөрөвдүгээр сарын 30-нд АНУ-д мэдэгдэн ялыг баталжээ. Ял шийтгүүлсэн залуу өнгөрсөн онд Хойд Солонгост аялалаар очсон ажээ. Харин Пхеньянаас түүнийг засгийн газрын эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэмээн буруутгаж байгаа. Энэ тухайд Хойд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “Ноён Баетай холбогдох хэрэг аль хэдийнэ шийдэгдсэн тэр Хойд Солонгосын засгийн газрын эсрэг гэмт хэрэгтэн мөн” хэмээн бичиж нийтэлж байгаа юм. Түүнчлэн энэ ялыг заавал биелүүлэх ёстой хэмээн заасан байна.

Ноён Бае одоо 44 настай бөгөөд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Хойд Солонгос болон Хятадын хилийн орчмын Расон хотоор аялж байх үедээ баривчлагдсан. Хойд Солонгос АНУ хоёрын хооронд цөмийн туршилт хийх тухай яриагдаж эхэлсэн цагаас байдал нэлээд хурцадмал шинжтэй болж ирсэн. Үүнээс ч өмнө Хойд Солонгосын тал хэд хэдэн америк хүнийг баривчилсан бөгөөд тэдний дунд сэтгүүлч хүн ч бас байсан юм. 2009 онд сэтгүүлчдийн асуудлаар АНУ-ын ерөнхийлөгч асан Билл Клинтон Хойд Солонгост өөрийн биеэр очиж баривчлагдсан хүмүүсийг суллуулах, солилцох гэрээ хийж байсан удаатай.

Эдгээр асуудлаас гадна Хойд Солонгосын тал АНУ болон Өмнөд Солонгосын талтай хамтран тэнгисийн цэргийн хамтарсан бэлтгэл хийсэнд нэлээд эгдүүцэлтэй хандаж байгаа. Энэ сургуулилт эхлэх үеэр Хойд Солонгосын тал Өмнөд Солонгостой дайн зарлаж гал зогсоох хэлэлцээг дуусгасан. Түүнчлэн Солонгосын хойг дахь Кесоны аж үйлдвэрийн бүсийг хаасан юм. Харин одоо Кесонд Өмнөд Солонгосын долоон хүн байгаа бөгөөд тэдгээрийг барьцаалсан байж болзошгүй хэмээж байгаа.

Х.Төгөл

 

Сэтгэгдэл бичих