“Анти-Энхбаяризм” хэмээх хэлмэгдүүлэлтийн хий үзэгдэл төрийн байгууллагад халдварлав

Эрүүл мэндийн салбар бол улс төржиж болохгүй эмзэг салбар юм. Сүүлийн жилүүдэд энэ салбарыг хэт улс төржүүлж, мэргэжлийн бодлого, удирдлагыг алдагдуулж, улс төрчдийн нөлөөнд хэт автуулснаас  ЭМЯ-наасаа эхлээд сум, өрхийн эмнэлгээ хүртэл улс төрийн байгууллага шиг ажиллах болсон нь нууц биш юм.

    Харин Эрүүүл мэндийн сайд Н.Удвал зөвхөн мэдлэг чадварыг нь гол шалгуур болгон урьд нь ажиллаж байсан газар хэлтсийн дарга нараас Санхүү хөрөнгө оруулалт, Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга нараас бусад бүх дарга нарыг нь газар хэлтсийн даргаар ажиллуулж байгаа билээ. Дээрх хоёр газрын даргыг чөлөөлсөн нь сүүлийн жилүүдэд ЭМЯ-ны хөрөнгө оруулалт, бодлого төлөвлөлт замбараагүй явж ирсэнтэй холбоотой ажээ
    Одоо эмнэлгийн дарга нараа чадвартай жинхэнэ ажил хийх хүмүүсээр тавих гэсэн хүчин чармайлт нь тагнуул, цагдаагийн нэрийг барьж дарамталсан дарамтаас эхлээд улс төрчдийн зүгээс ирэх шахалттай тулгарч байгаа юм байна.
Шинэчлэлийн засгийн газар эрч хүчтэй ажиллаж хамгийн хэл амтай энэ салбарт суурь шинэчлэлийн бодлого хэрэгжиж нааштай өөрчлөлт гарч эхэлж байгаа энэ үед энэ яаманд хамт олныг нь хагалан бутаргах, үйл ажиллагааных нь эрчийг сулруулах, улмаар шинэчлэлийн бодлогод нь саад учруулах ажлууд эрчимтэй хийгдэж байна.
Сайдтайгаа уулзсан, сайдын даалгавараар төрийн ажил хийсэн газар, хэлтсийн дарга нар, мэргэжилтнүүд яамны удирдлагын зүгээс ирэх ажлын байрны дарамт шахалтанд байнга өртөх болж төрийн ажлын дэг жаяг алдагдаж тэр байтугай “Сайнаа үзэхгүй шүү. Нус нулимстайгаа холилдов оо” гэсэн заналхийлэлд өртөх нь энүүхэнд болжээ. Яамныхан энэ дарамтаас болоод сайдын өрөө рүү орохоос айдаг болжээ. Сүүлдээ энэ яам хэдэн сайдтай юм бэ? алийг нь дагах вэ гээд ацан шалаанд орсон гэнэ.
Удвалыг унагаад чи оронд нь сайд болооч гэх ятгалга, хагалан бутаргах үйл ажиллагаа явагдаж эхэлжээ. Сайдын ажил сайжруулахаар тавьсан шаардлага, санал бүрд эмзэглэж зарим нь “ хүн төрдөг юм, үхдэг юм, хувь заяа муутай нь ингэж байгаа юм, яамны ажил биш” гэх ухааны юм ярьж эсэргүүцэх болжээ.
    Ерөнхий сайдыг төөрөх үед Улсын онцгой комисс хуралдаж ЭМЯ эмнэлгийн яаралтай тусламжийн багийг 40 минутын дотор гаргах болжээ. Гамшгийн штабын дарга, орлогч болох төрийн  нарийн бичгийн дарга, орлогч дарга нар нь утсаа авахгүй байсан байна. Азаар нэг хэлтсийн даргатай холбогдож шуурхай арга хэмжээг цагт нь авч чаджээ. Өглөө нь сайд яамны удирдлагуудыг цуглуулж энэ тухай мэдэгдэж газар хөдөлсөн, олныг хамарсан гамшиг гарсан бол яам  бэлэн биш байна гэж тэднийг зэмлэжээ.
      Өчигдөрхөн яамны цөөн хүмүүсийн захиалгаар сайдаа баалсан нэгэн төлбөртэй нийтлэл гарсан нь нуухыг нь авах гэж байгаад нүдийг нь сохлов гэгчийн үлгэр болжээ. Хамгийн гол нь энэ төлбөртэй нийтлэлд “Удвалд эрүүл мэндийн салбар чухал уу, Энхбаяр чухал уу” , “Эрүүл чийрэг Монгол хүн хөтөлбөрийг ганцхан Энхбаяр дээр хэрэгжүүлчихсэн байх вий дээ” , “Шинэчлэгдээд байгаа зүйл Энхбаярыг 2-р эмнэлэгт хэвтүүлсэн гэхээс өөр нэрлэх юм даанч алга “ гэх мэт дэндүү танил, гарал үүсэл нь дэндүү тодорхой зүйл бичсэн нь яамны дотор тэнүүчлээд байсан хий үзэгдлийн учигийг нь тайлж , учрыг нь олоход тус болжээ.
       Урьд нь байсан эрхэмүүдийн элгээр нь хэвтүүлсэн салбарыг эмхэлж авахын төлөө Удвал сайдын хөдөө хотгүй амрах чөлөөгүй хөндлөн гулд давхиж өөрийнхөө баг, салбарынхаа хамт олон, иргэдтэйгээ хамтран уухайлан эхлүүлсэн ажлууд нь урагштай болсноор “Энхбаярын сайд уу, эрүүл мэндийн сайд уу” гэсэн бөөсний онигоог санагдуулам улс төрийн хар пиар үнэнд гүйцэгдэж  үнс мэт хийссэн билээ.
Монголчуудыг хагалан бутаргаж, нэгийг нь нэгээр нь барьж идүүлж мөхөөдөг харийн бодлогын үр дагавар болж оройгоосоо эхэлсэн “Анти-Энхбаяризм” хэмээх хэлмэгдүүлэлтийн хий үзэгдэл одоо төрийн байгууллагад халдварлаж монгол төрийг сульдааж эхэллээ. Эмзэг цэг нь олдсон юм байна, эмчлэх арга нь олдох байлгүй дээ.
Сайдад хаяглаж яамны газрын дарга нараас нь “ ... ажлын байрны дарамт хирээс хэтэрч, яамны удирдлагын зүгээс гаргах ёс зүйгүй хандлагад өртөж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх эрхээ эдэлж чадахгүйд хүрээд байна. ... төрийн ажлыг хэвийн явуулах ажлын нөхцөл бүрдүүлж өгөхийг сайд Танаас хүсч байна “ хэмээсэн өргөдөл иржээ. Сайд өргөдлийг авч үзээд өөрийнх нь улс төрийн байр сууринаас болж яаманд нүүрлээд байгаа хагалан бутаргах үйл ажиллагааны хор хөнөөлд өртсөн төрийн албан хаагчдаас уучлалт гуйж холбогдох арга хэмжээг авахаа илэрхийлэх гэж байгаа тухай албан бус эх сурвалж мэдэгдэв.     
 

Эх сурвалж: www.aravt.mn

Сэтгэгдэл бичих